Н.Энхбаяр М.Энхсайхан нар намуудынхаа нэгдлийг МАХН-ын “Ялах Эвсэл” гэж нэрлэнэ

Өчигдөр Үндэсний Эрх Чөлөөний 100 жилийн ойг тохиолдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан болон бусад иргэний  хөдөлгөөн, намуудын удирдлагууд Богд Хааны Музейд зочлон, МАХН-ын шинэ байрны нээлтэнд оролцсон юм.

Сүүлийн үест  “Өргөө” зочид буудлын хэрэгтэй холбоотойгоор хүнд байдалд орсон Н.Энхбаярыг МАН-тай эвсэж, сонгууль дорохоор болсон, 10 тойргийн тохироо хийсэн, сонгуулийн дараа өөрөө шадар сайд, Н.Удвал Эрүүл Мэндийн Сайд болно гэх зэрэг яриа дэгдэж, МҮАН-ын удирдлагууд ч ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байж болох тухай ярих болсон билээ.

Гэтэл өчигдөр болсон арга хэмжээний үеэр энэ яриа худлаа болохыг МАХН-ын дарга Н.Энхбаяр батлан, тайлбар хийсэн юм.

11 сарын 28-нд МАХН-ын бага чуулган хуралдаж, МАНАН-тай бус МҮАН тэргүүтэй улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүдтэй хамтран оролцох шийд гаргасан байна.

Тэр бүү хэл эвслийн нэрний талаар хэд хэдэн хувилбар гаргасан гэх агаад “Монголын төлөө ялах эвсэл”, “МАХН” эвсэл, МАХН-ын “Ялах Эвсэл”, “Гуравдах хүчний ялах эвсэл” зэрэг нэрсийн аль нэгнийг сонгох аж.

Уг эвсэлд одоогийн байдлаар МАХН, МҮАН, МНН, БНН, МЛН, МУНН, МОНАРХН, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Миний Монголын Газар Шороо” хөдөлгөөн, “Амлалт Нэхэх Ард түмний Холбоо”, “Хөх Монгол” бүлгэм зэрэг хүчнүүд нэгдэх нь тодорхой болоод буй юм байна.

Б.Өрнөхбаяр


URL:

Сэтгэгдэл бичих