Улс төрчдийн “бэлэг тараалт”-ын ажиллагаа эхэллээ

153

Жил бүрийн цагаан сар дөхөх үед төрийн түшээд сонгогдож, дэвшсэн тойргынхоо иргэдэд гарын бэлэг тараадаг ёс мэт уламжлал бий. Гарын бэлэг ч гэж гурил, будаа зэргээр ард түмнийг “гандангын тагтаа” мэтээр тойлдог үе ирсэн гэхэд хилсдэхгүй.

Цахим хуудаст зарим жиргээчид энэ тухай “Яг ийм улстөрчдөд ард түмэн ядуу байх тусмаа сайн байдаг. Хямд зүйлд амархан хууртдаг. Тийм учраас л тэд хөгжүүлэхийг боддоггүй ” гэх зэргээр шүүмжилдэг. Нэг бодлын энэ нь үнэн. Учир нь сар шинэ дөхөх цагт аймаг, сум, тойргоосоо нэр дэвшсэн гишүүний өгөх бэлгийг хүлээх иргэд цөөнгүй бий. Энэ байдал нь авлигажсан төр, зүдэрсэн Монголчуудад хэдийнээ жишиг болсон.

Энэ жилийн эхний бэлэг тараалтын буухиаг өчигдөр УИХ-ын гишүүн Б.Наранхүү эхлүүлсэн. Бэлэг тараалтын салхийг хагалж тэрээр 10 шаланз гурил ачин Дундговь аймагтаа ирсэн нь аймгынхаа ахмадуудад зориулан ачсан аж.

Ингэхдээ тэрээр ноднин жилийн гурил тараалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн  55 наснаас дээш эмэгтэй, 60 наснаас дээш эрэгтэй хүн бүрт 25кг-ын хоёр уут гурил, цаг тооны бичиг өгөхөөр болжээ.

Ийнхүү улстөрчдийн, тойргынхоо иргэдэд тарааж буй бэлэг өөр хоорондоо өрсөлдөж буй мэт ээлж дараалан тараагдана. Ямар сайндаа л тэр гишүүн тийм бэлэг өгсөн, тэр гишүүний бэлэг тэрнийхээс гоё гэх явган яриа ч гарч байсныг нуух зүйлгүй. Эсвэл өгсөн гарын бэлгээр нь өнөөх гишүүнээ хочлох зэрэг тохиолдолд ч гарч байсан. Ийнхүү гишүүдийн “бэлгийн ажиллагаа” эхэлж, амиа хоохойлдог улстөрчдийн иргэдээ халамжлах цаг үе эрчийг авах нь ээ.

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих