Төрийн сүлдэнд дэх морь амь орж үүрсмээр ХИЙМОРЬ
Найруулагч , жүжигчин Г.Эрдэнэбилэгийн “ХИЙМОРЬ” уран сайхны кино нээлтээ хийж бүх кинотеатруудаар гарч эхэллээ. Бүтэн гурван жилийн хүлээлт дагуулсан энэ кино зүрх тархины шүүлтүүрт ямархан мэдрэмж өгөх нь миний хувьд үнэхээр сонин байлаа.
Заримдаа хэт удаан хүлээлт айдас дагуулдаг болохоор кино нээгдэх тэр өдөр очиж үзэлгүй зугтмаар ч юм шиг тунирхуу бодол тээсээр очив оо. Гэвч үзсэн нь болжээ. Ийм кино хийх байсан юм бол өшөө удаан ч хүлээлгэсэн болохоор байж. Кино хүнд юу өгөх нь чухал байдаг. Зарим кино үзэгчийг огтхон ч уйдаахгүй атлаа кинотеатраас гараад явахад сэтгэлд юу ч тороогүй л байдаг.
Нөгөө зарим нь үзэгчдийн элгийг хөштөл инээлгэх атлаа хүнд яриад өгөх юмгүй үлдээх нь энүүхэнд. Сэтгэл мэдрэмжинд тунах зүйлгүй кино дахиж кинотеатр рүү зүглэх мэдрэмжийг тушиж орхидог гэмтэй.
Тэгвэл ХИЙМОРЬ…. Хийморь сэргээлээ. Төрийн сүлдэнд залагдсан амьгүй хөшүүн модон морь амь орон дүүхэлзэж хангинатал үүрсээд газар дэлхийг бөмбөрдөн давхих нь уу гэмээр ХИЙМОРЬ даллав. АТГАХААН ШОРООНООС ЭХ ОРОН ЭХЭЛДЭГ гэх киноны түлхүүр үгийн учир тайлагдав.
Монгол морь, монгол хүн, эх орон газар шороотойгоо хүйн холбоотой. Ерөөсөө л монгол хүн, монгол орон, монгол морь гурвын чандмань холбоо цусанд нь, хүйнд нь, сэтгэлд нь , сэрэл мэдрэмжинд нь хэрхэн холбоотой байдгийг унаганы зуулт хэмээх атгахаан зүйлээр тод томруун тайлбарлаад өгчихжээ.
Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэн гуайн “Хүрэн морь” хэмээх энэ алдарт найраглалаас кино бүтээнэ гэхээр жаахан үзэл сурталжсан юм байх болов уу гэсэн “басамжлал” ор сураггүй хийсэн одов.
Яаж ингэж атгахаан зүйлийг хорвоо ертөнцийн хүмүүний хүйн холбоо болтол томруулж задлаж, ширхэглэж, имэрч чаддаг юм бэ. Найруулагчийн ур гэж энэ үү. Ямар уран нарийн мэдрэмж вэ. Яаж үүнийг бодож олов. Гайхам. Хумхийн тоосыг хүртэл урлан бүтээгээд хэзээ ч мартамгүй болгож зүрх тархинд хадаж өгөх нь биш үү. Ийм нарийн мэдрэмж, ийм нарийн урлалыг чухам юу гэдэг юм бол. Зүрх тархи хоёрын дунд орших торгон утаснаас ч нарийн байж мэдэх тэр мэдрэмжийг хөглөөд хүний сэтгэлийг хөдөлгөнө гэдэг тэр болгон хүнд заяагаад байдаг юм бишээ…
Үүнийг юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Зүгээр л Г.Эрдэнэбилэг гээд хэлчихвэл онож мэдэх. Мэдрэмж, авьяасын чинь өмнө мэхийн ёслоё, Г.Эрдэнэбилэг ээ…
Киноны гол дүр морь. Гол дүр нь жижигхээн хүү. Гол дүр нь эх орон. Гол дүр нь газар шороо. Гол дүр нь хүн хүнээ залгамжлах хүйн холбоо. Гол дүр нь …Кино бүхэлдээ… дүр болгон, дүрс болгон гол дүр мэт. Яг түүндээ тохирсон хөгжим. Хөгжмийн тухай дурдахгүй өнгөрч боломгүй. Ийм хөгжимтэй кино Мандхай цэцэн хатан аас хойш байхгүй ээ. Мөрийцсөн ч алдахгүй.
Киноны шигтгээ нь Орос оронд болж буй дайн, эцэг хүний шаналал (ОХУ-с гавъат жүжигчин Василий Мищенко) Казак түмний ахуй, казак эцэг, түүний голомт залгах үр…үнэндээ бол хүн төрөлхтний хүйн холбоо… Сэтгэлийг минь хамгийн их хөдөлгөсөн хэсэг бол шаварт бүх биеээрээ шигдэж зөвхөн толгой нь ил гаран амь тэмцэн буй хүрэн морь. Хүрэн морийг шаварнаас гаргахдаа адуун сүрэг хурайлан давхих хэсэг. Туурайгаараа газар бөмбөрдөн дэл сүүлээ хийсгэн давхих адуун сүргийн хийморьт хөглөгдөн шаварнаас сугаран дүүхэлзэж гарах хүрэн морь. Ямар гоё зураглал, ямар гоё хөгжим гэж санана. Зураглаач найруулагч хоёрын мэдрэмж нийлнэ гэдэг тэр болов уу. Хийморь сэргэн сэтгэл уярч арьс бэржийх мэдрэмж.
Өдгөө улстөрийн балчиг намагт буй биеэрээ шигдэн тарчилж буй улс эх орон минь ийм хурай, ийм хиймориор л сэвхийтэл босоод ирэх юм шиг , босч ирээд хангинатал үүрсэн давхих юм шиг, төрийн сүлдэн дэх модон морь минь үүрсэн янцгааж газар дэлхийг эмхэрдэн одоо л нэг сэрэх, сэхэх юм шиг. Эх орон минь дэвжин өөдлөх юм шиг. Аргагүй л адуун хийморьтой улс шүү дээ гэмээр.
Магадгүй киноны гол зангилаа энэ болов уу. Яг энэ хэсэгт найруулагч Г.Эрдэнэбилэг өөрөө орж дүр бүтээсэн байна билээ. Зангилаа хэсэгт ерөнхий найруулагч орж ирж тамгалаж буй нь тэр. Гийнгоо, хурай хадаан монгол морьд гарааны зурхайгаас эргэхэд нулимсаа барьж чадахгүй хурайлан тосох монгол түмэн ХИЙМОРЬ киногоо хүлээв ав. Та энэ киног үзээд хийморь чинь сэргэж, нулимс чинь мэлтэрч эх орон юугаан улам хайрлан хамгаална гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
2019 оны хамгийн анхны дэлгэцийн энэ бүтээлээр монгол түмнээ ерөөсөн мэт, монгол морьны хиймориор сайн цагийг хурайлан дуудах мэт сэрэл мэдрэмж танд төрнө. “Энэ бол миний морь. Энэ бол миний эх орон. Эх орон , эмээлт хүлэгтэйгээ би хүйн холбоотой гэдгээ мэдсэн юм. Атгахаан шорооноос эх орон эхэлдэг ” . Киноны тайлал, дүгнэлт. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн энэ хүрэн морь ХИЙМОРЬ кино дэлхийн тавцанд давхих нь гарцаагүй ээ.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
URL: