Б.Амгаланбаатарын асуудлыг чуулганаар хэлэлцэнэ
ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнуудын дунд Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарын эзэмшлийн компани бий. Тодруулбал, түүний 100 хувийн эзэмшлийн “Цаст согоот” ХХК 2017, 2018 онд хоёр жил дараалан ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болсон.
Түүний “Цаст согоот” ХХК 2017 онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын нэрсийн жагсаалтын 95 дугаарт, 2018 онд ЖДҮХС-аас зээл авсан компаниудын 112 дугаарт байгаа юм.
Тэрбээр “Манай эхнэр зээл авсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэмээн хэлж байсан. Тэгвэл Б.Амгаланбаатар энэ асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдөж шалгуулаагүй, ажилласан хэвээр байна. Тиймээс Ерөнхийлөгч Б.Амгаланбаатар прокурорын асуудлыг УИХ-ын чуулганаар оруулж ирнэ гэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Жижиг, дунд үйлдвэрлэлтэй холбоотой бас нэг тодорхой асуудал нь Улсын Ерөнхий Прокурорын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон. Өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй албан тушаалаа хашаад сууж байхад Ерөнхий прокурор нь бусдаас шударга ёс нэхэх утга учир байна уу, иргэд хүлээж авах уу.
Асуудал гарсан даруйд би өөрийг чинь дуудаж уулзаад шударга ёс танайхаас эхэлнэ, өөрөө ажлаа өгөөд шалгуул гэж хэлсэн. Та санаж байгаа байх. Харамсалтай нь та тэгсэнгүй. Мөн ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаататартай барьцаж байгаа асуудал яригдаж байна. Энэ асуудал УИХ-ын танхимд яригдсаар л байна.
Хуулийг харахаар Прокурорын тухай хуулийн 46-ийн 5 дахь заалтад “Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ” гэсэн байна. Тэгэхээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан та бид хоёрт дуусгаагүй ажил байгаа гэдгийг хуулиар заагаад өгчихсөн байна. Орлогчийнхоо асуудлыг шийдэж байж бид нийгэм рүүгээ харах ёстой” гэв.
Нийгмийн толь
URL: