Одоо Монголын төрөөс явна уу, АХ нараа
УИХ-ын гишүүдийн Халдашгүй байдлын дэд хороонд парламентын “томчууд” суудаг. Олон жилийн туршлагатай, насны хувьд ахмад, намбатай, үг нь жин дарах, хуулийг тайлбарлах бүрэн чадвартай гэх мэтчилэнгээр тэдэнд бусдаас ялгарах зүйл олон бий. Хууль, журам нь ч тийм. Тиймдээ ч Монголын парламентад хамгийн олон жил суусан Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд нар Халдашгүй байдлын дэд хороог бүрдүүлдэг. Товчхондоо бол АХ нар.
Харин АХ нарын хугацаа аль хэдийнэ дууссаныг Халдашгүй байдлын дэд хорооны өчигдрийн хуралдааны шийдвэр харууллаа. Товчхондоо тэд шударга ёс ярьж, бусдад үлгэр дууриал үзүүлэх хугацаа нь дуусчээ. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг муудсанд тооцож, хоол биш хор гэж үздэг.
Улсын Ерөнхий прокурор, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг парламентад оруулж ирэв. УИХ-ын гишүүн гэх нэр, эрх мэдлээ ашиглан, ЖДҮХС-аас зээл авсан үндэслэл тогтоогдсон учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад үргэлжлүүлэн шалгая гэсэн хүсэлт. Өөрөөр хэлбэл үргэлжлүүлэн шалгахад УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хүндрэл учруулж байгаа учраас түр түдгэлзүүлээд өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-д тавьсан хэрэг. Энэ хүсэлтийн анхны шүүлтүүр нь Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд нар. Тэд прокурорын хүсэлтэд “бололцоогүй” гэсэн хариу өглөө.
Ингэхдээ УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ерөнхий байдлыг авч үзвэл нэгдүгээрт шалгалт дуусаагүй байгаа. Дуусах төгсгөлийн шатандаа орж байгаа гэж Ерөнхий прокурор танилцуулсан. Ийм учраас мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуустал УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх бололцоогүй гэж үзэж байна. Ерөнхий прокурорын нэмж өгсөн тайлбар, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашаа нэмж тодруулж, нэг мөр болгох асуудал цөөнгүй байна” гэсэн тайлбар өгөв. Уг нь нэмж тодруулж, шалгахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд өгөөч гэж хүссэн. Гэтэл Халдашгүй байдлын дэд хороо “үргэлжлүүлэн шалгаж болохгүй” гэсэн хаалтыг прокурорын байгууллагад тавьчихлаа. Прокурорын байгууллага шалгах үндэслэлээ хангалттай тайлбарласан албан бичиг олон нийтэд ил болсон нь хэн нь хэн бэ гэдгийг ч харууллаа.
Нөгөө шударга ёс хаана байна аа!?. Шударгын туйл болсон Ц.Нямдорж гишүүн хаачив аа!? Тэд дахиад л шударга ёсыг Төрийн ордонд булшиллаа. Ичих нүүр гэж байдаг бол тэдэнд дахин шударга ёсны тухай ярих эрх үлдсэнгүй.
Шударга ёсны тухай ярьдаг шударга бусчууд өөрсдөө шударга ёсоо уландаа гишгэчихээд эцэст нь хуулийн байгууллагаа муулаад сууж байна. Өнгөрсөн шөнийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж үг хэлэхдээ хуулийн байгууллага завхарсан, удирдлагууд нь даварсан тухай ярилаа. Өөрөө энэ салбарыг удирдаж байгаа сайд нь бус уу. Хэрвээ хуулийн байгууллага завхарч, замарсан бол Ц.Нямдорж сайд ажлаа хийж чадаагүй гэсэн үг биш үү. Яагаад өөрөө өөрийнхөө харыг гайхна нь вэ.
Энэ бүхэн АХ нар Монголын төрөөс явах цаг болсныг хангалттай харууллаа. Тэд бусдад, шинэ залууст, цаашлаад ард түмэнд үлгэр дууриал болохоосоо нэгэнт өнгөрчээ. Юун зангараг заах, юун үлгэр жишээ болох, юун эв нэгдлийг хангах. Загнаж зандарч, ихэрхэж, ахархахаас өөр юу ч алга.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж насаараа төрд ажилласан намтартай. 1992 оноос эхлэн Монгол төрийн дээд байгууллагуудад суусан. Д.Лүндээжанцан гишүүн ч ялгаагүй. 1990 оноос Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээс эхлээд их хурал хүртэл нь энд суусан. УИХ-ын гишүүн Ч.Улаанд ч дутах зүйл үгүй. 1996 оноос эхлэн тэр Монгол төрийн удирдлагад ажилласан. Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар 2000 оноос эхлэн парламентад суусан АХ нар. Тэдний намтар арвин, туршлага их. Хийх цагтаа хийсэн. Харин одоо болно оо. Үр ачаа тойруулаад, насны намартаа намбай. Хэрэгтэй цагтаа ашиглаад хаяж буй хэрэг биш. Та бүхэн Монголын төрийн хайр хишгийг хангалттай хүртсэн. Цаашид ч насны тэтгэвэрээ хүртэнэ.
Одоо амбицаа, шуналаа, атаа хорслоо дараад гэртээ суу. Ядарч, та нар минь. Одоо та нараасаа Монголын төр, монголчууд юу ч хүсэхгүй, хүлээхгүй тайван амар аа.
М.Болд
ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN
URL: