Н.Батсуурь аваргын барилдах эрхийг хасъя
Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөр өчигдөр тохиов. Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт 13.00 цагт боллоо.
Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар ахлуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оргихын Хангай найм даван түрүүлсэн юм. Увс аймгийн Ховд сумын харьяат улсын залуу аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэж, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Доржийн Анар нар их шөвөгт шалгарав.
Өчигдрийн бөхийн барилдаанд улсын отгон аварга Н.Батсуурийн увайгүй үйлдэл, учраа бөхдөө гаргасан аархуу онгироо, овлигогүй занг бөх сонирхогчид болон бөх дэмжигчид янз бүрээр тайлбарлаж шүүмжилж байна. Зарим нь ч өмөөрөөд хир халдаахгүй байгаа бололтой.
Ер нь Н.Батсуурийн бөхийн дэвжээнд хийж байгаа увайгүй үйлдэл хийж байгаа анхны тохиолдол биш. Өмнө нь Ч.Санжаадамба аваргын ам руу гараа хийж, завжийг нь сэтлэх шахсан удаатай. Цолондоо эзэн байж болно оо, гэхдээ бусадтай хүнлэг байх ёстой. Н.Батсуурийн энэ жудаггүй үйлдэл бөхчүүдэд жудагтай байхыг сануулж байна.Тэрбээр өчигдөр үндэсний бөхийн барилдааны түүхэн дэх хамгийн хориотой мэхийг хийсэн. Ийм нэгнээ хохироосон увайгүй зантай бөхийг хэдэн жил барилдах эрхийг хасдаг байх хэрэгтэй шүү МҮБХ-ынхон.
Бөхчүүдийг буурьтай суурьтай гэж ойлгодог. Гэтэл одоо бүр бүдүүлэг авиртай болоод байх юм. Ялангуяа залуу аваргууд. Гэхдээ тэдний дунд хүнлэг хүн чанартай, тохь тухтай аваргууд бий. Аа, эр бярандаа эрдэж сагаагүй сайхан аваргууд бий. Увсынхан олон аваргатай. Тэдний нэг болох С.Мөнхбат аварга заалны барилдаанд аймгийн хурц арслан О.Гантулгатай барилдаж байхдаа түүнийг өндөрт гаргаж ирээд шидэх гэснээ болиод эвтэйхэн буулгаж харагдсан. Учраа бөх нь ч элэг бүсээ тайлж тахимаа өгөхөд, инээгээд цааш явж харагдаж байсан.
Аваргуудын ялгаа нь ердөө энэ. Гэтэл Н.Батсуурь аварга аймар харгис хэрцгий. Монгол бөхийн жудаг, ёс, хүндлэл хаана байна вэ. Хүний эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж болзошгүй байхад увайгүй аваргыг өмөөрөөд байгаа хүмүүс олон байна. Хэдий хар хор санаагүй барилдсан гэх ч хориотой мэхийг хийхгүй байх дүрэм бий. Монгол бөхийн барилдааныг уландаа гишгэж ирсэн увайгүй зантай энэ бөхөд хатуу хариуцлага тооцохыг шаардаж байна. Барилдах эрхийг нь 10 жилээр хасахыг дэмжиж байна. Чаддаг юм бол 10 жилийн дараа аварга цолоо дахиад аваарай.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: