Т.Энхтүвшин: Тусгай хамгаалалттай газар гэдгийг мэдсээр байж ашиглах шийдвэрийг шүүхээс гаргасан нь хардлага төрүүлж байгаа

60

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орших төрийн тусгай хамгаалалттай Хамрын хийд энергийн төвөөс долоон км-ийн зайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” компани нүүрс олборлох ашиглалтын лиценз авсан талаар өчигдөр мэдээлсэн. Мөн бурхан шашин, түүхийн хосгүй баялаг энд хадгалагддаг учраас нэлээд маргаантай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.

61

-Хамрын хийдээс долоон км-ийн зайд орших түүхэн дурсгалт газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” компани ашиглалтын лиценз авсан байна. Гэтэл уг газар нь Төрийн тусгай хамгаалалттай газарт ашиглалтын лицензийн эрх өгч болдог юм уу?

-Төрийн тусгай хамгаалалттай газар гэдгийг мэдсээр байж ашиглаж болно гэж шийдвэр шүүх гаргах нь сонин байгаа биз дээ. “Даблью Эс Жи Эл” компанийн ашиглалтын лицензийг 2005 онд цуцалж байсан. Гэтэл 2005-2007 онуудад бүх шатны шүүхэд давж заалдснаар ялалт байгуулсан юм. Тиймээс шүүхийн шийдвэрээр ажиллана гэдэг зүйл яригдаж байна. Харин манай аймаг ажиллуулахгүй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Үүнийг Өргөн болон Сайншанд сумын засаг дарга нар ч илэрхийлсэн. Миний бие өчигдөр АМГТГ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманы холбогдох албан тушаалтанд тус компанийг ажиллуулахгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь Хамрын хийдийн газар бол бурхан шашин, түүх соёлын дурсгалт газар юм. Дэлхийн энергийн төв гэдгээр нь хүн бүр мэддэг. Тиймээс уг газрын ашиглах эрхийг өөр газар руу шилжүүлэх эсвэл зөвшөөрлийг нь цуцалж өгөхийг холбогдох газруудаас шаардаж байна.

-Та тухайн газарт очиж нөхцөл байдалтай танилцсан уу?

-Очиж үзэлгүй яах вэ. Тус газар хэдэн контейнер байрлуулсан байсан. Одоогоор “Даблью Эс Жи Эл” компанийн үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас хаасан байдалтай байна.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон АМГТГ-т тусгай зөвшөөрөл цуцлуулах хүсэлт гаргасан уу?

-Гаргасан. Өргөн сумын Аргалын ууланд Австраль Улсын компани лиценз авсан. Гэтэл уг газрыг ард иргэд тэмцэж байж ажиллуулаагүй. Тиймээс мөн уг газрын ашиглалтын гэрээг цуцалж өгөх хүсэлтийг УУХҮЯ, АМГТГ-т хүргүүлсэн боловч одоог хүртэл хариуц ирээгүй байна. Аймгийн удирдлагын зүгээс тус газрын ашиглалтын гэрээг цуцлах ажлыг 2017 оноос хойш хөөцөлдөөд явж байна. Бидний зүгээс ашиглалтын гэрээг цуцалж өгөхгүй юм гэхэд геологийн ижил төстэй газраар сольж өгөхийг хүссэн. Учир нь тус компани хайгуул хийхэд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байгаа учраас түүний төлбөрийг хэн хариуцах вэ гэх асуудал бас яригдаж байна.

Р.Хишигжаргал, Б.Лхам

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих