“American School of Ulaanbaatar” тэргүүтэй дунд сургуулиуд хүүхдүүдээ амраахгүй хичээллэж байна
Агаарын бохирдол, томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-наас энэ оны хоёрдугаар сар хүртэл ЕБС-ийн сурагчдыг амраах шийдвэр гаргасан. Гэвч зарим дунд сургуулиуд үйл ажиллагаа явуулж, хичээл орсон хэвээр байна.
Энэ асуудлаар сургууль нь хичээллэж байгаа сурагчдын эцэг эхчүүдийн төлөөлөл бидэнд хандсан юм. Тэрбээр, энэ их агаарын бохирдолтой үед айлын хүүхдүүд амарч байхад манай хүүхдүүдийн сургууль амрахгүй юм. Энэ талаар тодруулж, бичиж өгөөч хүүхдүүдээ харахаар сэтгэл өвдөөд байх юм” гэсэн юм.
Энэ талаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас тодруулахад, “Олон улсын стандарт, дүрэм журмын дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар Бритиш”, “Олон улсын дунд сургууль”, “American School of Ulaanbaatar” гээд гурван дунд сургууль хичээллэж байсан учраас эдгээр сургуулиудад гаргасан шийдвэрийг хуулийн хүрээнд дагаж мөрдөх мэдэгдэл хүргүүлсэн. Одоогоор ”Улаанбаатар Бритиш” сургууль шаардлагыг хүлээж авч үйл ажиллагаагаа зогсоосон. Харин ”Олон улсын дунд сургууль” хариугаа өгнө гэсэн хичээл нь хэвийн үргэлжилж байгаа. ”American School of Ulaanbaatar” сургууль өнөөдрийг хүртэл ирж уулзаагүй, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа. Хэрэв мэргэжлийн хяналтын байгууллагаас шийдвэрийг мөрдөхгүй бол Зөрчлийн хуулийн дагуу 200 мянган төгрөгөөр торгох цаашлаад тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэсэн юм.
ЕБС-ийн сурагчдыг амраах шийдвэр гарч, сурагчид амарчихаад байхад өнөөдрийг хүртэл 3 сургуульд нийт 1400 гаруй хүүхэд суралцаж байна
Т.Гэрэл
URL: