УИХ-ын даргын суудал хэний талд очих вэ гэсэн тэмцэл чимээгүй дуншиж байна
Монголын улс төр эе эвээр өлсөж, хэрүүл тэмцлээр цатгалдсан хэвээр байна. Баасан гарагт гар барилцаж, “хайр” зарласан эрх баригч хүчний тэмцэлдэгч талууд даваа гарагт дахин тус тусдаа мэдээлэл хийж бие биеэ буруутгасан нь амралтын өдрүүдээр үүсгэсэн хайрын романс өндөрлөснийг гэрчлэв.
Өчигдөр үдээс өмнө нэр бүхий 4 гишүүн мэдээлэл хийж, УИХ-ын дарга энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг гаргасан байна. Гэтэл дээрх хуулийн /Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай/ хуулийн төслийг хэлэлцэх асуудлын долдугаарт оруулсан учир хамгийн эхэнд хэлэлцүүлэхийг шаардаж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чуулганыг ээлжит бусаар хуралдуулах ёстой гэлээ.
Энэ хуулийн төслийг парламентаар баталснаар М.Энхболд албан тушаалаа өгөх эрх зүйн орчин бүрдэх хэдий ч УИХ-ын даргын зүгээс “Ерөнхийлөгчийн тавьсан хуулийн төслийг хэлэлцээд, батлаад явах нь зүйтэй. Ялангуяа жагсаал зохион байгуулж байгаа гишүүд ийм саналтай байгаа бол хуулийг нь батлаад хуулийн дагуу ажлаа өгөхөд татгалзаад байх зүйл байхгүй” хэмээн ирц нь бүрдэхгүй байсан Байнгын хорооны хуралд ирснээр асуудал хэлэлцэх боломж бүрдсэн байдаг.
Үүнд сэтгэл нь хөдөлсөн зарим гишүүд хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйсан хэрэг. Мөн бас бус гишүүд ч харилцан уучлалт гуйжээ. Гэхдээ ингэснээр энэ намын дотор үүссэн хүйтрэл эрхбиш бүлээсч, эвлэрлийн эхлэл болсон. Харамсалтай нь энэ “хайр” шинэ долоо хоногийн эхний өдөр хайлаад урсчихлаа.
Өөх өгсөн хүнтэй өдөржин заргалдав гэгчийн л юм болов. Учир нь УИХ-ын даргын зөвлөл Баасан гарагийн өдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх асуудлыг баталж дээрхи хуулийн төсөл хэлэлцэх асуудлын долдугаарт эрэмбэлэгдсэн байжээ. Харин орой нь хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх асуудлын долдугаарт байгаа асуудлыг эхний хэлэлцэх асуудал болгоод явна гэж ярилцаж тохирсон ажээ. Гэтэл энэ ярьж тохирсноо мартчихав уу яав, эсвэл попормоор санагдсан уу нэр бүхий 4 гишүүн мэдээлэл хийж “асуудлыг долдугаарт оруулсан учир хамгийн эхэнд хэлэлцүүлэхийг шаардаж байна” гэв.
Эрх баригч намын бүлгийн гишүүд өмнөх долоо хоногийн Пүрэв гарагт уулзаж “сандал ширээ” ярьсан гэх мэдээлэл байгаа юм. Өчигдөр Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийх үеэрээ “Д.Хаянхярвааг УИХ-ын дарга, Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол энэ хуулийг чинь батлахгүй гэж шантаажилсан” гэлээ. Гэтэл Ж.Мөнхбат гишүүн түүний мэдэгдлийг үгүйсгэж, “Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нарыг дарга, сайд болгох асуудлыг яриагүй. МАН учраа олох чиглэл рүү явж байгаа нь үнэн ч УИХ-ын дарга, сайд болгоно гэсэн нэг ч тийм зүйл яриагүй” гэлээ.
Ийнхүү нэг намын нөхдүүд хоёр өөр зүйл ярилаа. УИХ-ын даргад нэр нь яригдсан гэх Д.Хаянхярваа өөрийгөө УИХ-ын дарга “болох” гэж байгааг хэвлэлээс олж мэдсэн, “УИХ дарга бол гэсэн ч би болохгүй” гэдгээ итгэл төгс илэрхийлж байх юм. Ингэхээр хоёр тал уулзсан нь үнэн ч харин албан тушаалын хуваарилалт яриагүй байх магадлалтай аж.
Гэхдээ УИХ-ын даргын суудал хэний талд очихов гэсэн тэмцэл энэ намынхан дунд чимээгүй дуншиж байгаа нь маргах аргагүй үнэн билээ.
М.Нэргүй
URL: