БРИКС-т задрал нүүрлэв үү?

712-15476957065c3ff6a149dbaСүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас шалтгаалан хөгжиж буй орнуудын хамгийн том бүлэг болох БРИКС цаашдаа оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болоод байна. Ж.Болсонару Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдсон, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал бий болсон, АНУ-Хятадын хооронд худалдааны дайн өрнөж байгаа зэрэг нь БРИКС задрахад нөлөөлж магадгүй тухай Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн судлаач Усман Шохан (Usman W. Chohan) “The Conversation” сонинд дүгнэн бичсэн байна.

Тус бүлгийн гишүүн орнуудын /Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ/ ДНБ нь 15 их наяд доллароор хэмжигдэж, дэлхийн ДНБ-ий 19,3 хувийг бүрдүүлдэг байна. Дэлхийн хүн амын 42,7 хувь нь амьдардаг эдгээр таван улс сүүлийн 10 жилийн хугацаан дахь дэлхийн эдийн засгийн өсөлтийн 50 хувийг хангажээ.
Харамсалтай нь, эдгээр улсын хооронд үүссэн геополитикийн болон геоэдийн засгийн асуудлаарх зөрчлүүд улам даамжирч байна. Түүнчлэн гишүүн орнуудын үндэсний ашиг сонирхол нь зөрчлийг суурь шинжтэй болгож байгаа юм. Үүний улмаас тус бүлэг нь хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахааргүй болжээ.
Орос, Хятадаас хамаарах задрал
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд БРИКС-ийн орнууд нэг талын болон хоёр талын санаачилгуудыг хэрэгжүүлж байгаа нь нэгдмэл бодлого баримтална гэх анхны зорилгоос нь нэлээд алс хөндий байна.
Энэ нь эдгээр улс тус бүрийн улс төрийн чиг баримжаатай холбоотой. Тухайлбал, Хятад, Орос хоёрын хувьд Сири болон Ираны асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд нэгдмэл байр суурьтай байгаа. Түүнчлэн тус хоёр улс америкчуудыг гарч явахыг хүлээх зуураа Афганистаны талаарх байр сууриа нэгтгэхээр ажиллаж байна. Энэ нь Афганистанд Энэтхэгийн оролцоог бий болгож, Америкийн цэрэг гарч явсны дараа Афганистанд тогтворгүй байдал үүсэх эрсдэлийг багасгах гэсэн Вашингтоны эрмэлзэлд харшилж байгаа юм.
Түүнээс гадна, Хятад, Орос хоёр Пакистантай харилцаагаа өргөжүүлж байгаа нь Энэтхэгийн бухимдлыг төрүүлж байна.
Мөн тус хоёр улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өргөтгөж, Бразил, Энэтхэг, ӨАБНУ-ыг тус зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах гэсэн саналыг дэмжсэнгүй.
Москва, Бээжин хоёр БРИКС-ийн хүрээний механизмыг бус харин хоёр талын худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн валютын механизмыг боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Түүнээс гадна, саяхан Дэлхийн банк болон ОУВС дахь санал өгөх эрхийн тоог нэмэгдүүлэх үед Хятад, Бразил, Энэтхэгийн байр суурь бэхэжсэн нь Нигери, ӨАБНУ зэрэг хөгжиж буй орнуудад хохиролтой туслаа. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд Африкийн гуравдахь улсыг оруулъя гэсэн ӨАБНУ-ын саналыг БРИКС-ийн орнууд дэмжсэнгүй.  ОУВС-нд Африк тивийн улсууд хамгийн цөөн төлөөлөлтэй байгаа билээ.
БРИКС+ буюу Африкийн орнуудыг аль болох олноор нь хамруулах 
Хятад, Орос хоёр Дунд Азийн 6 улстай хамтран Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэдгийг үүсгэн байгуулсан. 2001 онд байгуулагдсан уг бүтэц нь эрчим хүч, аюулгүй байдалд голлон анхаардаг бөгөөд ингэснээр Дундад Ази дахь Америкийн оролцоог тэнцвэржүүлэх “жингийн туухай” болж байгаа юм. Түүнээс гадна, ӨАБНУ, Хятад, Орос улс Африкийн орнуудыг БРИКС-т олноор нь элсүүлэх зорилго бүхий БРИКС+ гэсэн хувилбарыг авч хэлэлцэж байна.
Харин ӨАБНУ-ын хувьд, Сенегал, Этиоп, Руанда, Ангол зэрэг Африкийн орнуудыг хамарсан түншлэлийн харилцааны хөтөлбөрөө өргөжүүлж байна. Ингэснээр өмнөд африкчууд БРИКС-т олон урьгалч үзлийг бий болгохыг эрмэлзэж байгаа нь илт.
Харин БРИКС+ гэсэн хувилбар Энэтхэгт таалагдахгүй байгаа бололтой. Учир нь, Африк дахь Хятадын нөлөөг тооцож үзвээс дээрх өөрчлөлт нь Бээжинд ашигтай байх болно хэмээн энэтхэгчүүд болгоомжилж байж магадгүй юм.
Торгоны зам ба худалдааны дайн
Хятадын Торгоны зам хэмээх мега төсөл нь БРИКС-ийн хамтын санаачилгуудад хамгийн ихээр саад тотгор учруулж байж магадгүй юм. Орос улс уг төслийг дэмжиж байгаа бол Энэтхэгийн тал эрс эсэргүүцэж байна. Учир нь, 62 тэрбум долларын өртөг бүхий Хятад-Пакистаны эдийн засгийн коридор байгуулах төсөл нь Пакистаныг ганцаардуулан тусгаарлах гэсэн Энэтхэгийн улс төрийн тоглолтод саад учруулах юм.
Хятад улс уг төслийн тусламжтайгаар геополитикийн болон геоэдийн засгийн ашиг сонирхлоо тэлэхийг хүсч байна. Ийм тоглолт хийснээр зам маршрутыг сайтар хянаж, тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж чадна. БРИКС-ийн хүрээнд бол Хятад улс нь эрх тэгш таван гишүүний нэг, харин Торгоны зам дээр бол дангаараа манлайлагч юм.
АНУ-ын сөрөн зогсох нь
Үүний сацуу Хятад, Орос хоёр АНУ-ын эдийн засаг, улс төрийн нөлөөг тэнцвэржүүлэхийг оролдож байна.
АНУ өөрийн санаачлан байгуулсан Олон талт удирдлагын тухай гэрээнээс гарлаа. Түүнчлэн НҮБ-ын Цагаачлалын бага хурал, Хүний эрхийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарчээ. Мөн америкчууд Дэлхийн Худалдааны байгууллагын давж заалдах шатны шүүгчдийг шинээр томилохоос татгалзсанаар тус байгууллагын үйл ажиллагааг үндсэнд нь зогсоолоо.
Америкчууд Хятадтай худалдааны дайн хийх замыг сонгосон нь БРИКС-ийн дотор зөрчил үүсэхэд нөлөөлж байна. Учир нь, Орос улс Бээжинг дэмжиж байгаа бол Энэтхэг, Бразил хоёр АНУ-тай ойртох бодлого баримталж байгаа юм. Худалдааны дайн болж байгаа нөхцөлд БРИКС-ийн орнууд АНУ, Хятад хоёрын аль нэгийг нь дэмжихээс аргагүйд хүрэх боловч тэдгээр улсын хувьд маневр хийх орон зай хязгаарлагдмал байна.
Өмнөдийн орнуудын нэгдмэл дуу хоолой мөн үү? 
Дэлхийн эдийн засагт Их7 буюу барууны орнууд давамгайлдаг гэсэн үзэл бодол хэвээр байна. БРИКС 2002 онд анх байгуулагдаж байх үед үнэхээр тийм байсан бол харин одоо нөхцөл байдал өөрчлөгджээ.
Брексит, Трамп, 2008 оны хямралын дараа дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд удааширсан, Италид “Умардын лиг” хүчээ авсан гэх мэт үзэгдлүүд нь дэлхийн эдийн засаг дахь барууны орнуудын давамгайлал нуран унасан гэдгийг харуулж байна. Давамгайлагч орнууд давамгайлахаа нэгэнт больчихоод байхад тэднийг сөрөн зогсч, эсэргүүцэх шаардлага бий юү?
Түүнээс гадна, дэлхийн ДНБ-ий өсөлтийн тал хувийг БРИКС-ийн орнууд хангаж байна. Хэрвээ тус бүлгийн гишүүн улсууд эдийн засгийн уялдуулан зохицуулах үр дүнтэй механизмуудыг бий болгох аваас хөгжлийн өндөр үзүүлэлтүүдээ хэвээр хадгалж чадна. Эс бөгөөс БРИКС-ийн туйлшрал задрал нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг мэдэгдэхүйц сааруулж болзошгүй бөгөөд үр дагавар нь тус бүлгийн хүрээнээс хол халих болно.
Орчуулсан Б.Адъяахүү  

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих