Монголчууд цагаан сард зориулж дунджаар 357 тэрбум төгрөгийг гадагш гаргаж байна
Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Айл өрхүүд шинэ сардаа бэлтгэж бэлтгэлээ базааж банш буузаа чимхэж, гарын бэлгийн ажилдаа гарсан харагдана.
Хэдий эдийн засгийн хямралтай, амьдралын боломж тааруу байгаа ч ахас дээдсээ хүндэтгэн дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан төрт ёсны уламжлалт баярыг монголчууд ёстой л “хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж” өргөн дэлгэр тэмдэглэдэг.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд цагаан сарын бэлгэнд элдэв янзын хэрэгтэй хэрэггүй шампунь, оймс, чихэр шоколад зэрэг хятадын чанар муутай бараа өгдөг болоод байгаа. Тэр жишгээр энэ жил ч мөн ялгаагүй зах худалдааны төвийн лангуун дээр дандаа урд хөршөөс орж ирсэн 1000-10000 төгрөгийн үнэтэй бараанууд харагдаж байгаа нь нууц биш.
Үүнийг цагаан сар дөхөхтэй зэрэгцэн огцом өссөн галт тэргээр зорчигчдын тоо ч гэрчлэнэ.
Мөн хамгийн сүүлд Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар, Сар шинийн баяр Цагаан сард зориулж дунджаар 357 тэрбум төгрөгийг гадагш гаргаж байна тооцоо гарчээ.
Тодруулбал, Манай улсын нийт өрхийн 64 гаруй хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Тодруулбал, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй айлуудын 25 гаруй хувь нь, 30-39 насныхны 45 хувь, 40-49 насныхны 65 хувь, 50-59 насныхны 85 хувь, 60-аас дээш насныхны 95 хувь нь өргөн дэлгэр тэмдэглэдэг гэсэн дүн гарчээ. Дээрх тоогоор цагаан сарын баярыг 572.6 мянган өрх өргөн тэмдэглэж, нэг өрх идээ ундаа, гарын бэлэгт зориулж 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Үүгээр тооцвол, улсын хэмжээнд Цагаан сарын баяраар айл өрхүүд нийтдээ 845.2 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Харин бэлгийн 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж буй аж.
Жижиг улсын маань эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулахуйц хэмжээний мөнгө эргэлддэг энэ баяраар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, монгол хүн бүрийн халааснаас гарч буй энэ их мөнгөний урсгалыг эх орондоо үлдээж чадвал манай эдийн засагт багагүй тустай.
Өөрөөр хэлбэл, айл бүр буузаа орос биш, монгол гурилаар хийж, баярын ширээн дээр тавих идээ ундаа, чихэр, үрлээс эхлээд хэрэглэх амны цаас, гийчдэдээ барих бэлэг сэлтээ үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс сонгож чадвал манайд л хэрэгтэй.
Энэ талаар бид иргэдийн байр суурийг сонслоо.
Ж.Занданхүү: Иргэн бүр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, худалдан авах учиртай
-Монголынхоо эдийн засгийг сэргээж, хөгжилд нь бага гэлтгүй нэмэр болохын тулд иргэн бүр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, худалдан авах учиртай. Тэгж байж л бид гадагш урсах асар их мөнгийг эх орондоо үлдээнэ. Энэ жил манайх аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдаж авахыг зорьж байгаа. Ер нь хаана ч явсан манай бараа, бүтээгдэхүүн нүүр улайлгадаггүй, нүнжигтэй. Бас жинхэнэ эко, органик учраас эрүүл мэндэд аюулгүй гэдэгт нь итгэж болно. Үүнээс гадна нэг чухал зүйл гэвэл эргээд буух эзэнтэй бүтээгдэхүүн л сонгох хэрэгтэй шүү дээ. Тиймээс үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээрэй гэж уриалъя. Монгол хүн бүр ийм үзэл бодолтой байж чадвал энэ улс хөгжиж эдийн засаг сэргэхэд ойрхон л байна.
Э.Мөрөн: Солонгос, япон, вьетнамчууд үндэсний уламжлалт баяраараа зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ хэрэглэхийг чухалчилдаг юм байна лээ
- Өнгөрсөн жил “Манай гэр бүл үндэсний үйлдвэрлэлээ ингэж дэмжлээ” гэсэн тайлбартай нэгэн зураг цахим хуудсаар нэлээд эрчтэй тархсаныг санаж байна. Ууц шүүсээ хүрэх хутга нь хүртэл монгол үйлдвэрлэгчдийнх байсныг тухайн үед амаа олохгүй магтаж асан хүмүүс өнөө жил өөрсдөө тэр үлгэрээр замнаасай гэж хүсч байна. Солонгос, япон, вьетнамчууд үндэсний уламжлалт баяраараа зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ хэрэглэхийг чухалчилдаг нь жирийн хэрэг яавч биш байж таарна. Тиймээс иргэд маань сэтгэлээрээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, үйлдвэрлэгчид нь иргэдээ бодож үнээ боломжийн төвшинд барьвал сайнсан.
Т.Энхболд: Бэлэг өгсөн нэр зүүхийн тулд элдэв эрээн мяраан зүйлээр бусдын нүдийг хуурах хэрэггүй
-Нэг үеэ бодоход Цагаан сараар “Эрээний хог” түүхээр хошуурдаг байсан ганзагын наймаачдын цуваа татарч, нэг үгээр хэлбэл, ард хоцорсон байна. Гэхдээ л энд тэндээс оруулж ирсэн хэрэгтэй, хэрэггүй “юм” интернэт худалдаанаас эхлээд хаа сайгүй элбэг байна. Бэлэг өгсөн нэр зүүхийн тулд элдэв эрээн мяраан зүйлээр бусдын нүдийг хуурч байхаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд оймс ч болов бэлэглэх хэрэгтэй бус уу. Тэглээ гээд “Тэднийх оймс өгч байгаа юм даа” гэх хүн гарахгүй биз. Харин ч “Цагаан сараар бүтэн жилийнхээ оймсны хэрэгцээг хангачихлаа” гээд хошигнодог шүү дээ. Хүн бүр аль чадахаараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг чухалчилах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
Т.Гэрэл
URL: