Долдугаар сарын 1-ний хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүллээ

Цагдаагийн удирдлагуудад холбогдох долдугаар сарын 1-ний хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр шилжүүлжээ. Уг хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд сэргээн шалгаж дуусаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм.

Уг хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга, асан, хурандаа Ш.Батсүх нарыг өмнө нь “Албан үүрэгтээ хайнга хандсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан, өршөөлд хамруулсан бол уг хэргийг сэргээн шалгаснаас хойш тэднийг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар “Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж, хэргийн зүйл ангийг өөрчилсөн билээ. Цагдаагийн дарга нарын гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх аж.

Э.Хүрэлбаатар


URL:

Сэтгэгдэл бичих