Сонгуулийн санал тоолох автомат машин сканнер болж хувирав

Сонгуулийн хуулиа удаан хугацааны турш хэрүүл маргаан, хэлцэл зөвшилцөлтэй баталсан УИХ-ын гишүүдэд дахин шийдэх асуудал тулгарав. Энэ нь сонгуулийн саналын хуудсыг тоолох автомат машин худалдан авах ажил. Уг нь энэ ажлыг Сонгуулийн ерөнхий хороо хийх ёстой. Хөрөнгө мөнгө нь ч бэлэн. 2011 оны төсөвт 24 тэрбум төгрөг суулгаж худалдан авах ажлыг СЕХ-ны дарга Н.Лувсанжавд нэг жилийн өмнө үүрэгдээд байсан билээ.

Гэвч энэ ажилд ашиг сонирхлын зөрчил орсон, сонгуулийн үйл ажиллагааг автомат системд шилжүүлэх ажлыг Н.Лувсанжав, Ч.Содномцэрэн нар хэргээр тасалдуулах гэлээ гэсэн шүүмжлэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн гарах боллоо. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал энэ өдөр болж СЕХ-ныхон сонгосон санал тоолох машинаа УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Гэтэл эртнээс яригдаж байсан АНУ-ын “S and S” компанийн саналын хуудас тоолох автомат машин байнгын хорооны хуралд танилцуулагдсангүй. Оронд нь Солонгосын “Мирудата” компанийн үйлдвэрлэн гаргасан банкны төлбөрийн баримт тоолдог сканнер тавигдсан байв. Гаднаас нь харахад энгийн принтер мэт. Энэ сканнерийг нэг ч удаа сонгуульд ашиглаж саналын хуудсыг тоолсон туршлага байхгүй. Харин манай улсад ашиглавал саналын хуудсыг хүчинтэй, хүчингүй гэсэн хоёр ангиллаар уг төхөөрөмж ялгаж өгөх юм гэнэ лээ. Үүний дараа санал тоолох комисс гараар хэн, хэдэн санал авч вэ гэдгийг тоолж гаргах юм гэсэн. Хэрэв ингэвэл 24 тэрбум төгрөг зарлагадаж сонгуулийн санал тоолох ажлыг автомат системд шилжүүлэх гэсэн оролдлогын үр дүн гарахгүй. Угийн л манай улс саналын хуудсыг гараар тоолж хэн, хэдэн санал авсан байна гэдгийг гаргасаар ирсэн.

Тиймээс нөхцөл байдалтай танилцсан гишүүд уг сканнерийг хүлээж авахгүй гэдгээ ч мэдэгдлээ. УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Очирбат, Л.Гүндалай, Д.Энхбат гээд гишүүн бүр ямар ч тохиолдолд хүний гар оролцдоггүй автомат машин худалдан авах ёстой гэж СЕХ-ныхноос нэхэж эхлэв. Үүний үр дүнд сонгуулийн дүн шударгаар гарна гэдгийг ч хэлж буй. АНУ-ын “S and S” компанийн автомат машин нь бараг л хүний гар оролцдоггүй гэдгийг уг төхөөрөмжтэй танилцсан УИХ-ын гишүүд баталж байгаа. Тийм байтал ямар учраас санал тоолох машиныг ийн СЕХ-ныхон өөрчлөв гэдгийг гишүүд сонирхож байна. Бүр Авлигатай тэмцэх газраар шалгуулна гэдгээ ч мэдэгдээд авлаа. Харин энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав тайлбарлахдаа “Америкчууд биднийг үл тоосон. Гэрээний нөхцөл дээр тохироогүй юм. Хэрэв америкчуудын санал болгож байгаа нөхцөлөөр гэрээг хийвэл бид санал тоолох машин худалдаж авсан биш түрээслэсэн хэрэг болно. Тиймээс солонгосын энэ машиныг авахаас өөр гарц байхгүй” хэмээн мэдэгдэж сууна.

Гэхдээ үйл явцад өөр шалтгаан орсон байхыг үгүйсгэхгүй. Угийн л солонгосчуудыг хүнд мөнгө өгч асуудлыг шийдэхдээ сайн гэж ярилцдаг. Тэгэхээр солонгосчуудын хөрөнгө мөнгө, СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга нарын халаас руу оров уу гэдэг асуудал хамгийн түрүүнд сөхөгдөх нь мэдээж. Ингэхдээ Н.Лувсанжав, Ч.Содномцэрэн нар асуудлыг яаж шийдсэн байж таарах вэ. МАН, АН-ыг төлөөлөн СЕХ-г манаж буй хоёр дарга дангаараа, толгой даан шийдвэр гаргаж, тохироо хийх чадамжгүй. Учир нь хоёр даргын нэг нь дур мэдэн асуудлыг шийдвэл нөгөөх нь нийтэд дэлгэж, суудлаас нь унагах магадлалтай. Тэгэхээр үүнийг шийдэж болох ганцхан гарц үлдэж байгаа юм. Тэр нь ханцуйндаа наймаалцаж, хэргийг дуугүй өнгөрөөх. Хэн хэндээ хал балгүй, хоёр биедээ ашигтай гэсэн үг.

Гэнэт солигдсон санал тоолох машины ард ийм тохироо нуугдаж байж магадгүй юм. Ямартаа ч ирэх оны сонгуулийг шударга явуулах хууль нь батлагдсан гэж байгаа.

Гэтэл сонгуулийн саналын хуудсыг хүний оролцоогүйгээр шударга гаргах автомат систем нь ийн гацлаа. Ядаж байхад 2011 оны төсвийн хөрөнгө оруулалтаас ажил нь хийгдээгүй мөнгө эргэн татагдах хугацаа тулчихаад байдаг. Хүний гар огт оролцдоггүй, саналын хуудас тоолдог машиныг худалдаж авах боломж ийнхүү хаагдахад хүрч байна. Уг нь сонгууль явуулахаас нэг сарын өмнө автомат системд шилжүүлж болно гэсэн хуультай. Гэхдээ 2011 оны төсвийн хөрөнгө оруулалт эргээд татагдчихвал СЕХ-ныхон ямар мөнгөөрөө уг төхөөрөмжийг худалдаж авах билээ. Тэгэхээр ирэх жилийн сонгуулийн саналын хуудсыг дахиад л гараар тоолох болох нь. Энэ нь хэнд ашигтай вэ гэдэг асуулт томоор босч ирэх нь дамжиггүй. Үүнд заавал хариулт байх ёстой.

Уг нь 24 тэрбум ч бай, 200 тэрбум ч бай хүнээс хамааралгүй санал тоолж хариуг гаргадаг машин авчихвал сонгууль бүрээр яригддаг луйвар булхай, олон хүний аминд хүрсэн сонгуулийн дүн, иргэдийн итгэл үнэмшлээрээ өгсөн саналд эцсийн цэг тавьж нийгмийн сэтгэл зүйд эерэг хандлага авчрах юм даа.

Л.МӨНХТӨР


URL:

Сэтгэгдэл бичих