ШХАБ-ыг ҮАБЗ дээр “гацаасан” М.Энхболд явж, Ерөнхийлөгч Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх нь цаг хугацааны асуудал болох уу

Зураг дээр ногоон өнгөөр ШХАБ-ын гишүүн хөх өнгөөр ажиглагч орнуудыг тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны Монголын эдийн засгийн чуулганд үг хэлэх үеэрээ “ШХАБ-ын ажиглагчийн оролцоогоо энэ онд багтааж ахисан түвшинд хүргэх”-ээ илэрхийлж байв.  Ерөнхийлөгчийн энэ ахисан түвшний оролцоо гэдэг нь шууд утгаараа ШХАБ-д элсэх явдал байв. УИХ-ын дарга М.Энхболд хэдхэн хоногийн өмнө УИХ-ын нэр бүхий 5 гишүүний шаардлагын хариуг өгөх үеэрээ “Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх явдалд хориг үзүүлсэн” гэдгээ илэрхийлсэн. Засгийн газар харин ШХАБ-д элсэхийг дэмжсэн байдаг. Харин парламентаар хаалттай хэлэлцүүлэхэд “Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл эхлээд хэлэлцээд зөвлөмж гарга. Үүнийг нь УИХ хэлэлцэнэ” гэх шийдэл гарсан юм. Харамсалтай нь ҮАБЗ-ын гурван гишүүн нь санал нэгдэж чадахгүй арга буюу уг асуудал “унтарсан” билээ.

Энэ талаар УУХҮ-ийн  сайд Д.Сумъяабазар: ШХАБ бид ажиглагчийн статустай 13,14 жил боллоо. Засгийн газар тус байгууллагад элсэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Танхим нь дэмжиж байна гэдэг бол Ерөнхий сайд ШХАБ-д элсэх байр сууриас татгалзахгүй байгаа гэсэн үг.

ҮАБЗ-ийн хоёр гишүүний энэ илэрхийлсэн санаа, хэлсэн үгээс анзаарахад ШХАБ гэдэг зүйл  одоог хүртэл улс төрчдийн дунд бас нэг үл ойлголцлын хөшиг болж хөндөлсөөд байдаг юм биш биз гэж бодогдмоор.  Уг нь энэ санаа бодол аль эрт нэг талдаа гарч, нэг мөр ойлголттой болсон баймаар.

Учир нь 2018 оны зургадугаар сард БНХАУ-ын Циндао  хотноо болон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас өмнө Монголын дотоодод  энэ байгууллагад элсэх үү үгүй гэсэн  хэлэлцүүлэг хангалттай өрнөж, манай хамгийн урдаа барьдаг дипломатчид, гадаад  бодлого судлаач гээд олон хүн оролцож  санаа оноогоо илэрхийлсэн юм даг. Энэ асуудлаар бараг л хоёр хуваагдсан.

Гэхдээ  ямартай ч Циндаогийн уулзалтын үеэр Монгол улсын ажиглагчийн статус гишүүнийхээр солигдож, “ахисан түвшинд” хүрээгүй өнгөрсөн. ШХАБ бол Монголчуудын хувьд хуучрахгүй, бас анхаарлын гадна үлдэхээргүй сэдэв мөн.

Тиймээс олон нийт МАНАН дэглэм, М.Энхболдыг огцруулах гэх уриатай өнгөрсөн өдрүүдийн өрнөсөн бүх акцыг энэ өнцөгтэй ч холбон тайлбарлаж байна. Мэдээж сэтгүүлч хүний хардах эрхийнхээ хүрээнд өлгөж буй өнцөх бол өнгөрсөн өдрүүдийн М.Энхболдыг огцруулах бүхий асуудлыг “хөшигний” цаанаас хөдөлгөж байсан, удирдан чиглүүлж өрдөн “галлаж” байсан этгээд нь үнэхээр Ерөнхийлөгч гэж үү. Яагаад их аварга тэргүүтэй, иргэний хөдөлгөөн удаахтай “Монгол ялна”-чууд уг жагсаал цуглааныг оройлох болов. Олны яриад байгаа шиг тогтолцоог өөрчилж, парламентыг тараах яриаг өнгөрсөн намраас хойш өгүүлж байсанг нь өнгөрсөн өдрүүддийн арга хэмжээтэй холбож үзвэл “нэгдүгээр” хүнд нэгдүгээрт, УИХ хуралдаж чадахгүй парламентын дархлаа алдагдаж, эрх барьж буй МАН нь хоёр хуваагдах нь өнөөх шинэ тогтолцооны талаар ярихад тохиромжтой “хөрс” суурийг үнэхээр бэлдсэн гэж үү.

Хоёрдугаарт, өнөөдрийн энд өгүүлээд байгаа гол зүйл болох ШХАБ-д “ахисан түвшинд” хүрэх Ерөнхийлөгчийн бодлоготой хамгийн түрүүнд тэрсэлдэж хориг үзүүлсэн нь М.Энхболдыг намын нөхдөөр дамжуулан “татан” унагасан гэж үү. Мэдээж асуудлыг сөргөлдөгч талууд өөр өөр өнцөгөөр тайлбарлаж байгаа, цаашдаа ч тайлбарласаар байх болно.

Харин ШХАБ руу улам бүр тэмүүлэх болсон Ерөнхийлөгч маань гарт ороод буй “өргөсөө” лав ирэх долоо хоногтоо багтаад суглах нь баталгаатай боллоо. Одоо харин дараагийн хүнийг хэн “зүтгүүлээд”, тэр хүн нь ШХАБ гэх “хэрүүлийн алим”-д хэрхэн хандах вэ. Манай сайтын өнгөрсөн баасан гарагт гарсан нийтлэл шиг Ерөнхийлөгч УИХ-ын даргад Н.Энхболдыг нэгдүгээр хүн “зүтгүүлж”, мөн Батлан хамгаалах яамны томилгоонд бас “оролцох” уу гээд олон асуултууд энэ бүх үйл явдлын дараа биднийг хүлээж байна. Ардын засаг байгуулагдсны дараагаас хойш “Ерөнхийлөгч 3 сайдын нэрийг хэлсэн. Үүний нэг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэсэн “тэнэмэл” яриа одоог хүртэл ордонд “явж” л байгаа.

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн /Төрийн гурван өндөрлөг/ аливаа хэлэлцэж буй асуудалд бүгд санал нэгдэж 100 хувийн саналаар, яг саяны чуулганд үүрэг өгдөг шиг гурвуулаа гарын үсэг зурж байж аливаа бодлогын зөвлөмж нь гардаг юм. Тэгвэл ирэх намраас уг асуудал юу болохыг хамтдаа харцгаах л үлдлээ дээ.

Тэгэхээр хамтдаа ШХАБ гэж юу болохыг тодруулж харцгаая.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм.  Тус байгууллагын 2025 он хүртэлх  стратеги төлөвлөгөөндөө  ШХАБ нь цэрэг улс төрийн байгууллага биш, бас эдийн засгийн интеграцын байгууллага ч  биш гэдгээ зарлачихсан. Гэсэн хэрнээ сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус байгууллагын үйл ажиллагаанд цэрэг, батлан хамгаалахын хамтын ажиллагаа нэлээн өргөжиж, хоорондоо тагнуулын мэдээлэл солилцох, терроризмтэй тэмцэх зэргээр хамтран ажиллаж байна гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Тодруулбал, ШХАБ-ын гишүүн орнууд хамтран хэд хэдэн цэргийн сургууль хийсэн.

Энэ байгууллага одоогоор 8 гишүүнтэй, тэдгээр нь БНХАУ, ОХУ, Казакстан болон сүүлд нэмэгдсэн Энэтхэг, Пакистан гээд хоёр том гүрнээс гадна Төв Азийн Киргизстан, Тажикистан, Узбекстан бас багтдаг. Хэдийгээр цөөхөн гишүүнтэй ч манай гаригийн хүн амын бараг  1/3-ийг багтаасан улсын хүн ам бүхий хүчирхэг эдийн засагтай орнууд энэ “шүхэр” дор нэгдээд байгаа. Харин манай орны хувьд 15 дахь жилдээ ажиглагчаар явж байгаа юм.

Циндаогийн дээд хэмжээний уулзалт

 Монгол Улс ШАХБ-д элсэхээс болгоомжлох шалтгаан юу вэ?

Манай ихэнх улс төрчид Монгол Улс ШХАБ-д элсэх гэж яарах хэрэггүй гэж үздэг. Энэ байгууллага цаашид хаашаа хөгжих гээд байгааг сайтар харах ёстой гэсэн санаа давамгайлдаг. Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Энэ байгууллага бүс нутгийн эдийн засгийн интеграцид том ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй. Том гүрнүүдийн геополитикийн зодоонд энэ байгууллагын нэр байнга гарч байдаг нь монголчууд бидний хувьд аль нэг эвсэлд нэгдэхгүй энхтайванч гадаад бодлогоо тогтвортой авч явахын тулд ШХАБ руу яарах хэрэгцээ байхгүй”  гэсэн бол Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил “ШХАБ-ын үүссэн түүх, одоо байгаа байдал, цаашдын замналыг хараад байхад энэ байгууллага нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлал байна…Монгол Улс 1990 оноос хойш гурав дахь хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гуравдагч хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Харин ахмад дипломатич Ч.Баатар “Энэ байгууллага өнөөдрийг хүртэл институцчлэгдэж, хэлбэр бүтцээ олоогүй хэвээр байна. ШХАБ-ыг  тэргүүлэгч Орос, Хятад хоёр дээр Энэтхэг нэмэгдээд энэ байгууллага гурван толгойтой болчихлоо. Одоо цаашаа юу болох вэ? Иймээс Монгол улс энэ байгууллагын ирээдүй тодорхой болохыг нь харах, хүлээх хэрэгтэй байгаа юм” гэжээ.

Монгол Улс гуравдагч хөршийн бодлогыг гаргаж ирж амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ бол тусгаар тогтнолоо хамгаалж бэхжүүлэх нэг боломж билээ. Тиймээс Ч.Баатар “Элсдэг юмаа гэхэд гуравдагч орнуудтайгаа нээлттэй харилцана шүү гэдгээ бид заавал хүлээн зөвшөөрүүлэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байсан  билээ.

ШХАБ-д элссэнээр юуны түрүүнд хоёр хөршийн шууд нөлөөлөл улам нэмэгдэх болно. Монгол улсын бие даасан гадаад бодлогод хүндрэл гарна. Хэрэв олон улсад нөхцөл байдал хурцадвал хуучин Зөвлөлтийн амыг дагадаг байсан шиг байдал бий болно гэх болгоомжлол бий.

ШХАБ-д элсэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэх шалтгаан

Ийм байр суурь баримтлагчид Ерөнхийлөгчөөс эхлээд бас цөөн биш. ШХАБ Атлантын далайгаас Номхон далай, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэл өргөн уудам газар нутгийг хамарч, Евразийн эх газрын 61 хувийг эзэлсэн нөлөө бүхий эвсэл болсон.

ШХАБ нь энэ бүс нутгийн улс орнуудын цэрэг, улс төрийн харилцан итгэлцлэлийн байгууллага юм. Энэ бүс нутгийн орнууд харилцан хэн нэгэн рүүгээ довтлохгүй, дайтахгүй, эдийн засгийн интеграцчилалаар хөгжилд хүрэхэд нь ШХАБ баталгаа болж байгаа гэсэн санаа нэлээд дуулддаг.

Монгл Улс бүс нутагтаа өөрийн байр сууриа бэхжүүлэх учиртай. Бүс нутагтаа бид ганцаардаж, өөрөө өөрийгөө салан тусгаарлаж болохгүй гэсэн байр суурь илэрхийлэгчид нэг биш.

Дипломатч, доктор  Ч.Даваадаш  “Зарим нь болгоомжлоод ШХАБ-д орвол дарамт, шахалт үзүүлнэ гээд яриад байгаа. Энэ их хоёр гүрэн дарамт, даралтаа үзүүлэхдээ хүрвэл ШХАБ-д орсон ороогүйгээс шалтгаалахгүй” хэмээсэн нь бас үнэнд ойрхон үг.  Тиймээс бүтцэд нь ороод явах ёстой гэсэн байр суурь илэрхийлэх хүн бөөн биш.

Энэ мэтчилэн ШХАБ-д элсэх элсэхгүйн тухайд эсрэг тэсрэг байр суурь явж байгаа.

Геополитикийн талаасаа бол ШХАБ нь Евразийн хүчнүүдийг нэгтгэсэн холбоо юм. Үүнд гол хоёр тоглогч нь ОХУ, БНХАУ. Монгол Улсын хувьд газар зүйн нөхцөл байдлыг нь харвал хоёр том гүрний дунд төдийгүй Азийн төвд оршдог улс юм. Энэ талаасаа харвал бид хэзээ нэгэн цагт ШХАБ-ын гишүүн улс болох нь тодорхой. Учир нь бид далайд гарцгүй, аливаа харилцаа хоёр хөршөөр дамжин явах нь тодорхой хэмээн зарим судлаачид онцолдог.

Тэгэхээр Монгол Улс ШХАБ-д элсэх нь гарцаагүй бөгөөд гагцхүү цаг хугацааны асуудал байгаа гэж ойлгогдохоор байгаа юм. Ямартай ч яарвал даарна.

Мрнгол Улсын эргэн тойронд ШХАБ-ын гишүүн орнуудын газар нутаг

Ш.Хантулга

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих