Олон улсын шуудангаар мансууруулах бодис захиалан авчруулсан дахин нэг тохиолдлыг илрүүлжээ

430

Цагдаагийн байгууллага сүүлийн хоёр сарын хугацаанд интернэт сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдийг шалгаж байгаа юм.

Шинэ он гарсанаас хойш дахин энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ.

Нидерландын Вант улсаас гэсэн хаяглалтай Олон Улсын шуудан илгээмжээр  иргэн О-д  “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ирснийг 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр илрүүлэн таслан зогсоож, дайчлан баривчилжээ.

Иргэн О нь эрэгтэй, 31 настай, Нийслэл хотод оршин суух хаягтай, өмнө нь 2018 онд Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгээр буюу мансуурсан зөрчлөөр шийтгэгдэж байсан этгээд бөгөөд мөн түүний тээврийн хэрэгсэл дотроос мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд орох Каннабис 0.5 грамм, хэрэглүүрийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан байна.

20-22 НАСНЫ ЗАЛУУЧУУД ЗОЧИД БУУДАЛД МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭЖ БАЙЖЭЭ

Мөн 20-22 насны залуучууд зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, “БЗД-6 хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд хүмүүс өвс татаад байна” гэсэн дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 8-ны 20:30 цагт ирсэн байна. Тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай шалгахад зочид буудлын 203 тоот өрөөнд мансуурсан байдалтай байсныг илрүүлэн таслан зогсоожээ.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд БЗД-ийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай “Н” /эр.20н/, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суух хаягтай “Б” /эр.20н/, СХД-ийн 6 дугаар хороонд оршин суух хаягтай “Х” /эр.22н/ нар мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч шинжээч томилох ажиллагааг явуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

2018 онд улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82.5 хувь нь 18-35 насны залуучууд байгаа аж.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв


URL:

Сэтгэгдэл бичих