М.Мөнхшүр: Цахим гэмт хэрэгтнүүд 200 орчим хүнийг 80 орчим сая төгрөгөөр хохироосон

6

 Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Цахим орчинг зөв болгоё”, “Unfreind” хөдөлгөөнийг цагдаагийн байгууллагаас санаачлан  амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ аяныг өрнүүлснээр гарсан өөрчлөлтийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.

-Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт хэр байна вэ?

 2016, 2017, 2018 гээд сүүлийн гурван жилийн судалгааг авч үзэх юм бол 2016 онд цахимаар хохирсон гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад 102 бүртгэгдсэн. 2017 онд 300 орчим, 2018 онд 600 гаруй гээд жил ирэх бүр хоёр дахин ихэссэн үзүүлэлт харагдаад байгаа юм. Энэ нь цахим орчны хэрэглээ их болох тусам насны хязгаарлалт байхгүйгээс маш олон хаяг бий болж хэрэглэгдэж байгаатай холбоотой. Нэг хүн гурван хаягтай байж болохоор байна. Нэг нь тухайн хүний өөрийнх нь хаяг бусад нь хуурамч хаяг байх жишээтэй. Энэ тохиолдолд фэйсбүүк, цахим хуудсыг ашиглаж байгаа хүний тоо маш ихэсч байгаа. Үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг, зөрчил цахимаар үйлдэгдэж байна. Хулгайлах, дээрэмдэх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхдээ цахимаар үйлдэгдэж байна. Зар байршуулах юм уу, худлаа мэдээлэл, зураг тавьдаг. Зар байршуулж худлаа цэгүүдийг ажиллуулдаг. Үүнээс үүдэн мөнгө авах, бараа матераил авахаар ирэхэд нь мөнгөтэй гэдгийг нь мэдээд дээрэмдэх тохиолдол байна. Нөгөө талаар залилан мэхлэлт цахимаар маш их явж байгаад 2018 оны сүүлийн саруудад “Цахим орчинг зөв болгоё”, “ UNFRIEND” хөдөлгөөн эхлээд буурсан үзүүлэлт харагдаж байна.

Өмнө нь ямар нэгэн хяналт тавиагүй байхад онлайн худалдаа, виз гаргах зар, 10 жилийн хүүхдийн гэрчилгээ гаргаж өгнө, гадаад руу зуучлах гэх мэт заруудыг маш их байсан. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж хуурамч админтай хуурамч хаяг болохыг тогтоон хаасны үндсэн дээр энэ төрлийн гэмт хэрэг буурч байгаа.Гэхдээ буурсан хэдий ч үнэн зөв байгууллагын нэрийг хуулбарлан авч зар тавьснаар тухайн байгууллагын нэр хүндэд халдаж байна. Энэ нь давхар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байна гэсэн асуудлаар шалгагдана гэсэн үг.

-Фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн орж мөнгө залилсан гэмт хэргийн хичнээн тохиолдол он гарсаар бүртгэгдсэн бэ?

2019 он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй. 2018 онд фэйсбүүкээр цахим хаягны нэвтрэх үг нууц кодоо алдсан нийт 200 орчим хүн цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан байдаг. Алдахдаа тухайн хүний хувийн чат руу нэвтэрч ороод ойр дотны гэр бүл, найз нөхдөөс нь мөнгөн тусламж гуйсан мессэж явуулдаг. Тэр мессэжиндээ яаралтай хэрэгтэй байна. Буцаагаад өгнө гээд 500 мянга болон түүнээс дээш хэмжээний төгрөг авсан байдаг. Ойролцоогоор 200 орчим хүнийг 80 орчим сая төгрөгөөр хохироосон нөхцөл байдал тогтоогдсон.

-Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт хэр байдаг вэ?

Иргэд цахимтай холбоотой гомдлыг гаргахдаа өөрийн цахим хаягыг хакердуулчихлаа гэж ханддаг. Эсвэл миний зураг фэйсбүүкийг ашиглаад бусадтай хэрүүл маргаан үүсгээд байна гэдэг байдлаар ханддаг. Хуурамч хаягаар пирамид хэлбэрээр залилууллаа гэдэг ч юм уу энэ төрлийн гомдол бас их гардаг.

 Иргэдээс ирж байгаа өргөдөл гомдлыг аваад тухайн групп нь хэр идэвхтэй, хамгийн сүүлд хэнд хандсан байна,  ямар хуудсаар орж үйлчлүүлсэн байна гэдэг нөхцөл байдлыг тогтоодог. Иргэн болгоноос ирж байгаа гомдлыг 100 хувь илрүүлдэг биш бүгд гэмт хэргийн шинжтэй гэж хэлж болохгүй. Энэ дундаас гэмт хэргийн шинжгүй  байж болно. Гэмт хэргийн шинжтэй бол цагдаагийн байгууллага тухайн хэргийг илрүүлэх үүрэгтэй. 2018 онд цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэргийг 80 хувь илрүүлэлттэй ажилласан байдаг. Жил ирэх бүр энэ цахим хэрэглээг хэрэглэж байгаа хүний  насны тоо залуужиж  хэрэглээ нь дэлгэрэнгүй өргөн болох тусам бүх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх хандлагатай. Дан ганц халаас  хулгай, залилан гэлтгүй хүн худалдаалах садар самуун, бэлгийн мөлжлөг мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх эм гээд бүгд цахимаар дамждаг.

-Цахим халдлагад өртсөн иргэдийн гомдлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа этгээдүүдийг шалгахад бидний яриад байдаг шиг компьютерийн мэдлэгтэй, мэргэжилтэй төгс хүн байх болов уу гэтэл тийм биш. Үүнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид үйлдсэн нь тогтоогдон шалгагдсан. Өсвөр үеийн 10, 11 дүгээр ангийн ЭЕШ өгөх ёстой хүүхдүүд энэ цахим хэлбэр донтчихоод ийм аргаар мөнгө олох юм бол мөнгөтэй болж, гэдэс өлсөхгүй, өөрийгөө хувцаслаад байна гэсэн ойлголт төрөөд нэг бүлэг болоод энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Нэг нь хохирогчдыг фэйсбүүкээр харж сонгодог. Нөгөө нь  хоригчоос авсан мөнгөө ямар дансанд хийхээ сонгоно. Энэ нь гудамжинд яваа хэн нэгнээс “Ахаа, эгчээ хөдөөнөөс аав, ээж сургалтын төлбөрийн мөнгө явуулах гэсэн юм. Та картаа нэг ашиглуулаач” гэж гуйн танихгүй хүний данс руу мөнгө хийлгээд бэлэн мөнгөний машинаас авдаг. Энэ тохиолдолд картаа ашиглуулсан хүн нь гэрч, хохирогчоор шалгагдах асуудал гараад байгаа юм. Энэ төрлөөр ийм үйлдэл хийсэн залуучуудын хувьд цахимаар дамжуулан бусдын цахим хуудсанд хууль бусаар нэвтрэн орж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаа буюу хоёр зүйлчлэлээр шалгагдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэг, залилан мэхлэн мөнгө авсан хэргээр Эрүүгийн хуулийн 17.3-т зааснаар хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг.

-ЕБС-ийн хүүхдүүд бусдын хаяг руу нэвтэрчхэж байна гэхээр фэйсбүүк хаягын нууцлалтай холбоотой юу?

Фэйсбүүк цахим орчныг хакердах хамгийн хялбар зүйл нь юу байсан бэ гэж асуухад хүмүүс маш амархан кодтой байдаг. Хүн бүр нэрийн хуудастай байдаг шүү дээ. Түүн дээр утасны дугаар, факс,  мэйл хаяг байдаг. Тэр майл хаягыг нь бичээд утасны дугаарыг нь хийхэд л тэр хүний фэйсбүүкрүү нэвтрээд орчихож байгаа юм. Энэ бол хамгийн энгийн жишээ. Үгүй бол утасны дугаарыг нь оруулаад  тэдэн оны тэдэн сард төрсөн байх магадлалтай гээд л хийх, эсвэл нэг ижил тоог зургаа долоо давтаж хийхэд л нэвтэрчихдэг. Ийм амархан код хийснээрээ энэ гэмт хэргийн хохирогч болж байгаа юм. Тэгэхэд энэ хувь хүний нууцлал үүний аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Яагаад гэвэл хувийн мэдээлэл, зураг орж байгаа учраас таны код бат бөх хамгаалалттай код байх ёстой.

-Цагдаагийн байгууллагаас фэйсбүүк хэрэглэгчийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?

2018 онд иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шалгаж үзээд эхний ээлжид 14-өөс доош насны хүүхдийг цахим орчинд оруулахгүй байя, эцэг, эхчүүд хүүхэддээ хаяг нээж өгөхгүй байх, тэр битгий хэл ухаалаг гар утас бариулахгүй байх. Энэ ухаалаг гар утсыг ашигласнаар хичээл номоо хоёрдугаарт тавьж байна. Том хүн ч ялгаагүй машин жолоодож явахдаа гар утас ашигласны улмаас дийлэнх осол үүдсэн байдаг.

Тийм учраас 14 –өөс доош настай хүүхдийг цахим орчинд оруулахгүй байх. Харин 14-өөс дээш насны хүн үйлчлүүлэхдээ фэйсбүүкт нь сэжиг бүхий хүн байвал хасах, хуурамч майл хаягтай харьцахгүй байх.

Хамгийн хэцүү, аюултай зүйлийг Кибер гэмт хэрэгтэй хэлтэс илрүүлсэн байдаг. Энэ нь пишинг гэх хуурамч файл. Хандалт авах зорилгоор хэн нэгний чат руу мессэж ирдэг. Та энэ хаягруу ороод лайк дараад, шэйр хийгээд өгөөч уралдаанд орж байна, эсвэл сайн сайхны төлөө гэдэг ч юм уу. Энэ лайкыг  дарснаар та энэ хаяг руу вирусээр нэвтрээд фэйсбүүкийнхээ кодыг алдаад байна. Тэгэхээр энэ пишинг гэх хуурамч файлийг дэлгэж үзэхгүй байх.

Мөн гудамжинд явахад ямар нэгэн wifi ямар ч кодгүйгээр орж ирдэг. Түүнийг иргэд үнэгүй гээд нэвтэрч ороод хаягаа алдаж байна. Түүний ард гишүүн байхгүй ч вирустэй зүйлийг хоёр гурав дахин гаргах, нэр солигдох үйлдлүүдийг үзүүлээд байгаа. Ийм сониуч байдлаас болоод хохирохгүй байхыг зөвлөж байгаа. Цахим орчинд хохирч байгаа иргэдийн дийлэнх хувь нь сониуч байдлаасаа болсон байдаг. Хүмүүсийн явуулсан майл хаяг, сонжоот  асуултанд хариулах гэж оролддог. Түүнээсээ үүдэгдээд гэмт хэргийн хохирогч болдог.


URL:

Сэтгэгдэл бичих