МАН-ын бүлэг: Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй
Удтал хуралдаж чадаагүй МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татаж шалгах шаардлагатай байна гэсэн юм.
Энэ асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай намын бүлэг дөрвөн гишүүний асуудлыг хуралдаж, улмаар тус гишүүдийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргалаа.
Мөн өнөөдрөөс МАН-ын бүлгийн 40 гаруй гишүүн чуулганы ирцээ бүрдүүлж, чуулганы хуралдаанаа суухаар болсон. Чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, асуудлаа шийдээд явна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль болон зарим сайд нарыг чөлөөлөх, томилох асуудлыг чуулганаар хэлэлцээд явна” гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр яаж шалгах вэ. Эхнээсээ бүрэн эрх нь маш их саад болж байна гэж Ерөнхий прокурор ярьсан байна?
-Энэ асуудал бол маш тодорхой. Гишүүдийг шалгах явцад саад учруулаагүй, оргон зайлах гээгүй. Тиймээс энэ асуудалд нухацтай хандсан.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг баталсанаар парламентын тогтворгүй байдал үүснэ гэсэн болгоомжлол байсан. Энэ талаар?
-Дэлхийн парламентын түүхэнд огцордоггүй УИХ-ын дарга гэж байдаггүй. Ардчилсан Үндсэн хуультай оронд парламентын тогтвортой байдалд нөлөөлөхгүй. Тиймээс УИХ-ын гишүүд дэмжсэн.
-Бүлгийн эв нэгдлийг хангах асуудал ямар байна вэ?
-Улс төрийн нөхцөл байдал хүнд байгааг бид бүгд мэдэж байгаа.
Б.Анир
URL: