Согтуу жолооч осолдож, амь насаа алдав
Баянзүрхийн гүүрний орчимд өчигдөр өглөө 08:50 цагт хоёр автомашин мөргөлдөж нэг хүний амь үрэгдсэн осол гарчээ. Ослын талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Батбаяраас тодруулахад “Баянзүрхийн гүүрнээс баруун тийш 200 гаруй метр газарт 56-96 УНМ улсын цугаартай “Тоёота Прүс”, 72-22 УНМ дугаартай “Рэнж Ровер” маркийн автомашинууд хоорондоо мөргөлдсөн. Тоёота Прүс маркийн автомашины жолооч нь газар дээрээ нас барсан. Харин “Рэнж Ровер” маркийн 72-22 УНМ дугаартай автомашинд гурван хүн зорчиж явжээ.
Урд талын суудалд сууж явсан хоёр хүн хүнд гэмтэж, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. “Рэнж Ровер” маркийн автомашинд зорчиж явсан иргэний цагдаад өгсөн мэдүүлгээр “Прүс” маркийн автомашин гулгаж, зам хөндөлсөж орж ирээд мөргүүлсэн гэсэн тайлбарыг өгсөн. Уг хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэс шалгаж байна” гэх хариулт өглөө. Өөр нэг албаны эх сурвалжаас авсан мэдээллээр 56-96 УНМ улсын цугаартай “Тоёота Прүс” машины жолооч согтуу байсан гэнэ. Мөн өмнө нь зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг шүргэчихээд хэргийн газар дээрээс зугтааж байсан аж.
Э.ХҮРЭЛБААТАР
URL: