Утааг багасгах багахан санал
Улаанбаатарчууд маань утаанд хордож, эрүүл мэндээр болон эдийн засгийн хувьд хохирол амсацгааж, олон жилийн утааны хордлого нь өвчлөлийг нэмэгдүүлж буй нь нэн харамсалтай байна. Улаанбаатар маань утаанбаатар болж Азийн цагаан дагина чинь хаана ч байхааргүй харын хар авгай болж, дэлхийн хамгийн их бохирдолттой хотоор нэрлэгдэх болсонд жирийн иргэд бид ч нүүр хийх газаргүй болтлоо ичиж сууцгаана. Улаанбаатарыг минь утаа гэгч хорт хий бүрхэж өдөр шөнө, өглөө үдэш нь мэдэгдэхгүй харанхуйлдгаас гудамж талбайд яваа хүмүүс эр, эм нь танигдахгүй бараан зүсмийн мал хүн нь ялгагдахгүй шахам болж, түүгээр ч зогсохгүй өвчинд нэрвэгдэн сүр сүлд нь доройхон амьтад холхилдож байна гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Утаанд хордож мансуурсан 20 гаруй жилийн түүхийн учир шалтгааныг тайлахад тун чиг амархан санагдана.
Монгол Улсын Үндсэн хуульд улс, нийгэм, нийт ард түмний эрх ашгийг хамгаас дээгүүрт дээдэлнэ гэж тодорхойлсны зэрэгцээ иргэн хүн хаана амьдрахаа өөрөө сонгох эрхтэй гэсэн өөр нэгхэн заалтыг толгой дээрээ мандуулсан ардчилагчид маань улсын нийслэл Улаанбаатар хотоо ажил хийхгүй зүгээр сууж амьдарч болдог газар хэмээн ихээхэн буруу ойлголтыг сурталчилсаар нийслэл хот руу чиглэсэн их нүүдэл өрнөж, хэдхэн жилийн дотор 100 мянган өрх айл хотын салхин талд шавж, утаа үйлдвэрлэсээр өнөөгийн байдлыг бий болголоо. 1980-аад онд нийслэлийн айл өрхийн 60 хувь нь орон сууцанд орсон байснаа өнөөдрийн байдлаар эсрэгээрээ 60 хувь нь гэр хороололд буюу 220 мянган айл өрх хотоо тойрон амьдарч утаагаар утахын хамт хөрс орчны бохирдлыг асар ихэсгэж, нийслэл хотоо дэлхийд гутамшиг болгож байна даа. Улаанбаатарын утааг арилгах талаар Засгийн газар, нийслэлийн төр, захиргааны байгууллагынхан нэлээдгүй ажил зохион байгуулж, 200 гаруй тэрбум төгрөг зарцууллаа хэмээн мэдээлсэн нь баримт нотолгоо мөн боловчиг утаа хэвээр, утаа үйлдвэрлэдэг гэр хороолол өргөжиж, нүүс түлдгээс гадна нэн ядуучууд нь хуучин гутал хувцас, хуванцар эдлэл түлж, хорт утааг нэмсээр байна. Нийслэлд түүхий нүүрс оруулахыг зогсоож, утаагүй түлшээр хангана гэсэн лозун дэвшүүлж байгаа ч худалдан авах чадваргүй айл өрхийг утаагүй түлшээр яаж хангах нь тодорхойгүй, үнэмшил багатай байна. Эдгээрийг нуршсаны хувьд Улаанбаатарын утааг багасгах өөрийн бодол саналыг дурдъя.
… Улаанбаатарын утааны ихэнх нь гэр хорооллоос гардаг бөгөөд зориулалтын бус түлш хэрэглэснээс хотын агаарын бохирдолт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин ихэсч, гамшгийн хэмжээнд хүрээд байна. Гэр хороололд амьдарч байгаа айл өрх, иргэдийн тоог ихээхэн багасгаж чадвал утааны манан будан шингэрч, хорт утааны аюул холдох нъ ойлгомжтой…
НЭГ. Гэр хорооллыг янз бүрийн зуух түлшээр хангах гэж оролдож, олон ажил зохион байгуулсаар байгаа ч бүх айлыг, ялангуяа зорилтот буюу нэн ядуу бүлэгт хамаарах айл өрхийг утаагүй болгож чадах эсэх нь бэрхшээлтэй санагдана. Иймд утааг арилгаж чадалгүй жил тутам үрэн таран хийж буй олон тэрбум төгрөгөө цахилгаан станцууд болон цахилгаан түгээх шугам сүлжээний газарт олгож, хүйтний улиралд гэр хорооллыг цахилгаанаар өдөр шөнөгүй үнэгүй хангаж, мөн цахилгаан халаагуураар хангавал үр дүн өгөх биш үү. Гэхдээ цахилгаан халаагуур олгох, үнэгүй тавих айл өрхийн сонголтод хяналттай хандах нь мэдээж. Дашрамд дурдахад, монголчууд бидний амьдрал өмнөх үеэс доройтлоо, орлого хуримтлал их багаслаа гэсэн газар авсан сул яриатай санал нийлэхгүй байдгаа хэлэх байна. Өндөр ч, буурай хөгжилтэй ямар ч улс оронд нийгмийн хоцрогдол болсон ажилгүйдэл, ядуучууд байж л байдаг. Улаанбаатарт сүүлийн жилүүдэд өөрийн хөрөнгөгүй шахам хөдөлмөрөөси зайлсхийгчид олноор шилжин суурьшсанаас улсын хүн амын 45 хувь нь хотод бөөгнөрч зорилтод бүлэгг хамаарах хүмүүсийн 50 хувь нь нийслэлээр тэжээгдэж байна. Тэгвэл улс орны хөгжил хүн ардын амьдралын түвшин дээшилснийг тодотгох нотолгооноос ганц хоёрыг дурдахад, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 20 шахам их наядад хүрч, 1990-ээд оноос 10 дахин өсч, айл өрхийн сарын дундаж орлого нэг сая гаруй төгрөг болж, иргэдийн хадгаламжийн хэмжээ 20 их наяд болжээ. Жил тутам хапамж тэтгэлэгт гурван тэрбум төгрөг олгож байна. Улсын хэмжээнд 800 мянга, Улаанбаатарт 450 мянган автомашин холхиж буй нь айл өрх бүрд нэгээс илүү тээврийн хэрэгсэл оногдож байна. Манай улсад цахим сүлжээ бүртгэлжилт сул байгаагаас хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өдрөөр, цагаар ажиллагсдын орлого ажлын хөлс тооцооны гадна үлдэж далд мөнгөний эргэлт бага биш байна. Ер нь юмхнаар юм хийдэггүй, гэр орноо ч дулаалдаггүй, халамжид найдагчид, залхуучууд олширсноос утааг нэмэгдүүлж байна.
ХОЁР. Улаанбаатарын утааны ихэнх нь гэр хорооллоос гардаг бөгөөд зориулалтын бус түлш хэрэглэснээс хотын агаарын бохирдолт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин ихэсч, гамшгийн хэмжээнд хүрээд байна. Гэр хороололд амьдарч байгаа айл өрх, иргэдийн тоог ихээхэн багасгаж чадвал утааны манан будан шингэрч, хорт утааны аюул холдох нь ойлгомжтой. Гэр хорооллын тодорхой хэсгүүдэд барилгажуулалтыг шуурхай зохион байгуулахаар зорилт дэвшүүлсэн төр, засгийн бодлого хэрэгжиж чадвал ач холбогдлоо өгөх нь дамжиггүй. Одоогийн мөрдөж буй хууль дүрмээр Ипотекийн зээлд хамрагдаагүй ахмадууд гэр хороололд олноороо амьдарч байгаад төрийн ивээлийг хандуулж ахмадуудыг түрээсийн байранд оруулахдаа төлбөрийг одоогийн хэмжээнээс ихээхэн бууруулах хэрэгтэй юм. Мөн гэр хороололд амьдардаг ахмадуудын хашаа байшин газарт үнэлгээ тогтоож, тэр хэмжээгээр барьцаа хөрөнгө бүрдүүлж улсын бүртгэлд авч түүгээр нь орон сууцны түрээс, өндөр үнэлгээтэй хөрөнгийг нь орон сууцны төлбөр болгон сольж ахмадуудад сууц олговол гэр хорооллоос олон айл өрх нүүхийн хамт цаашид орон сууц барих газрын талбайг тэр хэмжээгээр чөлөөлөх болно.
ГУРАВ. Гэр хороололд амьдарч буй хүмүүстэй тэр дундаа зорилтот бүлгийн айл өрхтэй гэрээ хэлцэл хийх замаар хүн бүрт 3-5 сая төгрөг зээлээр олговол орон нутагтаа буцах иргэд олон гарах бололтой. Гэр хорооллын зарим хүнтэй уулзахад:
-Хөдөөнөөс сургуулийн хүүхдээ дагаад байгаа мал хөрөнгөө зарж үрэн ганц гэрээ аван хотод ирээд айл айлын хашаа дамжин арваад жил болж байна. Хөрөнгө чинээгүй болохоор амьдрал улам ядуурч, эргэж нутгаа бараадах чадваргүй болсон, эвдэрхий ганц автомашинтай үүгээрээ өдөр шөнөгүй халтуур хийж байж хоол ундаа болгож байна. Ядаж энэ утаанд нь хордож, хүүхэд томчууд ч өвчинд ороогдож, орлогогүй бидний амьдрал улам хүндэрч байна гэв.
-Манайх нэлээд малтай айл байсан ч зуданд ихэнхийг нь алдаад үлдсэн хэдзэ худалдан хот бараадан ирээд хэдэн жил боллоо. Мэргэжил боловсролгүй болохоор зах дээр хүний Лангуун дээр догсч барааг нь борлуулан сайн муу хэлүүлэн байж хэдэн төгрөг авч амьдрапаа залгуулдаг. Хотын захад хол амьдардаг болохоор шөнө гэрийн бараа харна. Эхнэр гурван хүүхдийнхээ томыг сургуульд нь хол явган зөөж, авах ажил хийнэ. Хэдэн малтайгаа хөдөө агаартаа байсан бол малын буян их юм амьдрал маань сайхан байх байжээ гэж бодохоор гутардаг гэв. Тэд цааш ярихдаа төр, засаг анхаарлаа хандуулж бидний санал хүсэлтийг сонсч, судалгаа явуулж өрхийн ам бүлд байдаг ажил эрхлэх насны хүн тус бүрт 3-5 сая төгрөгөөр тооцож нэг өрхөд 15-20 сая төгрөгийн зээлийг бага хүүтэй, урт хугацаатай олговол нутагтаа хурдан буцаж, мал аж ахуйгаа эрхлэн жижиг бизнес эрхлэн хуримтлал бий болгон зээлээ ч хугацаанд нь төлж, амьдралаа ч дээшлүүлнэ гэцгээв. Иймд гэр хорооллын иргэдэд тэдний хүсэлтээр бага хүүтэй 10 болон түүнээс дээш жилийн хугацаатай зээл олговол олон айл өрх хөдөө орон нутаг руугаа буцаж амьдрахад бэлэн байгааг судалж хэрэгжүүлмээр байна.
unen.mn
URL: