Бурхан минь, төрөөсөө баян улс төрчдийг минь шударга болгож хайрла
Энэ чинь юу л болоод байна даа, төрөөсөө баян хүмүүсийн их мөнгөний зодоон. Дөрвөн сая долларыг хэн нэгэнд өглөг, авлагын бусаар шууд шилжүүлдэг, сайн ярихын бол түүнийг ч давах хэмжээний мөнгө төгрөгний асуудал ч гэх шиг. ЖДҮ, Концесс, Төрийн сан, 60 тэрбум гээд уртаас урт дараалалтай, бас адал явдал, үнэн худлаар гинжлэгдсэн албан тушаалаа ашигласан хэдэн зуун сая, цаашлаад хэдэн зуун тэрбумын дээрмүүдийн булхайгаа “гөвсөн” тэдэнд бус бидэнд ашигтай “хулгай”-гаа сүүлийн үед сайн дэлгэж байна даа хөөрхий. Ёстой оройгүй баян мөнгөний тоо ярьсан томчуултай ядруухан эдийн засагтай улс юм даа бид чинь.
Ганцхан “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын асуудал л гэхэд авсан аваагүй, өгсөн өгөөгүй, энэ миний банкны хуулга нь байна гэхэд нөгөөх нь зөрүүлээд өнөө банкны үгүйсгэсэн мэдээ баримт ч гаргаж ирэх шиг. Хоёр хүний мөнгөний зодооны асуудалд банк хүртэл үнэн зөв мэдээлэл гаргаж тавьж чадахгүй бол үйл ажиллагаа эрхлээд яана, хаачихаасай.
АТГ-аас өчигдөр орой буюу энэ сарын 07-ны 18:00 цагийн орчимд Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр, оффист нь нэгжлэг хийж байна гэх мэдээлэл байна. Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамт цагдан хорьсон гэх мэдээлэл ч байна. Мөн зөрүүлээд энэ өдөр С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр өнөөх Т.Ганболд дөрвөн сая доллар бол юу ч биш 9 сая өгсөн, эргүүлээд сохор зоос ч буцааж аваагүй гэх. Цаашлаад томоохон албан тушаалтнуудад үүнээс ч илүү мөнгө зүв зүгээр өгч байсан гэдгээ хэлж байналээ. Даанч дээ , мэдээж энэ хүн огт танихгүй надад зүв зүгээр мөнгө өгнө гэж байхгүй л дээ, тодорхой хэмжээний ашиг харж, ажил бизнесийг асуудалгүй зохицуулах үүднээс л хандсан, бэлэглэсэн байж таараа. Тэгэхээр яалтчгүй албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил гарч ирээд байна гэсэн үг.
Яахав, энэ хүн одоогийн нийгэмд бизнес эрхлэгч хүн бүхэнд тулгардаг төрийн албан хаагчдын хүнд сурталыг түргэвчлэх, бусдаас урьтах гэсэн санаагаар төрийн томоохон албан тушаалтнуудтай “зууралдаж”, түүнийхээ төлөөсөнд авилга өгч, бас түүнийхээ ачаар бизнес нь амжилттай яваа хүмүүсийн нэг байх гэж таамаглаж байна. Учир нь, АН болоод МАН-ын толгой томчуулыг толгой дараалан танина, харьцаж байсан, тусалж байсан гэх өөрийнх нь яриагаар.
Тэгэхээр яалтгчгүй төрийн өндөр албан тушаал гэдэг “амархан аргаар огцом хөрөнгөжих хамгийн найдвартай гүүр” гэдгийг олж харснаараа АН болоод МАН-д шургалан “сонгууль” гээчид хайр найргүй мөнгө хаян, хүн чанараа гээн барин УИХ, Ерөнхийлөгчийн суудалд тухлан “нуувчин”-д орно. Ёстой мөчиргүй модонд олсгүй авирч, шатгүй бууна гэдгийн үлгэр. Түүниййхээ дараа хэнийг хаана тавьж, яаж өөрийгөө болоод нөхдөө хамгаалах вэ гэдгийг маш сайн тооцоолж, ам өчиг, болзол бооцоотой “харуул, хамгаалагч”-даа тавьдаг. Энэ дараалал бол тэдний маш нарийн холыг харсан тактик. Ингээд л өнөө албан тушаалаа урвуулан ашиглах гэдгийг дээрх ганцхан шалгагдаж буй хэрэг батлаад өгөх шиг.
Дахиад нэг жишээ татахад саяхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намаас хөөх дээрээ тулдаг юм бол энэ Тусгаар тогтнолын ордоныг бариулахад хандивласан миний мөнгийг өгөөрэй гэж буй чинь УИХ-д хоёр дахин тухласан авилгалын асуудлаа өөрөө илчилснээс ялгаа юун. Энэ мэт тэнэг байдлаар хэргээ илчлээд эхлэх нь улс оронд минь хэрэгтэй сэн дээ. Ганцхан үүн дээр чин сэтгэлээсээ шударга ажилладаг хараат бус хууль, шүүхийн байгууллага л “гачигдаад” байна. Бурхан минь, төрөөсөө баян улс төрчдийг минь шударга болгож хайрла,
Newswall.mn
URL: