Ц.Оюунбаатар: “МАНАН-2” үүсэх нөхцөл бүрэлдсэн

91

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-Монголын улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байна. Энэ байдлыг та хэрхэн дүгнэж байна?
-Монголын нийгэм бүхэлдээ хөдөлгөөнд орлоо. Монгол орон, монголын ард түмэн, шударга ёсыг эрмэлздэг нийт хүмүүс өнөөгийн тогтолцоо бүхэлдээ буруу байна гэж дүгнэж, ярьж байна. МАНАН хэмээх “Мафи” гэмт  бүлэглэл” Монголын эдийн засаг, улс төрийг бүхэлд нь сүйрүүллээ. Цаашид удааширвал Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний оршин тогтнох асуудалд аюул учрууллаа гэдэгт бүх нийтийн анхаарал чиглэлээ.
Ямар аюултай эрүүгийн гэмт бүлэглэл Монголын төрийн эрхэнд гарсан юм бэ, ард түмнийхээ  өмч байх ёстой улс орны баялгийг хулгайлж, луйвардаж, гадагш зөөж, оффшорт байршуулчихсан. Ард түмэн    утаа униарт эрүүл мэндээрээ хохирч, ядуу зүдүү амьдарч байгаагийн  цорын ганц буруутан нь МАНАН гэж нэрлэдэг  “Мафийн бүлэглэл” байна  гэдэгт  Монголын ард түмэн, бараг  хүн болгон  огт эргэлзэхгүй байна. Энэ шударга бус байдлын эсрэг тэмцэл  Монголын нийгэмд өрнөж байна.
-МАХН-ын зүгээс энэ байдлыг 2016 оны сонгуулийн өмнөөс анхааруулж байсан санагдана?
-Одоогийн эрх баригчид 2016 оны сонгуулиар  ядуу ард түмнийхээ  ходоодоор тоглож, мөнгөөр саналыг нь худалдаж авсан. Энэ талаарх МАН, цаашилбал МАНАН бүлэглэлийн үйл ажиллагаа ил тод болсон. Үүнийг тухайн үед  МАХН анх гаргаж тавьж, олон нийтэд таниулсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал  ч тэр сонгуулийн үеэр гарч ирсэн. Үүнийг Монголын ард түмэнд хувьцаа болгон өгөх асуудлыг ч МАХН анх гаргаж, дэвшүүлэн тавьж байлаа. Үүнээс хойш  МАХН-ын удирдлагыг, биднийг, шударга ёсны төлөө тэмцэж яваа хүмүүсийг  мөрдөн мөшгих, утас чагнах, айлган сүрдүүлэх, Авлигатай тэмцэх газар /АТГ/ , прокурор, шүүхээр дарамтлах  ийм ажил өнөө хүртэл явж байна. Улс төрийн энэ онцгой нөхцөл байдалд монголчууд, Монголын ард түмэн  эв нэгдэлтэй байж, шударга ёсны төлөө тэмцэх  зориг эрмэлзэл бүрэн дүүрэн байгаа. Үүнийг сая төв талбайд болсон хэд хэдэн жагсаал, цуглаан харууллаа. Энэ ямар нэгэн байдлаар ЖДҮ-ийн зээл авсан, ард түмний баялгийг хулгайлсан тэр ноцтой гэмт хэргийг, авлига авсан, төрөөс хулгай хийсэн үйлдлийг хамгаалж байгаа асуудал огт биш. Бид асуудлыг бүхэлд нь цогцоор нь тавьж байгаа. МАНАН үүссэнээр өнгөрсөн 20 гаруй жилийн дотор монгол орныг сүйрүүлсэн. Цаашид шинэ МАНАН, МАНАН-2 үүсэх нөхцөл айдлыг хаах ёстой гэдэг шаардлагыг бид тавьж байгаа.
-УИХ тарах ёстой гэдэг шаардлагыг та юу гэж харж байна?
-Өнөөдөр МАНАН-гийн  Улсын Их Хурал тарах ёстой. МАНАН-гийн гол толгойлогч болж байгаа, ард түмний нэр зааж яриад байгаа Улаанбаатарын газрыг зарсан газрын наймаачин, “Мафи”-ийнхан, “Эрдэнэт”-ийг завшсан, ард түмний хөрөнгийг хулгайлж оффшорт аваачиж хийсэн  тэр бүх хүн өнөөдөр Монголын төрөөс зайлах ёстой. Шударга ёсны төлөө бид амь насаа зориулахад бэлэн байгаа. Ер нь хувьсгал гэдэг  дандаа хүч хэрэглэх, цус урсгах тухай асуудал биш. Хувьсгалт өөрчлөлтийг хийхийн төлөө МАХН, шударга ёсны төлөөх иргэний хөдөлгөөнүүд бид эв нэгдэлтэй байгаа гэдгээ энэ дашрамд хариуцлагатайгаар хэлье.
-Тантай холбоотой нэг асуудал шүүхэд шалгагдаж, хойшлогдож байгаа гэх мэдээллүүд гараад байгаа. Энэ талаар та тайлбар өгнө үү?
-МАНАН бүлэглэлийн  хамгийн сайн арга нь хууль, хүчний байгууллагыг өөрсдийн гар хөлөө болгож, 1930-аад онд гарсан хэлмэгдүүлэлт шиг үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд явуулж байгаа. Надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж байгаа энэ асуудал нь  юу байна вэ гэхээр 2016 онд Өмнөговь аймагт зохион байгуулсан “Тэмээн Поло”-гийн улсын аваргын тэмцээнийг Биеийн тамир спортын газар, Тэмээн Поло аялал, спортын тэмцээн, уралдаантай хамтран  зохион байгуулсан юм билээ. Би аль ч байгууллагынх нь удирдлагад ордоггүй. Тухайн үед би Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг гүйцэтгэж байсныхаа хувьд БНХАУ-ын Элчин сайд, мөн ХААХҮ-ийн сайдын хамт очиж шагнал гардуулаад тэнд нэг өдөр болоод буцсан. Тэмцээн  явуулахад гарсан зардал болох 150 сая орчим төгрөгийг “Тэмээн Поло”-гийн залуус банкнаас, мөн аж ахуй нэгж компаниас зээлж, цохиур, хамгаалалтын малгай, техник хэрэгслийг Бээжингээс оруулж ирж, Улаанбаатараас лед дэлгэж бусад зүйлийг аваачаад зохион байгуулсан юм байна лээ. Учир нь поло-гийн цохиур зөвхөн хулсаар Хятадад хийгддэг зүйл. Ингээд зохион байгуулагч залуус зардлаа Эрүүл мэнд, спортын яаманд гаргаж өгөөд буцаан  авсан. Өөрөөр хэлбэл, ЭМС-ийн сайд С.Ламбаагийн гаргасан тушаал байна. 150 сая төгрөгийг “Тэмээн Поло”-гийн холбоонд олгохыг Биеийн тамир спортын газарт шилжүүлсэн, үүнд хяналт тавихыг Санхүү эдийн засгийн газарт даалгасугай гэсэн баримт байдаг. Олгосон тушаал нь бас бий. “Тэмээн Поло” зохион байгуулж дууссан. Зардлыг нэхэмжлэхийн дагуу олго гэсэн газрын даргынх нь тушаал ч бий.
-Яагаад  энэ асуудлыг заавал  тантай холбож шалгаж, ярьж, бичээд байгаа  юм бол?
-Надад холбогдуулаад байгаа нь улс төрийн захиалгатай гэж харж байна. С.Ламбаа гэж байгааг Ц.Оюунбаатар гэж уншиж байж магадгүй. Хэн нэгэн ингэж гуйвуулж байгаа. Энэ бол ардаа тодорхой захиалгатай. МАНАН бүлэглэлийн эрх бүхий хүмүүс, АТГ-ын дарга нар, тодорхой гүйцэтгэгч нарын  зохион байгуулж хийж байгаа зүйл.
-Та  тэдэнд баримт, үндэслэлээ гаргаж өгсөн үү?
-Түрүүнд хэллээ, баримт, материал нь тодорхой, ойлгомжтой байгаа шүү дээ. Тиймээс миний зүгээс юу хэлж байна вэ гэвэл, би энэ шударга бусын хонгилоор дуустал явъя л гэсэн. Өнөөдөр хэвлэлд ярих боломж олдсон дээр хэлэхэд надтай холбоотой, намайг буруутгаж чадах ямар нэгэн баримт байвал АТГ, прокурорт өгчихээрэй гэх байна. Би Монголын төрд 40 гаруй жил ажиллахдаа цалингаас өөр ямар нэгэн юм авч байгаагүй. Ер нь Монгол төрийн хүн төрдөө л зүтгэх ёстой. Эх орондоо зүтгэх ёстой. Чингис хааны маань, Монгол төрийн маань уламжлал тэр. Манай аав 25 жил хийдэд суусан лам хүн. Эд материалын сонирхол гэдэг бол зүгээр тэр ядарсан хулгай зэлгий хийх, баялгийг хулгайлах сонирхолтой хүмүүст байдаг болохоос Монгол төрийн хүмүүст, тэр тусмаа бид мэтийн удам дамжсан материаллаг орчноос ангид байдаг хүмүүст  бол байхгүй. Тийм учраас битгий  горьд гэж би хэлж байгаа. Чаддаг  юм бол шийтгэнэ биз. Би шударга бусын хонгилыг дуустал явна. Би Ерөнхий сайд  асан Н.Алтанхуягийн хэлдэг тэр хонгилоор явж байгаа. Хэн нэгэн хүнийг шалгаснаар, барьж хорьсноор энэ мафи задрах биш “Мафи”-ийн гар хөл болсон, аалзны тор болсон тэр сүлжээнүүдийг задлахгүйгээр Монголд өөрчлөлт гарахгүй. Өнөөдөр олон хүн шударга бусын хонгилын тухай ярьж байна. Би биеэрээ тултал нь явж үзнэ, үүний эцэст  Монголын ард түмэнд бүгдийг ил гаргаж тавина.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих