“Өргөмжлөл”-өө өөрчилье л дөө ядаж

Монголчууд шагналдаа “дарагджээ”. Хүн бүр л шагнал авсан гэх. Сайхан байлгүй яахав ээ. Мэдээж амжилт байгаа газар шагнал байх нь гарцаагүй. Харин ямар шагналыг чухам ямар хүнд хэрхэн хүртээсэн болон эзнээ олсон эсэх зэргийг энд өгүүлэхийг хүссэнгүй. Ямартай ч эзнээ олсон шагнал л хамгийн чухал байдгийг бид мэднэ. Шагналын төрөл зүйл ихэд олширсон бололтой. Төрийн дээд алдар цол, одон медаль, салбарын тэргүүн, аймаг, сум, баг, хороо, сургууль цэцэрлэгийн анги, байгууллага, компанийн өргөмжлөл, медаль, тууз, цом гээд “замаа алдсан”. Үүнээс үзвэл Монгол маань тэргүүний хүмүүсээр дүүрч байгаа бололтой. Тэргүүний хүмүүс их болно гэдэг Монгол хөгжинө гэсэн үг шүү дээ.

Тийм учраас энэ их шагналыг дэмжүүштэй ч юм шиг. Гэхдээ л шагналын талаар бодож явдаг зүйлээ хэлмээр санагдаад болдоггүй. Миний хувьд энэ олон шагналын ердөө хоёрынх нь тухай санал бодлоо уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ. Учир нь төрийн алдар цол, одон медалийн тухай олон хүн бичсэн, бичсээр ч байгаа.

ӨРГӨМЖЛӨЛ.

Нэг ийм мундаг шагнал сүүлийн 20-иод жилийн хугацаанд ёстой л “хүчээ авч” байна.
Анх гарч ирэх үедээ даруухан басхүү нарийхан жаазанд залардаг байсан “өргөмжлөл” -ийн овор хэмжээ өсч том гэгчийн модон жаазанд “өлгийдүүлжээ”.

Зарим үед хэлбэр дүрсээ өөрчилж, төмөр бүр цутгамал болон хувирч байна. Хэмжээний хувьд дээр үеийн гэрэл зургийн жаазыг санагдуулам томорч байна гээч. Ийм шагналыг хүртэх нь тухайн хүний хувьд нэр хүндийн асуудал байх нь гарцаагүй ээ.

Хамгийн гол нь түүнийгээ хаанаа хадгалдаг бол гэж дэмий юманд санаа зовсондоо энэ асуудлыг хөндөж байгаа юм. Монгол гэрт амьдарч байгаа тэргүүний хүн ийм шагналыг хоймортоо залах боломж бий юу. Миний бодоход юун шагналаа тавих манатай орон гэргүй шахам яваа хүмүүс зөндөө л байгаа шүү дээ.

Нэгэн үйлдвэрийн аварга ажилчинтай ярилцлага хийхээр гэрт нь очиход жаазтай өргөмжлөлөө бүр тэвхийтэл өрчихсөн байсан шүү. Дэлгэж тавих газаргүй, зүгээр л авдар дээрээ орчихсон хэрэг шүү дээ. Ингээд бодохоор энэхүү өргөмжлөл гэдэг шагнал олон өрөө, хонгилтой сайчуудын шагнал ч юм шиг. ‘Танайд хоноё”, “Би” зэрэг телевизийи нэвтрүүлэгт оролцож байгаа дарга, сайчуудыг харж байхад хауст амьдардаг тулдаа л болгож байгаа бололтой.

Бараг нэг өрөөгөө өнөөх өргөмжлөлөөр дүүргэчихсэн, бүр жирийтэл өрчихсөн байх нь сүрдмээр ч юм шиг. Ардчилал Монгол оронд ялж байсан тэр үед социализмын гэгдэх “Сайшаалын үнэмлэх”, “Баярын бичиг” шүүмжлэлд өртөж, хүнд суртлын хэмээн “нүд үзүүрлэгдэж” байсныг санадаг юм. Харин өнөөдөр ёстой л хүнд суртлын шагнал гэдэг энэ юм биш үү гэж хэлмээр байх юм.

Шагналын үнэ цэнэ, ач холбогдлыг нь үгүйсгээгүй юм шүү. Гагцхүү гадаад хэлбэр дүрсээр нь хэлж байгаа гэдгийг уншигч авхайд дахин сануулъя. Хэн нэгнээсээ илүү гарах гэсэн сэтгэлгээ нь дийлж хэлбэр дүрсээр хөөцөлдөж ийм байдалд хүргэсэн бололтойдог. Уг нь хүнд үнэхээр дурсамж болон үлдэхүйц овор багатай шагнал бий болгох гэсэн шинэ сэргэг санаа, сэтгэлгээ дутагдсаных л байдаг болов уу даа.

МЕДАЛЬ


Медаль олон жилийн өмнө мөн ч ховор шагналын тоонд ордог байлаа. Тэр тийм медалийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авч иржээ, тэдний хүү ийм медалийн эзэн болж гэсэн яриа улс, хот, аймаг сум даяар нэг яригдаж медалийн эзний нэр сүр ч нэмэгдэж, хүндлэгддэг байлаа. Ингээд бодохоор медальд үнэхээр том амжилтын эзэн л хүрдэг байсан хэрэг. Ховор байсан болохоор медалийн нэр хүнд ч өндөр байж.

1970-1980-аад онд Дундговь аймгийн волейболчин охид 10 хүрэхгүй жилийн хугацаанд улсын аварга шалгаруулах тэмцээнээс 100 гаруй медаль хүртсэн, 20-иод спортын мастер төрсөн гэсэн тооцоо гарч, гайхалтай амжилт гэж үзэж байсныг тодхон санаж байна. Дасгалжуулагч багш А.Доржсүрэн олон жилийн нөр их хөдөлмөроө төрдөө үнэлүүлж гавьяат дасгалжуулагч болон мандаж байсан үе.

Хаана, л бол тэдгээр тамирчин охид дасгалжуулагч багшийн тухай  мэдээ.сурвалжлага гардаг байлаа. Гэтэл өнөөдөр гуравдугаар ангийн охин энгэрээрээ дүүрэн медаль зүүчихсэн түүндээ түүртсэн шиг явах юм.


Медалийн чанарын хувьд ялгаа байгааг ойлгож байна л даа. Гэхдээ л медаль бол медаль шүү дээ.
Мөнөөх охин ‘Тэргүүний хүүхэд” хэмээх медалийг цэцэрлэгт байхдаа ангийнхаа багшаас гардсан, онц сурсан, зэргэлдээх ангийн сурагчидтай хийсэн гүйлтийн нөхөрсөг тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн, ангийнхаа аварга дуучин болсон зэрэг амжилтаараа 30-аад медапь хүртсэн нь түүний буруу биш л дээ. Гагцхүү хар багаасаа медалийн амт шимтэнд бялуурч, том болоод шагнал түүний дотор медалийг нэг их тоохгүйд хүрэх вий дээ гэж эмзэглэх юм. Өөрөөр хэлбэл медапийн үнэ цэнэ гэж үгүй болж байх шиг. Ер нь шагналыг дэлгүүрт худалддаг нь зөв ч юм уу буруу ч юм уу.

Хууран мэхлэгчид медаль худалдаж аваад суманд 20-д давхисан морио аймагт таваас буудаггүй гээд зарчихыг хэн байг гэх юм. Ийм хуурмаг зүйл гарахыг үгүйсгэх арга алга. Улсынхаа Ерөнхийлөгчийг молигодоод мөнгө “тогшчихдог” хүмүүсийн дунд амьдрагсад шүү дээ бид.
Энэ бүхнээс үүдээд хүнийг урамшуулах, цаашид их зүйл бүтээхийн угтал болсон шагналыг цэгцэлмээр, ядаж хадгалж хамгаалахад тохиромжтой, цомхон болгомоор юм даа.
Иймэрхүү юм бичихээр “Социализмийн үеийг эргэн санагалзлаа” гэх хүн байдаг юм билээ. Тэр үед бас сайн юм байсан юм шүү. Авах гээхийн ухааныг мэддэггүй, ардчилалыг анархизм болгогчид л тэгж хэлдэг гэж бий ойлгодог. Үнэн л юм чинь.

Л. Батаа
Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих