ЗГХМА-ны дарга Тусгай албаны хувцас өмсөөд тусгай ажиллагаанд оролцдог болоо юу?
У.Хүрэлсүхийн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар өмнө нь EAGLE телевизэд сурвалжлагч байсан Ц.Ганзориг гэдэг залуу ажилладаг.
Мань эр 2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын удирдлагаар Салхитын мөнгөний ордод явуулсан тусгай ажиллагаанд Тусгай албаны хувцас өмсөж оролцсон зурагаа фэйсбүүктээ тавьж олонд “гайхуулсан” байна.
Зургийг нь харсан хүмүүс “…Нүд нь нэг л танил харагдаад байна”, “…Чи л байна шүү дээ”, “…Танигдаад л байна даа”, “…1000 дахь лайкны эзнээ шагнаарай ха ха”, “…Зохиж байна аа, эгчийн дүү” гэх зэргээр дэмжсэн байгаа юм. Өөрөө ч үүнд нь машид сэтгэл хангалуун байх шиг байна.
Гэвч ингэж болох уу. ЗГХМА-ны дарга Тусгай албаны хувцас өмсөөд тусгай ажиллагаанд оролцдог болоо юу?
Тусгай алба бол тусгай л алба. Тусгай ажиллагаа ч гэсэн тусгай л байх ёстой. Зүгээр нэг сэтгүүлч Тусгай албаны хувцсаар бүрэн тоноглож, буу хүртэл бариад зогсож байгаа нь энэ албаны үйл ажиллагаатай хэр зохицдог бол оо.
Засгийн газар, түүний Ерөнхий сайд, ХЭГ-ын даргын нэрээр дулдуйдан улсын сүр хүч, гүйцэтгэх ажиллагааны чухал байгууллагыг ингэж доромжилж болохгүй ээ. Юм хэмжээтэй, заагтай байх ёстой. Тоглож болохгүй, доромжилж болохгүй зүйл бол Монголын төр байх ёстой.
Яг энэ үйлдэл дээр даргын нэр барьж Тусгай албыг дээрэлхсэн энэ сэтгүүлчийн буруу. Бас иймэрхүү нусгайнуудыг даргын нээр бариад ирэхэд нь хуулийн нэр бариад томорч чаддаггүй хувцас тоноглолоор хангаж, түмний зугаа болгосон Тусгай албаны удирдлагын буруу шүү.
Эх сурвалж: www.polit.mn
URL: