Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг суллах уу, үргэлжлүүлэн хорих уу
Улсын Ерөнхий прокурор асан, ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжавыг суллах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг өнөөдөр шийднэ. Түүнийг өдгөө ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Тодруулбал, АТГ-аас түүнийг төрсөн дүү Д.Баатарынх нь хамт авлигын хэргээр саатуулсан. Учир нь Д.Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа, төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн дансаар Т.Ганболдоос 4 сая ам.доллар шилжүүлж авсан хэмээн Т.Ганболд нь хэвлэлээр мэдээлсэн. Энэхүү их хэмжээний мөнгийг 2011 оны 9-10 дугаар сард гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан шүүхээс нэг сар хорих шийдвэр гаргасан ч түүний өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нараараа дамжуулан давж заалдаад байгаа билээ.
Уг гомдлыг энэ сарын 14-нд буюу өнгөрсөн даваа гаригт хэлэлцэх байсан ч өмгөөлөгч нарынх нь зүгээс шинээр нотлох баримт гаргаж ирнэ гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хоёр хоногоор буюу өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
Хурал өнөөдөр 11.00 цагаас эхэлнэ. Уг хуралд тэдний өмгөөлөгчид ямар шинэ баримт дэлгэх нь анхаарал татаж байна. Цагдан хорионы шүүх хуралд үргэлжлүүлэн хориулахгүй, суллуулах баримт дэлгэх нь тодорхой. Үүнээс харахад өвчний шалтгаанаар хориулахгүй байх, эсвэл Т.Ганболдын ярьсныг үгүйсгэж цагдан хорих шаардлагагүй гэсэн баримт дэлгэх бололтой.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Б.Аз
URL: