Д.Уртнасан: Ганц Макаог бус, өөр олон багийг хождог болох хэрэгтэй
Сагсан бөмбөгийн холбооны 2006, 2011 оны шилдэг дасгалжуулагч, лигийн дөрвөн удаагийн аварга “Харцага” багийн дасгалжуулагч, Д.Уртнасантай ярилцлаа.
-Та сагсан бөмбөгийн спорттой амьдралаа холбоод хичнээн жил болж байна вэ?
-Анх нийслэлийн тавдугаар сургуулийн зургадугаар ангийн сурагч байхдаа энэ спортоор хичээллэсэн. Түүнээс хойш 30 гаруй жилийг сагсан бөмбөгийн спортын хөгжлийн төлөө зориулсан байна.
-Энэ хугацаанд хичнээн багийг дасгалжуулж, ямар амжилт гаргасан бэ?
-Москвагийн Биеийн тамирын дээд сургууль төгсөж ирээд 1984 онд Барилгачин нийгэмлэгт анх дасгалжуулагчаар ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед манай шилдэг тоглогчид болох Цэвэрбал, Мэндсайхан агсан, Баттулга агсан гээд тухайн үеийн шилдэг бүх тоглогч нарыг анх дасгалжуулсан. Дөнгөж ирээд баг бүрдүүлэн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон мөнгөн медаль хүртсэн юм. Түүнээс хойш Хоршоолол нийгэмлэгт дасгалжуулагчаар ажиллаж байхдаа өсвөр үеийн улсын аваргаас алт, мөнгөн медалийн эзэд болцгоосон. Мөн цэргийн алба хааж байхдаа Хүч нийгэмлэгт туслах дасгалжуулагчийн албанд томилогдон Монголын бүх ард түмний долдугаар спартакиадад оролцон алт, мөнгөн медалийн эзэд болж байлаа. 1994 онд Монголын сагсан бөмбөгийн холбоо анх удаа Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад Хөх тэнгэр багийг дасгалжуулсан. Мөн “Моносоник” багийг дасгалжуулж байгаад 2002 оноос өнөөдрийг хүртэл “Харцага” багийн дасгалжуулагчаар ажиллаж байна даа.
-”Харцага” баг лигийн тэмцээнд хамгийн олон буюу дөрвөн удаа түрүүлсэн. Энэ амжилт тантай бас салшгүй холбоотой…?
-”Харцага” баг маань анх Хангайн харцага нэртэйгээр байгуулагдаж байсан. “Хангай” компани ивээн тэтгэж лигийн тэмцээнд оролцон аварга болсноор амжилтын гараа маань эхэлсэн. Миний ууган шивь болох ОУХМ Түвшинбаяр Америкт нэг жил суралцаж ирээд баг байгуулах тухайгаа хэлж намайг дасгалжуулагчаар урьсан юм. Майбаяр, Тамир, Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй багаа бүрдүүлж байлаа. Дараа жилээс нь 2009 оныг дуустал Хараагийн харцага нэртэйгээр тэмцээнүүдэд оролцсон. Хараагийн Харцага баг лигийн хоёр удаагийн аварга болж, нэг удаа мөнгөн медаль хүртсэн. Ноднингоос Харцага нэртэйгээр ахин тоглож лигийн аварга боллоо. Ингэснээрээ бид Харцага нэрийн дор дөрвөн удаа лигийн аварга хэмээх эрхэм цолыг хүртээд байгаа юм.
-Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд тамирчдын бэлтгэл хийх заал, талбай хомс шүү дээ. Танай баг хаана, яаж бэлтгэлээ хийдэг вэ?
-Тийм. Манайд тамирчид бэлтгэл хийчихээр заал, талбай хомс шүү дээ. Лигийн тамирчдад мэргэжлийн заал олдохгүй хэцүү шүү дээ. Ирэх жил Монголын сагсан бөмбөгийн холбооны 50 жилийн ой тохионо. Энэ хүрээнд эхний ээлжинд сагсан бөмбөгийн ордонтой болох талаар хэлэлцэх хэрэгтэй. Одоо спортын төв ордон гэхэд л олимпийн жил гээд топ хэдэн спортынхон бэлтгэл хийгээд бусад спортын тэмцээнүүд хойшилж байна. Манай спортын ордон гэхэд л үзэгчид ихтэй сагсан бөмбөгийн лигийн тэмцээний үеэр л гэхэд үзэгчид нь багтахгүй олон хүмүүс гадаа хоцордог. Тэгээд агааржуулагчаас эхлээд асуудал их байгаа. Манай багийнхан гэхэд л Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн заалыг түрээслэн бэлтгэлээ хийдэг.
-Харцагынхан бусад багийн тамирчдыг бодоход тоглогч нар нь харьцангуй тогтвортой байдаг. Олон жил хамт тоглосон болохоор бие биенийгээ мэдэрч, амжилт гаргахад ч бас нөлөөлдөг байх?
-Багийн спорт гэдэг бол хамт олны спорт байдаг. Хамт олон бүрдэнэ гэдэг маш их цаг хугацаа шаардсан ажил. Манай багт 23-25 насны тамирчид тоглодог. Тийм болохоор бусад багийнхны дэргэд ахимаг настайд нь тооцогддог юм. Гэсэн ч Харцагын давуу тал олон жил хамтран гар нийлэн тоглосон болохоор бие биенийгээ ойлгодог. Ялалт гэсэн ганцхан зорилгын төлөө тууштай үнэнч зүтгэж чаддагт байгаа юм. Бидний бодол, санаа нэг зүгт үргэлж байдаг болохоор амжилт гаргах гол үндэс нь болж өгдөг. Олон багийн олон зан араншинтай хүмүүсийг нэгтгэн нэг баг болгоно гэдэг хэцүү шүү. Багийн тамирчдыг нэг хүн шиг болгоно гэдэг сайн дасгалжуулагчаас гадна цаг хугацаа шаардсан их хөдөлмөр юм. Манай баг гэхэд л ШУТИС-иас дөрвөн тамирчнаа авч тоглуулж байгаа ч гар, сэтгэл, зорилгыг нь нэгтгэхийн тулд хоёроос гурван жилийг зарцууллаа. Нэг багт байсан тамирчдад ийм цаг хугацаа зарцуулж байхад бие биенээ мэдэхгүй бусад хүмүүст түүнээс илүү цаг гаргах хэрэгтэй болдог.
-Ноднин жилээс лигийн багууд гаднаас легионер тамирчид урьж тоглуулах болсон. Энэ жил танай баг гаднаас тамирчин урьж тоглуулах уу?
-Үндэсний дээд лигийн найман баг ноднингоос легионер тамирчид тоглуулж эхэлсэн. Энэ нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд түлхэц өгөхүйц зүйл л дээ. Гадаадын легионер тамирчидтай нэг талбайд тоглосноор манайхан асар их зүйл сурч байгаа. Тэр өрсөлдөөн дундаас л тамирчдын ур чадвар дээшилнэ гэсэн үг. Энэ үүднээс манай баг хоёр легионер тамирчин авчирна. Нэг нь ноднин манай багт тоглож байсан Ди маань байх юм. Манай багт ямар байрлалд тоглогч хэрэгтэй байгааг харгалзан үзэж дараагийн тоглогчийг сонгоно.
-Багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу?
-Хоёр тамирчин нэмэгдэхээс өөр өөрчлөлт орохгүй. Ноднин жилийнхээ аваргыг бататгахын төлөө л тоглоно.
-Шинэ тамирчныхаа тухай танилцуулахгүй юу?
-Шинээр багийн бүрэлдэхүүнд оролцох тамирчин маань АНУ-аас ирнэ. 185 см орчим өндөртэй. Дундын зайн шидэлт сайтай тоглогч. Ирэхийг нь түр хугацаагаар хойшлуулсан. Яагаад гэвэл ирэх оны нэгдүгээр сард Монголын сагсан бөмбөгийн холбооны шугамаар Сербээс дасгалжуулагч ирнэ. Тэр хүний зардал, байр, цалин хөлсийг манай компани дааж байгаа. Лигийн тэмцээн дуустал Харцага багийг надтай хамт дасгалжуулна. Бид багийнхаа бичлэгийг явуулсан. Шинэ дасгалжуулагчтайгаа хамт ярилцаж байгаад багтаа хүнээ сонгоно. Америкаас ирэх тамирчны болзол ерөнхийдөө бидэнд таалагдсан. Гэвч серби дасгалжуулагч маань өөрийн нутгаас бас тоглогч авчрах санал гаргаад байна.
-Харцагын тоглолтыг харж байхад эхний хоёр үед оноо алдаж байгаад сүүлийн хоёр үед оноогоо нөхөж авдаг. Үзэгчид хожигдчихлоо гээд бодож байхад тоглолтыг эсрэгээр нь эргүүлж ялалтад хүрдэг. Тоглолтынхоо тактикаас хуваалцахгүй юу?
-Энэ тоглолт манай багийн бичигдээгүй хууль юм л даа. Бид нар эхний хоёр үедээ оноо алдаж араас нь хөөж тоглоё гэсэн тактик байхгүй. Тоглолтоос тоглолтын хооронд ийм нэг зүйл гараад байдаг юм. Манай баг харьцангуй нас ахимаг, хурд багатай учир түүндээ таарсан хамгаалалт хийдэг. Эсрэг багийнхан үүнийг мэддэг болохоор гурав хоёрын эсрэг довтолгоогоо бэлдэж орж ирдэг. Үүнээс болоод манай баг эхний хоёр үед оноо алддаг гэж бодож байгаа. Энэ жилээс хамгаалалтын тал дээр байршлын биш хувийн хамгаалалтандаа анхаарна. Янз янзын хувилбарыг бэлтгэл сургуулилтандаа ашиглаж эхэлсэн. Сайн хэрэгжиж чадвал эхний хоёр үед оноо алдаж сүүлд нь оноогоо нөхнө гэж хамаг хүчээ шавхдаг байдлыг өөрчилж чадах юм.
-”D” лигт Үндэсний биеийн тамирын дээд сургуулийнхан өндөр амжилт үзүүлж байгаа. Харцагын залгамж халаа бэлтгэгдэж байна уу?
-Би 2003 оноос ҮБТДС багшилсан. Сагсан бөмбөгийн холбооноос дөрвөн том тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь “D” лигийн тэмцээн юм. Энэ лигт Харцага багийн Золзаяа, Дорждамба нар тоглож байгаа. ҮБТДС-ийн оюутнууд маань нийт 10 тоглож ес хожиж, нэг хожигдлоо. Энэ амжилтаараа бүсээ тэргүүлсэн шүү. Орон нутгаас ирсэн оюутнууд маань олон тэмцээн уралдаанд орж чаддаггүй. Тэр ч үүднээс би сургуулийнхаа захиргаанд тэмцээнд оролцох хүсэлтээ гаргахад удирдлагууд дэмжсэн. Чин үнэнийг хэлэхэд ийм өндөр амжилт гаргана гэж бодоогүй. Хэдэн шавь нараараа бахархаад л сууж байна.
-Монголын шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд орохдоо нэг сар бэлтгэл хийгээд оролцдог. Тамирчдыг цалинжуулаад шигшээ багаа бүрдүүлэн бэлтгэл хийлгэх боломж байдаггүй юм уу?
-Тэр үнэн. Манай шигшээ баг олон улсын тэмцээнд оролцох гэж сар юм уу 45 хоног л бэлтгэл хийгээд ордог. Гэтэл гадныхан бол сагсан бөмбөгөө амьдралаа болгочихсон цалингаараа бүх зүйлийг зохицуулж байна. Ганцхан сагсан бөмбөгийн амжилт, хөгжлийн төлөө л гэж явдаг. Монгол Улс сагсан бөмбөгийн хөгжүүлье, шигшээ багаа бүрдүүлье гэвэл боломж байна. Сагсан бөмбөгийг холбоо томоохон компаниудтай хамтран шигшээ багаа бүрдүүлээд цалин хөлсийг нь ахиухан өгөөд байнгын бэлтгэлтэй байлгахад амжилт гаргана шүү. Ганц Макаог хожоод байж болохгүй л дээ. Хятад, Солонгосын тамирчдын ур чадвар нь өсөөд дэлхийд гарч байхад ганц багтайгаа тоглоно гэдэг байж болохгүй зүйл. Гадаадын тамирчидтай хамтран бэлтгэлд гарч, нөхөрсөг тоглолтонд оролцуулах хэрэгтэй. Тэгж байж л Азидаа хэдэн баг хождог болно. Тэгэхгүй Азийн хамгийн буурай орнуудтай тоглоод байх юм бол энэ хөгжил биш юм.
Э.ЭНХБОЛД
URL: