Халамжийн тэтгэвэр, бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүллээ
ХНХ-ын сайд С.Чинзориг төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр “ЗГ 2019 оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор 267 тэрбум төгрөгийн төсвийг тусгуулсан. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхэд эдийн засагт гарсан өөрчлөлт, эдийн засгийн өсөлтийн үр дүн нөлөөлж байна.
Төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр төрийн албаны хүнд суртал арилна гэж үзэж байгаа.
191,000 төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэгдүүлнэ. Багш, эмч нарын цалинг өмнөх оны есдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлсэн. Энэ үед цалингаа нэмэгдүүлж чадаагүй 17.2 мянган албан хаагчийн цалинг нэмэгдүүлнэ. Боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн цалинг 12.3 хувь нэмэгдүүлж байна. 2018 онд төрийн албан хаагчдын дундаж цалин 804 мянга байсан бол цалин нэмэгдүүлснээр 2019 онд дундаж цалин 916 мянга болно.
Нийгмийн даатгалын сангаас 408 мянган ахмад тэтгэвэр авч байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг байгаа. 107.5 тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлд төсөвлөсөн. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянгаар нэмэгдүүлнэ. 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн дундаж нь 372.5 мянга болно.
Халамжийн тэтгэвэр нь амьжиргааны түвшнээс доогуур байх нь зохимжгүй гэж үзээд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу халамжийн тэтгэврийг 155 мянга төгрөг байгааг 174 мянган төгрөг болголоо” гэв.
Б.Аз
URL: