Цагаан сар хар нулимсгүй л байгаасай
Өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлдэг үндэсний уламжлалт баяр цагаан сар улам ойрхон айсуй. Энэ жилийн цагаан сар урьд өмнөх жилүүдийн цагаан саруудаас илүү эрт өөрөөр өчвөл айсуй хоёрдугаар сарын хоёронд битүүн болж, гурванд цагаан сар болох нь ээ. Айл гэр бүл бүрт аль хэдийнэ цагаан сараа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх тухай яриа хөөрөө өрнөж, хэд хэчнээн зоос төсөвлөн зарж, цагаан сарын ууц, нуруу, ул боов, бэлэг хадаг гээд л хүмүүс цагаан сарын тухай хүссэн ч хүсээгүй ч ургуулан бодсоор байна.
Цэнхэр дэлгэц, радио, телевизийн олон сувгаар ул боовны зар сурталчилгаа эрч хүчээ авч байгаа нь хэнд ч илүү анзаарагдаж, хэн хүний анхаарлыг татна Тухайн жилийн цагаан сарыг элбэг дэлбэг, өнгө донжтой, санаандаа тултал сайхан тэмдэглэж өнгөрүүлэх аваас тэр айл гэрийн аз хийморь, амьдрал жаргал, хувь тавилан тэгш бүрэн болох нь буй. Үнэн худлыг хэн мэдлээ.
Гэхдээ амны билгээс ашдын билиг оршдог ч байж болох юм. Манай ард түмэн үндэсний цагаан сарын баяраа бүтэн жилийн турш хүсэн хүлээж, нүсэр зардал үрлэг гаргаж, хутга тавихгүй ууц огтолж, хундага тавихгүй архи хөнтөрч, хөнжлийнхөө энгээр хөлөө жийхээ мартаж, арай дэндүү нэрэлхүү цамаан зан араншинтай юм уу даа гэмээр хэдэн өдөр, хоногоор найрлаж цэнгэх нь гэм биш зан болсныг нэг их мартаж хөөрөгдөх нь тийм чиг өлзийтэй зүйл биш байх гэж би хувьдаа бодож явдаг юм. Энэ жилээс эхлээд хүн ард, олон нийт минь хот, хөдөөгүй уламжлалт цагаан сарын баяраа арай даруухан тэмдэглэн өнгөрүүлж, зугуухан энэ даруухан ёс жаягтаа жилээс жилд дасан зохицож, улмаар үр дүнтэй нутагшуулах юм бол илүү өшгөөж хишиг, өлзий дэмбэрэлтэй болохсон биш үү гэсэн саналыг дэвшүүлж байна.
Монголын үлэмж цөөнх хэсэг нь нэлээд баяжиж, хөрөнгөжиж байгаа боловч үнэмлэххүй олонхийн амьдрал жигд чинээлэгжих нь яагаа ч үгүй, хүн амын бараг тал хувь нь шар өдөр, бор хоногийг дөнгөн данган өнгөрөөж, ядуу тарчиг хэвээр аж төрж байгаа нь үйлийн үргүй үнэн билээ. Аж амьдралын хэм хэмжээ ийм доогуур байхад бид ажиллаж хөдөлмөрлөхдөө ургаа хад шиг хашин, ууж идэж, баярлаж цэнгэхдээ уургын морь шиг агсам байх нь тийм чиг дөвийлгөж хөөрөгдөх уламжлалт зан үйл биш ээ. Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүмүүн номхон байдаг шиг үндэсний их баяр цагаан сараа аль болох соёлтой, даруухан, гэхдээ эртний зан үйлээ гээж орхигдуулахгүйгээр тэмдэглэж заншвал яасан юм бэ?
ӨР, ЗЭЭЛГҮЙ ӨНГӨРӨӨВӨЛ ДЭЭРГҮЙ ЮУ?
Бидний амьдрал нэгэнт хүрэлцээтэй биш болохоор цагаан сараа тэмдэглэх гэж айл, өрх, иргэн бүр санхүү, эдийн засгийн чадавхиар тартагтаа тултлаа доройтож, цагаан сарын дараа өр ширэнд унаж тамирдан, нэг хэсэгтээ л өөдлөхөө больдог үйл явдал болоод байгаа нь хэнд ч нууц биш ээ. Цагаан сар дөхөөд ирэхийн цагт банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газарт байр орон сууцныхаа гэрчилгээ, ээмэг бөгж, мөнгөн аяга, шүр сувд ер нь хувь хүн, айл гэрт үнэ цэнтэй юу л байгаагаа тавьж, өр зээл авч, цагаан сарын бэлтгэлээ базаадаг билээ.
Бараг л Монгол ардын суут, их зохиолч Д.Нацагдорж агсны “Цагаан сар хар нулимс” алдарт өгүүллэгт гардаг шиг үйл явдал болж өнгөрөх нь цөөнгүй. Банк, санхүүгийн бус байгууллагын болон Барьцаалан зээлдүүлэх газрын тарган цатгалан, жирийн ард иргэд, хүн зоны ядуу зүдүү, туранхай эцэнхий болдог нь маргаангүй. Эрт урьдын цагт бидний ухаант өвөг дээдэс минь “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж алтан сургаалиа хайрладаг байсан сан. Энэ бол манай ард түмний амь зуулгаа тэгшхэн авч явдаг нэг ёсны гүн ухаан нь байж дээ.
Өдгөө цагт “Өртэй бол баян, өвчин эмгэгтэй бол жаргалтай” болсон гэвэл үнэнд хэр нийцэх вэ? Энэ удаагийн цагаан сараас эхлэн Монголын үндэсний уламжлалт цагаан сараа айл бүр, иргэн болгон өр ширгүй, зээлийн дарамтгүй, дараа нь өрөнд унаж, өтөнд баригдана гэж айж эмээх юмгүй даруухан тэмдэглэн өнгөрүүлбэл дээргүй юу? “Өртэй хүмүүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” гэсэн ардын мэргэн үгийг цагаан сарынхаа өмнө ганц удаа ч гэсэн бодож болгоож үзэхэд илүүдэхгүй болов уу?
Миний бодлоор бол өр, зээлийн дарамттай цагаан сараа дэндүү сайхан, тансаглан тэмдэглэж өнгөрүүлсэнд орвол ямар ч өр зээлгүйгээр санаа амар, сэтгэл амгалан цагаан сараа даруухан тэмдэглэж өнгөрүүлэх нь хавьгүй илүү мэт санагддаг юм. Өр, зээл бол хүний сэтгэлийн там билээ. Тамын зовлон дараа нь амсаж эдлэхгүйгээр үндэсний уламжлалт цагаан сараа тэмдэглэж өнгөрүүлбэл яасан юм бэ?
ГАР ЦАЙЛГАХ БЭЛЭГ ХАДГАА БОДОЛТОЙ БЭЛДМЭЭР БУС УУ?
Цагаан сарын бэлтгэл ажлын бэтэг болсон нэг асуудал бол орж гарсан хүмүүсийн гарыг цайлгах бэлэг хадаг бэлтгэх. Аль хэдийнэ ганзагын наймаачид Эрээн хотын зах зээлээс цоорхой оймс, үзэг харандаа, саван сойз, алчуур, мэтхэнийг бөөн бөөнөөр ганзагалан ирж, цагаан сарын өмнө зарж борлуулах аян эхэлжээ. Илүү дутуу хэдэн бор юмаа Эрээн хотын зах дээр үрж, хүний амьдралд эрэлт хэрэгцээ багатай аль хямдхан хог цуглуулж, хүн ардаа нэг үгээр хэлэхэд молигодож, үнэгний сүүл шиг хуурч байсанд орвол эх орны үндэсний бэлэг дурсгалын зүйлээс цагаан сараар хүний гар цайлгах бэлгээ бэлдвэл яасан юм бэ?
Миний бодлоор бол бүсгүй хүмүүний гарыг цайлгахад “Монос” ХХК-ийн гоо сайхны багц бүтээгдэхүүнүүдээс дээжлэн авахад хүнийг сэтгэлийг баярлуулан догдлуулна уу гэхээс гомдоохгүй нь лавтай. Оймс, алчуур авмаар байгаа бол заавал Эрээн хотын чанар, чансаагүй оймс, алчуурханаар яах юм бэ? Эх орныхоо үндэсний жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүнээс сонгож авч яагаад болохгүй гэж? Эмээ нартаа өлзий хишиг сайтай “Өглөө” сүү, өвөө нартаа бэлэг дурсгалын дэлгүүрээс арай утга соёл төгөлдөр авсаархан бэлэг авч өгч болно шүү дээ. Цагаан сарын баяраар ахмад хүн бүрт архи ганзагалаж өргөн барьдаг бичигдээгүй хууль, ёс жаягаасаа салах тийшээ хандвал яасан юм бэ?
Яагаад гэвэл 2010, 2011 он солигдох торгон агшинд манай эх орны тамирчдын сүлд модны наадам буюу “Бөртэ чоно” шагнал гардуулах ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Юуны түрүүнд шинэ жилээ архигүй тэмдэглэж байгаа хувь хүн, гэр бүл хамт олон байгаа бол Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Архи гэдэг бол манай нийгэмд тулгамдсан хамгийн эмзэг, хамгийн аймшигтай зүйл болжээ. Балчир бага насны охид хүүхдүүд хүртэл энэ хорыг хэрэглэх болов.
Архи гэдэг Монголлчуудын бахархал, монголчуудын амьдралтай нийцэхгүй. Энэ цаг мөчөөс эхлээд миний хундаганд, миний аяганд архи байхыг би хүлээн зөвшөөрөхгүй. Таны аяганд, таны хундаганд архи байхыг та битгий хүлээн зөвшөөрөөч ээ. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах тэр торгон агшинд ард түмэндээ хандаж үг хэлж байх тэр мөчид миний аяганд, миний хундаганд архи байхгүй, тэнд сүү байх болно, эсвэл цай байх болдно. Хувь хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Энэ хорноос бүгдээрээ татгалзая.Бидний хамгийн үнэтэй цэнтэй зүйлсийг энэ хор устгаж байна. Монголын нийгмийн сайн сайхан бүхнийг архи хойш татаж байна. Архи хэрэглэдэггүй гэр бүл, хамт олон, хот айл, нийгэм болохын төлөө хамтарч ажиллая гэдгийг нийт ард түмэндээ уриалья” гэж хэлсэн билээ. Энэ удаагийн цагаан сарын баяраас эхлэн архи дарсаар балгалзаж, нохойн толгой гурав харагдтал ууж идэхээ аль болохоор азнавал яасан юм бэ? .
С.Энх-Амар
URL: