Э.Гүнбилэгт: Дэлгүүрээ утаснаасаа хянах боломжтой

10

“Бизнес, хөгжил” буландаа “MVENT” компанийн гүйцэтгэх захирал Э.Гүнбилэгтийг урьж яриллаа.

-Танай компанийн үйлдвэрлэсэн “Шагайчин” тоглоом сар шинэ дөхсөн энэ цаг мөчид эрэлт хэрэгцээ их байх шиг байна. Хэзээнээс энэ бизнесийг хийж эхэлсэн бэ?
– Манай компани 2017 онд байгуулагдсан. Би IT-ийн инженер мэргэжилтэй. “Старт апп”буюу гарааны бизнес хийх талаар олон шинэ санаа байдаг.  2016 онд анх “Хуйдан” гэдэг бүтээгдэхүүн хийж зах зээлд гаргасан. Монголд төдийгүй дэлхийд танигдаж борлуулалт сайтай байсан. Тухайн үед шинэ төрлийн бүтээгдэхүүн байсан болохоор  хүмүүсийн сонирхлыг их  татаж байлаа. Нөгөөтэйгүүр борлуулалтаа цахимаар хийж захилга авч, хүргэж өгч байсан нь цаг завгүй хүмүүсийн ажлыг хөнгөвчилж тэдэнд таалагдаж улмаар борлуулалтад нөлөөлсөн.
Түүнчлэн  аялал зугаалгын улиралд тохируулж бүтээгдэхүүнээ зах зээлд санал болгосон нь цаг үеээ олсон бизнес байсан. Манайх дөнгөж эхэлж буй бизнес учраас тусдаа дэлгүүргүй. Энэ тэнд тавьж борлуулах боломжгүй. Зардал өндөр учраас тэр. Манайх үйлдвэрлэлээ улирлын чанартай явуулдаг. Одоо Монголын уламжлалт “ Цагаан сар”-ын баярт зориулж “Шагайчин” брэнд бүтээгдэхүүнээ гаргаж зах зээлд нийлүүлж, онлай­наар санал болгож байна. Манай хэрэг­лэгчид Facebook-ийн хэрэглэг­чид байдаг. Анх m.market цахим дэлгүүрээр борлуулж  байсан. Энэ жилээс “ardshop”дэлгүүртэй хамтарч ажиллахаар боллоо. Эднийх хөдөө орон нутагт “Монгол шуудан” компа­нийн сүлжээг ашиглан  хүргэж өгнө.
– “Шагайчин” болон бусад бүтээгдэхүүнээ танилцуулаач?
– Бидний үеийнхэн ба биднээс дээш үеийнхэн шагайгаар тоглож өссөн болохоор шагайгаар хэрхэн тоглодгийг сайн мэддэг. Харин биднээс доош үеийнхэн, миний хүүхдүүд шагай гэж юу байдгийг мэдэхгүй өсч байна. Түүнчлэн шагайг цуглуулж, цэвэрлэж, будаад хүүхдүүддээ тоглоом болгож зааж өгөх хүн ховор байна. Тиймээс 5000 жилийн тэртээх энэ наадгайг мартагдахаас нь өмнө сэргээж хойч үедээ үлдээе гэж 4-5 жилийн өмнөөс бодож төлөвлөж бэлтгэлээ хангаж үйлдвэрлэлд нэвтрүүлж хэрэглэгчдэд хүргэж байна. Шагайгаар 200 нэр төрлийн тоглоом тоглож болдог гэсэн судалгаа бий. Харин бид 100 орчмыг нь судалж тогтоосон. Дөрвөн шайгайгаар гурван төрлийн тоглоом тоглож болдог байх жишээтэй. Одоогоор дөрөв, 12, 48,108 шагайгаар тоглож болох гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаад байна.
-Шагайг цуглуулж хийж байна уу. Эсвэл тусгай матеиралаар хийж байна уу?
– Хүүхдийн тоглоом хийж болдог хүнсний хуванцар материалаар хийдэг. Монголын болон олон улсын эрүүл, ахуйн стандартад тохирсон хамгийн сайн чанарын хуванцарыг сонгож хийдэг. Хүүхэд амандаа хийхэд үйрдэггүй, бутарч унадаггүй, гар хуруу нь будаг болдоггүй. Хөнгөн, угааж цэвэрлэж болдог, будаг нь арилдаггүй гэх мэт. Төрөл бүрийн өнгөтэй хуванцараар хэвэнд цутгаж үйлдвэрлэдэг. Хуваахад тэр өнгөөрөө л харагддаг учраас будаг нь арилдаг гэсэн ойлголт үгүй. Малын шагайг олноор цуглуулж үйлдвэрлэнэ гэхэд хүндрэлтэй. Гэхдээ зарим онцгой тохиолдолд захиалагчийн хүсэлтийн дагуу үйлдвэрлэж болно. Харин угааж цэвэрлээд будна. Хамгийн гол нь будаг нь эко байх ёстой. Дээр үед хүмүүс шагайгаа модны хүрэн холтост ч юм уу хүрэн манжин зэрэгт чанаж буддаг байсан гэсэн.
-Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үнэтэй гэсэн яриа байдаг.Танай хувьд?
-Манай “Шагайчин” наадгай 12 шагайнаас бүрдэнэ. 18 төрлийн тоглоом тоглож болно. Нэг бүрийн үнэ нь 10.000 төгрөг. Одоо арван хувийн хямдрал зарласан. Мөн манайх мэргэний дөрвөн шагайг ууттай нь 5000 төгрөгөөр борлуулж эхэлсэн. Гэр бүлээрээ хамтран олон төрлөөр тоглох боломжтой тул гэр бүлийн халуун дулаан харилцаа, үнэт цагийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн сар шинийн үеэр тоглож ирсэн уламжлалтай. Иймээс таны бэлэгний тоонд Монголын үндэсний өв уламжлал, ёс заншлыг хүүхэд залуучууд хойч үедээ өвлүүлэн үлдээх оюунлаг бэлэг манай “Шагайчин” брэнд байх болов уу.
-Экспортод гаргах талаар ямар бодолтой байна вэ?
-Манай компани жилд 2000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 10 орчим ажилтантай. Одоогоор цахим захиалгаар, ганзагаар хилийн чанад дахь монголчууддаа борлуулж байна. Манай гадаадад байгаа монголчууд, жуулчид, өв, соёлоо дээдэлсэн хүмүүс манай бүтээгдэхүүний гол хэрэглэгчид, худалдан авагчид юм. Экспортод гаргах боломж их. Харамсалтай нь  нь хил гаалийн бичиг цаас бүрдүүлэх бусад олон шалтгаан, бэрхшээлээс болоод олон тоогоор гаргаж чадахгүй байгаа. Мөн манайх “Тэрбумтан”, “Онц дүмд”, “Мими ба нууцлаг ой” хэмээх тоглоомуудыг зах зээлд нийлүүлдэг. Эдгээр тоглоомоо анимэйшн хэлбэрт шилжүүлж видео кино болгохоор зорьж буй.
– Танай анхны бүтээгдэхүүн болох “Хуйдан” гэж юу гэсэн үг вэ. Аялал жуулчлалын зориулалтын сандал, буйдан гэл үү?
– Энэ нэрийг өгөхдөө хий, буйдан гэдэг хоёр үгнээс нийлүүлж  шинэ нэршил гаргаж “Хуйдан” гэдэг нэрийг өгсөн. Хэрэглэгчдэд мартагдахгүй, сонирхолтой байлгах зорилготой. Монголдоо бүтээсэн болохоор монгол үгээ нийлүүлж шинэ нэр гаргах нь гоё санагдсан. Авч явахад авсаархан, агаар оруулж хийлээд сандал, буйдан болгож хэрэглэдэг. Оросууд  их авсан. Одоо ч асууж, захилга хийсээр байгаа. Улирлын чанартай учраас одоо үйлдвэрлээгүй.
-Ямар материалаар хийдэг юм?
-Ус, агаар нэвтрүүлдэггүй материалаар үйлдвэрлэдэг. Материалаа  Хятад улсаас авахаар өндөр үнэтэй  учраас дотоодын зах зээлээс түүвэрлэх байдлаар түүхий эдээ авдаг. Гэхдээ урдаас оруулж ирсэн ийм төрлийн хийлдэг бүтээгдэхүүн чанар муутай. Хүн амарч, хэвтэхэд хөлөргөж, чийгтүүлдэг. Манайх хамгийн гол нь чанартайг үйлдвэрлэх зорилго тавьдаг. Түүнээс гадна үнийн хувьд монголчуудынхаа боломжид сууриалж тооцсон. Бусад Америк, Европоос оруулж ирдэг ийм төрлийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байдаг.
– Цахим дэлгүүрээр борлуулалтаа хийхийн давуу тал нь юу вэ?
– Дэлхий ертөнц цахим эринд шилжин бүх зүйл хүний амьдралыг амар, хялбар болгоход чиглэж байна. Үүний нэг хэлбэр нь цахим дэлгүүр. Бизнес эрхлэгчдийн хувьд амралтгүй ажиллаж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг байнга эрэлхийдэг бол худалдан авагчид хамгийн тав тухтай байдлаар хэзээ ч хаанаас ч өөрийн хүссэн зүйлээ хайж, олж худалдан авалт хийх сонирхолтой байдаг. Тэгвэл энэ бүгдийн шийдэл нь онлайн дэлгүүр. Үйлдвэрлэгчдийн хувьд олон мянган хэрэглэгчдэд зэрэг хүрнэ. Бүтээгдэхүүний талаарх мэдээллийг түргэн шуурхай өгнө. Дундын зуучлагч байхгүй тул түрээс, нэмэлт зардал төлөх шаардлагагүй. Төлбөр тооцоог бүх хэлбэрээр автоматаар хийнэ. Бизнес эрхлэгч цахим дэлгүүрээ бүрэн хянах боломжтой. Худалдан авагчийн сэтгэл ханамж эргэх холбоо хялбар зэрэг давуу.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих