Э.Эрдэнэжамъян: Зочид буудлыг эмнэлгийн хэрэгцээнд дайчлахад Ерөнхийлөгч санаачилга гаргаасай
Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян ханиад томууны дэгдэлт газар авч эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа онц хүнд цаг үед зочид буудлуудыг эмнэлгийн зориулалтаар ашиглах саналыг дэвшүүлээд байгаа юм. Түүнтэй ярилцлаа.
-Зочид буудлуудыг эмнэлгийн зориулалтаар ашиглая гэсэн таны санаачилга нийгэмд давалгаа үүсгэлээ. Анх энэ санаа хэрхэн төрөв?
-Хэдэн жилийн өмнө, тухайлбал манай намаас нэр бүхий хүмүүс Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үед энэ талаар санаа өгч ярьж байсан зүйлүүд бий. Манай томоохон зочид буудлууд голдуу зун жуулчид хүлээж авдаг. Өвөл жуулчид харьцангуй цөөн байдаг.
Гэтэл нөгөө талд ханиад томууны улирал эхлэнгүүт эмнэлгүүд үүднээсээ эхлээд хөл гишгэх зайгүй нялхсаар дүүрдэг. Мөнгөтэй, хөөцөлдлөгөө сайтай нь өрөөнд ордог. Орохдоо өөр төрлийн өвчтэй хүмүүстэй хамт орж байна. Ханиад томуу нь бусад төрлийн өвчнийг бодоход заавал халдвар хамгааллын дэглэм сахих шаардлагатай байдаг. Агаар дуслын замаар халддаг өвчнүүдийг аль болох тусдаа орон зайтай байхыг шаарддаг. Бас нэг асуудал нь эмнэлгийн хонгилд хэвтэж байгаа ч гэсэн эмнэлгийн үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас авч байгаа. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сан өрөөнд хэвтсэн үү, хонгилд хэвтсэн үү ялгаагүй тэр хүүхдэд зардлыг нь өгдөг. Тэгэхээр Эрүүл мэндийн яам, эмнэлэг хоёр үүнд онцгой анхаарч Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдаж байгаа мөнгийг нь, дээр нь халдвар хамгааллын журам дүрмээ сахиж “Дэлгэж ажиллах” гэдэг горимоор ажиллах ёстой юм.
Энэ горим манай Онцгой байдлын журамд ч бий, ер нь энд янз бүрийн журмууд нээлттэй. Дэлгэж ажиллах гэхээр ор дэртэй, цэвэрхэн “00”-той, гар нүүрээ угааж болдог ямар газрууд байна вэ. Ингээд үзэхээр зочид буудлууд л байна. Зочид буудлууд ч гэсэн ийм хамтын ажиллагааг өрнүүлэхэд дуртай хүлээж авах байх. Яагаад гэвэл, зун жуулчин авахаас биш өвөл нь хоосон голдуу байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас ор хоногийн мөнгө авбал тэдэнд хэрэгтэй. Хамгийн гол нь энэ хүүхдүүдэд маш хэрэгтэй. Тэр хүүхдүүд эмчлүүлэх гэж очсоноос биш шинээр халдвар авах гэж очоогүй шүү дээ. Арга ядсандаа, гэртээ байж чадахгүй болоод эмчийн бараа харж, халуунаа дор бүрд нь үзүүлж байя, тариагаа цагаар хийлгэе гэсэндээ тийшээ шавж байгаа болохоос уг нь гэртээ, халдвартай хүмүүсээс тусдаа байх ёстой. Энэ өнцгөөс харахад аль ч талынх нь бололцоо манайд байна.
-Хэрэв зочид буудлууд зөвшөөрөхгүй бол өөр ямар гарц байна?
-Бололцоо байхгүй ч гэсэн төр үүнийг хүчээр шийдэх ёстой. Зочид буудлууд зөвшөөрөхгүй ч гэсэн дайчлах эрх нь төрд бий. Үндсэн хуульд хувийн өмчийг хамгаална, гэхдээ улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын үүднээс онцгой нөхцөлд тодорхой нөхцөл шаардлагаар ханган төр ашиглаж болно гэж заасан байдаг. Цагдаагийнхан онцгой нөхцөлд иргэдийн машиныг дайчилдаг шиг төр зочид буудлуудыг дайчилж авч болох юм. Улс орны нөхцөл байдал хүндэрсэн тул дайчиллаа, гэхдээ үнэгүй авахгүй хөлсөнд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас ор хоногийн мөнгийг тооцож өгнө гэхэд болохгүй юм үгүй. Өнөөдөр эмнэлгүүд өвчтөнийг хэвтүүлэхдээ ор хоногийн мөнгөнд 20-35 мянган төгрөг хураадаг. Тэгэхээр энэ боломжгүй зүйл биш.
-Эмч,эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, хүний нөөц боломж хэр байдаг бол?
-ЭМШУҮИС-ийн оюутнууд, тэтгэвэрт гарсан ахмад эмч нар, хувийн эмнэлгийнхэн гээд бүгдийг дайчлах хэрэгтэй. Нэг газар 100 ортой эмнэлэг нээхэд тэнд ажиллах 20 эмч, сувилагч хаанаас ч олдоно. Өнөөдөр эмч, сувилагчийн мэргэжил эзэмшсэн ч ажил олдохгүй хөдөлмөрийн зах зээл дээр ажил хайгаад явж байгаа хүмүүс зөндөө бий. Тэднийг ажилууллаад цалинг нь олгочих, ийм л санааг би хэлж байгаа юм. Энэ бол Эрүүл мэндийн яам, эсвэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас, эсвэл Эрүүл мэндийн даатгалын сангаас зохион байгуулаад хийчих ажил. Аль нэг төрийн байгууллага, хэн нь ч санаачлаад хийчих ажлыг би санаачилж санал дэвшүүлж, уриалж байгаа. Жишээ нь, Баянгол зочид буудал, Чингис зочид буудал гэхчлэн төрийн мөнгөөр баригдаад хямдхан хувьчлагдсан зочид буудлууд цөөнгүй байдаг. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалдаг, өөрт нь тодорхой хэмжээний бизнес байж байна. Ийм ажлыг санаачлаасай, хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Энэ санааг сошиал орчинд маш олон хүн дэмжиж, шэйрлэж түгээсэн байна лээ. Төрийн тэргүүнд хүрчихээсэй билээ, тэгвэл нэг зарлиг гаргаад хэрэгжүүлчих ажил шүү дээ. Дээр нь нэмж хэлэхэд төрөх эмнэлэг гэхэд л өнөө хүртэл баригдаагүй байгаа барилгууд байна. Эмнэлгийн зориулалттай барилгуудыг ч хүмүүс энд тэнд зарж л байдаг. Газар хайгаад, тэр нь бүтсэн бүтээгүй, барилгынхаа шавыг тавилаа гэхэд барьсан бариагүй, дээр нь тендер гэж байхаар төр өнөөдрийн ханшаар нь барилга, байшингуудыг шууд худалдаад авчих хэрэгтэй. Тэр эмнэлэг өнөөдөр л хэрэгтэй байна шүү дээ, хүүхдүүдэд. Төрөх гэж байгаа ээжид өнөөдөр л төрөх эмнэлэг хэрэгтэй. Тиймээс төр шууд худалдан авалт хийгээд шийдчих ёстой юм. Тэгэхгүй бол тендер зарладаг тэрэн дээрээ булхайцаж алалцсаар цаг алддаг. Төр нь ч барилга, байшингийн төлөө ажилладаг шиг байх юм. Төр хүсэх юм бол аргаа олох ёстой. Аргаа олохгүй бол ядаж санааг нь өгөхөд ийм л байна.
-Тантай уулзсаных асуулгүй өнгөрч боломгүй сэдэв бол “60 тэрбумын хэрэг”. Үүнийг та анх олон нийтэд мэдээлсэн. Тухайн үед таныг гүтгэлэг тараасан гэж шүүх, прокурорынхон үзэж байсан. Энэ юу болсон бэ. Одоо бол төрийн бүх шатанд “60 тэрбумын хэрэг” бодитой гэдгийг баталж, нотолж байна?
-“60 тэрбумын” гэх тэр бичлэгийг 2016 оны сонгуулийн үеэр олон нийтэд дэлгэсэн хүн нь би. Түүнээс болж хэсэг хугацаанд гүтгэгч, эвлүүлэгч хэмээн чичлүүлж, бараг л би зохиогоод биччихсэн юм шиг юм болсон. Цагдаа, хуулийнханд шалгуулсан. Одоо Хан-Уул дүүргийн шүүхээс намайг “Уучлал гуй” гэсэн шийдвэрийг гаргачихсан байгаа. Шийдвэр гүйцэтгэл нь хараахан гар дээр ирээгүй байна.
Гэхдээ “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж үг бий. Гурван жил үхэр тэргээр явсны эцэст туулайг гүйцэж байна. Тэр нь юу вэ гэвэл, Ардын намынхан өөрсдөө үнэнээ хүлээн зөвшөөрч, одоо МАН-ыг удирдаж байгаа дарга нь өмнөх даргыгаа буруутгаж албан тушаалаас нь буулгаж байна. Ардын нам “60 тэрбумын хэрэг”-ээ хүлээн зөвшөөрч, улс төрийн болон бусад хариуцлагаа хүлээх гэж байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга буюу ҮАБЗ-ийн нэг гишүүнийг албан тушаалаас буулгахдаа “60 тэрбумын хэрэг”-т үндэслэж байна. Энэ бол Ардын нам үнэнээ хүлээж байгаа явдал. Үнэн гэдэг нь үүгээр нотлогдохоос гадна өөрсдөө хийсэн үйлдлээрээ бас баригдлаа. “60 тэрбум” бол амлалтын маягийн яриа хэлэлцээр байсан. Үүнийг амьдрал дээр бодитоор хэрэгжүүлсэн хүн нь У.Хүрэлсүх, түүний Засгийн газар. Тухайлбал, ЖДҮХС-гийн зээл бол “60 тэрбум”-ын хэрэгжилт юм. Тэгвэл өнөөдөр санаачилсан хүнээ гүйцэтгэгч нь хөөж байна. Дараа нь гүйцэтгэсэн хүнээ хариуцлага тооцдог хүн нь хөөх цаг ирэх байх. М.Энхболд, У.Хүрэлсүх хоёул Ардын намын дарга нар. Энэ нь дарга нарын хувь хүний асуудал биш, институциэрээ хийж байгаа асуудал. Ардын намын УИХ-ын төлөөлөл ЖДҮ авсан, Нийслэлийн Ардын намын дарга нь том намын даргадаа санал тавьж байгаа бичлэг шүү дээ, “60 тэрбум” чинь. Тэгэхээр энэ нам бүхлээрээ хариуцлага хүлээх ёстой. Бас нэг зүйл нь хэргээ хүлээн зөвшөөрч байгаа юм бол үр дүнгээс нь татгалзах хэрэгтэй, МАН-ынхан.
Жишээ нь, нийлж машин хулгайлаад, санаачилсаныгаа шоронд явуулчихъя, үлдсэн нь хулгайн машинаа унаад цаашаа явъя гэж гэдэггүй байх аа. Урдах дарга нь төрийн машины жолоог хулгайлаад авчирсан бол тэр жолооны ард суух эрх, ёс зүй бусдад нь байхгүй. Хулгайлсан төрийн машиныг ард түмэнд буцааж өгөх ёстой. “Эрдэнэт”-ийн асуудал ч үүнтэй адил. Хулгайлсан эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч, эзэнд нь буцааж өгөх ёстой. Хууль дүрэм зөрчсөн бол тэрийг буцаах ёстой. Түүн шиг У.Хүрэлсүх өнөөдөр УИХ-аа тарааж, Засгийн газраа огцруулах нь зүйтэй. “60 тэрбум” бол 2016 оны УИХ-ын хурал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх схем байсан шүү дээ. Тэр нь ЖДҮ-гээр үргэлжлээд явж байна. Тиймээс МАХН 2016 оны сонгуулийн дараачаас эхлэн УИХ хууль бус учраас тар гэдэг шаардлагыг албан ёсоор тавьж ирсэн. Одоо ч энэ байр суурьтай байгаа.
-Сүүлийн үед Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг АТГ шалгаж байна. Хэдэн жилийн өмнө та түүнийг шүүмжилж, тэр бүү хэл Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан юм байна лээ. Тэр ямар асуудал байв?
-Ерөнхий прокурорын тухайд хуульд хатуу заасан байдаг юм. Наад зах нь хуульч мэргэжлээр 10 жил ажилласан байх ёстой гэж хуульчилсан байдаг. Хуульч мэргэжил гэдэгт шүүгч, хуульчаар ажилласан хүнийг л тооцно. Д.Дорлигжав яг энэ мэргэжлээр 10 жил ажилласан уу гээд үзэхэд үгүй. Анх малын эмчээс ажлын гарааг эхэлж, дараа нь МУИС-д хоёр жил сурсан гэхээр ямар ч мэргэжил эзэмшсэн юм бэ. Сүүлд нь прокурорт хэдэн сар ажилласан шиг байгаа юм. Түүнээс хойш хуульчийн ажил хийгээгүй. Их төлөв намын дарга, ГОК-ийн дарга, Шадар сайд, сайд гэх мэт албан тушаал хашиж байсан. Эдгээрийг нийлүүлээд тоолсон ч гэсэн 10 жил хүрэхгүй. Жишээ нь, сайдаар ажилласныг нь хуультай холбоотой ажил хийсэн гэж бодоод тоолсон ч хуульд заасан хугацаанд хүрдэггүй юм. Тухайн үед энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахад Цэц процессын хуулиа зөрчсөн байдаг. Хэрэг маргааныг 30 хоногийн дотор шийднэ гэж байдаг атал түүнээс хоёр дахин их хугацааг зарцуулсан.
Дараа нь Д.Дорлигжав өөрөө Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан “Намайг хуульч гэсэн бичиг гаргаж өгөөч” гэснийг нь Үндсэн хуулийн цэц хуйвалдааны маягаар зөвшөөрсөн байдаг. Хэрэв Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргаж өгсөн тэр бичиг байгаагүй бол Цэц дээр унахаар байсан. Тиймээс Цэц хариу өгөхдөө “Сүхбаатар дүүргийн шүүхээс хуульчаар ажилласан 10 жил нь хүрч байна гэсэн бичиг ирүүлсэн учраас хэрэг биш гэж үзэж байна” гээд буцаасан. Уг нь хуулийн байгууллага улс төрөөс хамааралгүй байх ёстой. Манай улс ийм системээр явж ирсэн ч тэр нь Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор томилсноор нурсан. Тэр хүн томилогдсоныхоо маргаашаас эхлээд өөрийг нь сонгуулийн менежер хийгээд явж байхад өрсөлдсөн өрсөлдөгчийг шоронд хориод эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийн сонгуулийн менежер байсан Д.Дорлигжав прокуророор томилогдонгуутаа өрсөлдөгч байсан Н.Энхбаярыг шоронд хорих ажлыг зохион байгуулсан. Үүний дараа би “Энэ байгууллагад улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаж байна, шалгаж өгөөч” гэсэн албан бичгийг Интерпол руу бичсэн. Гэтэл надад ял өгсөн. Тухайн үед “Энэ хэрэг биш байна” гэсэн хэд хэдэн прокурорыг ажлаас нь өөрчлөн сольсон байдаг. Миний олж сонссоноор Д.Дорлигжав “Наад нөхөр чинь намайг Цэцэд өгч байсан юм, заавал ялла” гээд ял өгүүлсэн гэсэн. Энэ бол бодитой болсон явдал, тэр хүмүүс өөрсдөө зөвшөөрвөл сэтгүүлч та бүхэн өөрсдийнх нь амнаас олж сонсоорой.
-МАХН-ын зүгээс өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг “Шинэ МАНАН үүсэх гэж байна” гэж томъёолсон. Үүнийг тайлбарлаж өгнө үү?
-Бид одоогоос нэг жилийн өмнө улс төрийн бусад намтай хамтран “УИХ тарах ёстой” гэж мэдэгдсэн. Дараа нь улс төрийн хөдөлгөөнүүдтэй хамтран мөн “УИХ тарах ёстой” гэсэн мэдэгдэл гаргаж байсан. Тэгвэл одоо Төрийн тэргүүний зүгээс ийм асуудлыг хөндөж, гишүүд ч гэсэн ойлгож ярьж эхэлж байх шиг байна. Өнгөрсөн аравдугаар сард ЖДҮ-ийн асуудал хөндөгдөхөд манай нам “Энэ бол УИХ-ын чадамжийн асуудал. ЖДҮ-чдэд хариуцлага тооц, Их Хурал тар” гэдэг шаардлагыг мөн тавьсан. Өнөөдөр МАХН тэр байр суурьтаа хэвээр байгаа. Сая манай Бага чуулган хуралдахдаа байр сууриа дахин бататгаж, нэлээн урт мэдэгдэл, шаардлагыг гаргасан. Төрд байгаа хүмүүс өөрсдийгөө гэмт хэрэг хийж байгааг ойлгохгүй байна. Өнөөдөр л яаж ийгээд ард түмнийг хуурчихвал болчих юм шиг сэтгэж байна. ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг харахад ямар муухай худалч байна вэ. Би аваагүй гэж хэсэг гүрийгээд, нотлох баримттай ирж яриарай гэж зугтаад л, миний дүүгийнх, хүүгийнх гэж бултаад, тэгснээ авсан байна лээ, би мэдээгүй байсан ухааны юм яриад, зарим нь авахад яадаг юм бэ гэж агсраад, одоо болохоор “Энэ чинь жижигхэн хулгай. Том хулгайг барихын тулд жижиг хулгайг тоох хэрэггүй” гээд явж байна. Нэг жишээ хэлэхэд, монгол хүний орон гэрт хулгайч орж хамаг юмыг нь авчихаж, тэр хулгайч манаач нь байж, тэгээд хөөх гэтэл “Уучлаарай, намайг ажлаас халчихвал надаас өөр хулгайч танайх руу орж ирнэ” гэж хэрэлдээд суухгүй биз дээ. Мэдээж тэр дор нь шорон руу нь явуулж таарна. Монголын төрийн өмчийг манаж бай гээд сонгоод гаргатал нөгөөдүүл нь хулгай хийгээд сууж байдаг. Хөөгөөд явуулах гэтэл “Намайг хөөчихвөл өөр хулгайч орж ирнэ” гэж ард түмнийг хуурах гэж оролдож байна. Хамгийн гол нь хэзээ ч хулгай хийж байгаагүй хүмүүс рүү зааж тэгж ярьж байгаа нь хамгийн муухай. Хажуу хашаанд байгаа хулгайчийг илчилж байгаа хүмүүсийг “Энэ миний оронд суучихна. Надтай адил хулгай хийнэ” гэж өөрсдийгөө өмгөөлж байна. Үүн шиг хулгайч, бусдыг гүтгэгч, ард түмний толгойг эргүүлэгч есөн шид нь бүрдсэн бузрууд Монголын улс төрд шигдчихжээ. Энэ Ардын намд ч, Ардчилсан намд ч байна. Энэ үзэгдлийг бид МАНАН гэж нэрлэж байгаа. Тэд дараагийн байр сууриа заавал өөрсдийн үр хүүхэд, төрсөн ах дүүстээ уламжлуулж өгөх санаатай. Тэр нь аль нэг МАН эсвэл АН-д байж байх ёстой. Улсын толгой дээр ийм хоёр янзын хулгайч байна.Энэ нь шинэ МАНАН юм.Тэд МАНАН-г арилгах байсан бол огт өөр алхам, өөр үйлдэл хийх ёстой байсан. Жишээ нь, УИХ-ын даргыг огцруулах биш чиг үүргийг нь өөрчлөх ёстой байсан. УИХ 76 гишүүнтэй, бүгд адил эрхтэй байх байсан хуулиараа. Гэтэл сүүлд Ц.Нямдорж гэдэг хүн хууль засаад УИХ-ын даргыг бусад гишүүдээс илүү эрх дархтай болгосон. Тэр нь юу вэ гэвэл, УИХ-ын дарга Их хурлаас томилогддог байгууллагуудын даргыг санал оруулах эрхтэй болсон явдал. МАНАН-г арилгах ёстой бол эндээс эхлэх ёстой. Энэ нэг хүний бус системийн асуудал. Өөр нэг асуудал бол МАНАН бүлэглэл байна гэж байгаа бол тэднийг шүүхгүй байгаа шүүгчдийг яагаад баривчлахгүй байгаа юм бэ. Шударга бусын хонгил үүсгэсэн гээд байгаа хүмүүсээ яагаад Дээд шүүх рүү дэвшүүлээд байгаа юм бэ. Тэгэхээр хонгилыг нураах бус түүнд эзэн суух гэсэн хүмүүсийн тэмцэл гэж харж байна. Тэгэхээр МАНАН-тай тэмцэж байна гэж хэсэг жүжиг тоглоод “МАНАН нь М.Энхболд байжээ, бид дарчихлаа” гэж дүр эсгэх гэсэн үйл явц. Дараа нь МАХН ч юм уу аль нэг нь МАНАН-гийн эсрэг тэмцэхээр “МАНАН чинь дарагдсан шүү дээ” гэж хуурах гэсэн оролдого. Энэ бүхэн шинэ МАНАН үүсч буйн илрэл.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: