Хүн болох хувь дутсан 5000 үрсийн хэдийнх нь амийг утаанаас нэхэх вэ

zgm_hevtee_7YGISd0Агаарын бохирдлоос шалтгаалсан хатгаагаар Монголд жилд 400 гаруй хүүхэд нас барж буй гэсэн ДЭМБ-ын судалгаа бий. Гэхдээ үнэн хэрэгтээ агаарын бохирдол үүнээс хэд дахин олон хүүхдийн амийг авч одож байна. Утаа өтгөрсөн хүйтний улиралд хатгаагаар нас барсан хүүхдүүдээс 12.5 дахин олон хүүхэд эхийнхээ хэвлийд хүн болж чадалгүй буцдаг гэсэн сэрдхийм тоог та мэдэх үү. Тодорхой хэлбэл, өсөлтгүй жирэмслэлт манай улсад жилд 5000 орчим бүртгэгдэх болжээ. Энэ тооны ард 5000 хүний алтан амь, мөн төдий тооны үрээ алдаж шаналсан эцэг, эх бий. Ялангуяа, хүн амын тал хувь нь амьдарч буй Улаанбаатарт жилд 3000 гаруй өсөлтгүй жирэмслэлт бүртгэгдэж буй нь яах аргагүй анхаарал татна. Анхаарах ч ёстой. Улаанбаатарт 2017 онд 35 мянган хүүхэд мэндэлсэн. Гэвч үүний 10 орчим хувьтай тэнцэх хүүхэд эхийн хэвлийдээ эндсэн байна. Гэхдээ эмэгтэйчүүд өөрийн хүсэлтээр үр хөндүүлсэн бус зөвхөн өсөлтгүй гэсэн шалтгаанаар хорвоогоос буцжээ.

Нэгэн эмэгтэй ураг нь өсөлтгүй болсон шалтгааныг эмчээс асуухад “Чамаас л болсон” гэсэн хатуу хариулт сонсжээ. Харин тэрбээр өөрийгөө хөл хүнд гэдгээ мэдсэнээс хойш эмчийн байнгын хяналтад байсан, эрүүл мэндийн хүндрэлгүй учраас эмчийн өгсөн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ сошиал сүлжээнд бичсэн байна. Харин үүний хариуцлагыг агаарын бохирдол, үүнийг он удаан жил шийдэж чадахгүй байгаа эрх баригчдаас нэхэх учиртай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харамсалтай нь, бидний хэн нь ч энэ эмэгтэйн бодол зөв эсвэл бурууг баримттайгаар нотолж чадахгүй. Учир нь Монголд одоогоор энэ талаар хийсэн судалгаа огт байхгүй. Гагцхүү энэ бүх зовлонг үрээ алдсан эхчүүд л ганцаараа, чимээгүй даван туулдаг учраас ийнхүү далд, эмч мэргэжилтнүүд нь мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрдөг, дарга нар нь ил цагаан үгүйсгэдэг биз ээ.

Гэтэл олон улсад агаарын бохирдол урагт шууд нөлөөлдгийг батлах судалгаа хангалттай бий. Лондоны Queen Mary-гийн их сургуулийн судлаачид агаарын бохирдол эхийн уушгиар дамжин ихэст хүрч, урагт нөлөөлдгийг саяхан судалгаагаар баталсан. Ихэст нөлөөлнө гэдэг урагт шууд нөлөөлнө гэсэн үг учраас цаашид үүнийг батлах судалгаа шаардлагагүй гэж үзсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүнчлэн америкийн жирэмсэн эхчүүдийн холбооноос 12 хүүхэд тутмын нэг нь агаарын бохирдлоос шалтгаалан жин багатай төрдөг гэсэн судалгаа гаргажээ. Мөн үүнээс болж ургийн жин дунджаар 138.28 граммаар багасдаг болохыг ДЭМБ тооцсон. Мөн эхчүүд жирэмсний эхний гурван сард нарийн ширхэглэгт тоосонцорт өртсөнөөр төрсөн хүүхэд нь тархины хавдартай, азотын дутуу ислийн нөлөөлөлд өртсөнөөр цусны хавдартай болж байгааг Канадын эрдэмтдийн судалгаагаар тогтоосон байна.

Хүүхэдтэй, удам залгах үр үндэстэй болно гэдэг хорвоогийн хамгийн баярт мэдээ атал Монголд тэр мөчөөс хүүхдээ хэрхэн эрүүл төрүүлэх вэ гэдэг айдас зэрэгцэх болжээ. Айдсын хамгийн гол шалтгаан нь нөгөө л агаарын бохирдол. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн тэр өдрөөс эхлэн ямар хүмүүжилтэй, хэн болох нь тодорхой болдог гэж орчин цагт үздэг болсон. Хүүхдийн зан төлөвт эхийн зан төлөв, орчин нөхцөл ийнхүү нөлөөлж буй бол эхийн амьсгалж буй агаар, идэж буй хоол урагт бүр ч их нөлөөлдөг нь тодорхой. Жирэмсний хугацаанд хэвлийгээр хатуурч, зангирах шинж тэмдэг ажиглагдахад эмч нар хамгийн түрүүнд цэвэр агаарт л гарахыг зөвлөдөг. Ураг цуснаас хүчилтөрөгч авдаг. Гэтэл ээжүүд нь өвлийн улиралд цэвэр агаараар хангалттай амьсгалж чадахгүй байгаа учраас ураг хүчилтөрөгчөөр дутах нь ойлгомжтой гэж судлаачид үзэж байна.

• Лондоны Queen Maryгийн их сургуулийн судлаачид агаарын бохирдол эхийн уушгиар дамжин ихэст хүрч, урагт нөлөөлдгийг саяхан судалгаагаар баталсан.

• Хүүхэдтэй, удам залгах үр үндэстэй болно гэдэг хорвоогийн хамгийн баярт мэдээ атал Монголд тэр мөчөөс хүүхдээ хэрхэн эрүүл төрүүлэх вэ гэдэг айдас зэрэгцэх болжээ.

• 2016-2017 онд ЭХЭМҮТ-д 400 эмэгтэй өсөлтгүй жирэмслэлтийн улмаас эмчлүүлжээ.

Саяхан “Амгалан” амаржих газраар үйлчлүүлсэн нэгэн танил маань “Хүүхэд нь өсөлтгүй болчихлоо гэж өдөрт 20-30 ээж ирж байна” гэсэн юм. Гэтэл нэлээд хэдэн жилийн өмнө энэ тоо 7-8 орчим байсныг хэлэх хүн ч бий. Хүний их эмч, орчны эрүүл мэндийн судлаач Л.Дэлгэрзул “Агаарын бохирдол өндөртэй 11-1 дүгээр сар бол жирэмслэхэд хамгийн эрсдэлтэй үе. Яагаад гэвэл, жирэмсний эхний гурван сар хамгийн эмзэг буюу ургийн эрхтэн тогтолцоо үүсэж, бүрэлддэг хугацаа юм. Энэ үед агаарын бохирдолд өртвөл ураг эндэх, эрхтэн тогтолцооны гажиг үүсэх магадлал хамгийн өндөр” хэмээн анхааруулсан юм.

Өсөлтгүй жирэмслэлтэд агаарын бохирдлын хор, хөнөөл нөлөөлж байгаа нь яах аргагүй бодит үнэн болчихоод байхад эрх баригчид, судлаачид, мэргэжлийнхэн энэ талаар төдийлэн ам нээхгүй байгаа нь хачирхалтай. Статистикаас харвал, 2016-2017 онд “Амгалан” амаржих газарт 70, “Өргөө” амаржих газарт 300, ЭХЭМҮТ-д 400, хувийн эмнэлгүүдэд 100-150 эмэгтэй өсөлтгүй жирэмслэлтийн улмаас эмчлүүлжээ.

Улаанбаатарт зам тээврийн ослоор жилд 50-60 хүүхэд нас барж буйг цус урсгасан дайны үеийнхтэй зүйрлэдэг. Гэтэл эхийнхээ хэвлийд амиа алдаж буй үрсийн тоо бүр ч сэтгэл сэрдхийлгэм хэмжээнд хүрчихжээ. Хорт утааны голомт болсон Улаанбаатарт жилд Сирийн дайнд үрэгдэж буй багачуудынхаас хэд дахин олон үрс хэвлийдээ угаартаж, хорвоогоос буцаж байгааг харахгүй, сонсохгүй, мэдэхгүй, ойлгохыг хүсэхгүй байна гэж үү. Агаарын бохирдлыг арилгаж, цуст дайны үеэс ч долоон дор нөхцөлд амьдарч байгаагаа эрх баригчдад ойлгуулахын тулд үрээ алдсан эцэг, эхчүүд бас төв талбайд уйлан шаналан жагсах ёстой юу!

Б.Баярмаа

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих