Антарктид тивд мандсан төрийн далбааг Ерөнхийлөгчид гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Антарктид судлалын төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Дүгэржавыг хүлээн авч уулзав.
Энэ онд Монгол Улс Антарктид тивийн судалгааны ажилд оролцож эхэлсний 10 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монголын судлаачид Антарктидын Ливингстон арал дахь Болгарын баазын бүрэлдэхүүнд орж ажиллан, Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны баазыг байгуулжээ. Уулзалтын үеэр профессор Л.Дүгэржав Монголын баазад мандсан төрийн далбааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өглөө.
Туйл судлаач Л.Дүгэржав одоогоос 10 жилийн өмнө Антарктид тивийг зорих аялалаа эхлүүлж байсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эргэн дурсаад, судалгааны ажилд нь амжилт хүсэв
URL: