АН ЖДҮХС-гийн асуудлыг дахин оруулж ирнэ гэв
Хоёр сар орчим гацсан УИХ-ын хэлэлцэх асуудал овоорчээ. Өчигдрийн нэгдсэн чуулганаар олны анхаарлыг татаж буй УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бий болгох хуулийн төслийг хэлэлцсэн.
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс тус төслийн “зэс нь цухуйж” эхлэв. Өөрөөр хэлбэл, уг хуулийг баталсан ч, үндсэн хуулийн цэц дээр очих магадлал бий аж. Энэ талаар Л.Энх-амгалан гишүүн “Энэ хуулийг батлаад ҮХЦ дээр очих магадлал өндөр. Тийм тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ. Өргөн барьсан Ерөнхийлөгч буруудах уу, баталсан УИХ хариуцлага хүлээх үү, дэмжсэн Засгийн газар асуудалд орох уу. Гишүүд дэмжээд хуулийг баталж, УИХ-ын даргыг огцрууллаа гэхэд дараа нь буруу хуулиар огцруулсан гэдэг асуудал үүснэ” гэсэн юм. Харин гишүүд түүний сануулгыг үл ойшоолоо. УИХ-ын хаврын чуулганы үеэр мөн ийм явдал болж байв. Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарласан тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр Д.Лүндээжанцан гишүүн үндсэн хуулийн зөрчилтэй тогтоол батлах гээд байна шүү хэмээн сануулсаар байтал гишүүд “нүдээ аньж” яаран сандран баталсан нь Цэц дээр унасан. Энэ удаад ч хуулийн төслийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед Д.Лүндээжанцан гишүүн “Хууль чинь буруудаад Цэцээр хэлэлцэх бол би лав очихгүй шүү” гэж ундууцаж байсан юм. Ийн гишүүд үндсэн хуулийн зөрчил байгааг сануулж байна. Уг нь Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийн үзэл баримтлалд тус хуулийг үндсэн хууль болон нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцэд нийцсэн гэж танилцуулсан юм.
Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Ж.Мөнхбат гишүүний гаргасан санал дээр гишүүдийн байр суурь зөрөлдсөн. Тэрбээр уг төслийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ-ын даргыг нийт гишүүдийн гуравны хоёроор огцруулдаг байх саналыг оруулсан боловч байнгын хороо дэмжээгүй юм. Анхны хэлэлцүүлгээр ч дэмжсэнгүй. Харин төслийн хоёрдугаар зүйлийг хасах С.Бямбацогт гишүүний саналыг 76.0 хувь нь дэмжсэн юм. Тэр нь “хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө” гэсэн заалт юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Дэгийн дагуу ирэх долоо хоногт байнгын хороо хэлэлцэж, чуулганаар батлах төлөвтэй байна.
УИХ-ын чуулганаар хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал нь ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн зөв бурууг дэнслэх түр хороо байгуулах тогтоол байлаа. Гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар тус тогтоолын төслийг өнгөрсөн оны 11 дүгээр сард өргөн бариад байсан юм. Үүнтэй холбогдуулж зарим гишүүд “60 тэрбумтай холбоотой хэргийг шалгах түр хороо байгуулах гээд өчнөөн сар болж байхад хоёрхон сарын өмнөх тогтоол дараалал дайраад орж байгаа нь УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг дураараа баталдгийг харуулж байна” гэж барьцсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд хороо гэж миний тэргүүлдэг хороогоор сангийнх нь асуудлыг ярьж яагаад болохгүй байгаа юм бол. ЖДҮХС-гийн зээл олгох эрхийг өөрчлөх хуулийн төслийг боловсруулаад хоёр жил болж байна. Хэн ч санал өгөөгүй” гэсэн юм. Төсөл санаачлагч Н.Номтойбаяр “Ийм хороо байдгийг өнөөдөр л мэдэж байна” гэсэн нь Ж.Ганбаатар, өмнө нь тус дэд хорооны дарга байсан Х.Болорчулуун нарын дунд дэд хороо ажлаа хийдэг эсэх тухай гурвалжин хэрүүл үүсгэв.
Эцэст нь УИХ-ын гишүүдийн олонх ЖДҮХС-гийн хэргийг парламент шалгах шаардлагагүй гэж үзэн тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Ингэснээр тогтоолын төсөл хууль санаачилсан зургаан гишүүн рүү буцлаа. Үүний дараа З.Нарантуяа гишүүн сөрөг хүчний зүгээс түр хороо байгуулах тогтоолын төслийг дахин санаачлахаа мэдэгдэв.
П.Батбөх
Засгийн газрын мэдээ
URL: