“Голомт банк”-ны данс чинь улайсан байвал битгий гайхаарай

15241954715ad9608f0c772Монголын банк санхүүгийн байгууллагууд улс төрийн нам, эвсэл, эс бөгөөс хэн нэгэн нөлөө бүхий улстөрч, бизнесмэнийн гар хөл болдог, болсоор ирсэн гэдгийг батлах нэгэн үйл явдал болсон нь Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ын дарга Т.Ганболд нар өөр хоорондоо хэрүүлийн алим шидэлцсэн явдал байв. Нэг үгээр хэлбэл, салбартаа цөөнгүй удаа шилдгээр шалгарч байсан ТОП гэгдэх “Голомт” банктай нэр холбогдсон нь айдас бас болгоомжлол төрүүлсэн юм. Учир юу гэвээс, монголчууд арилжааны цөөн хэдхэн банкны атганд ороод 10 гаруй жилийн нүүр үзэж буй. Энэ бүх процест “Голомт”-ын оруулсан гавъяа хийгээд балаг нь багадахааргүй гэдгийг бид бүгд мэднэ. Хамгийн наад захын жишээ гэхэд прокурор асаны дүүгийнх нь данснаас чимээ аниргүйхэн гарч одсон хоёр сая ам.доллар хийгээд “Жаст”-ын Ш.Батхүүгээс Т.Ганболдын данс руу шилжүүлсэн 15 сая ам.доллар баталгаат гарын үсэггүйгээр буцаж гарсан гэх хэрэг. Дээрх хоёр эрхмийн хувьд уг мөнгийг нэг мэдэх нь ээ, орж ирээд гарсан гэх маягтай мэдэн будилсан тайлбар өгсөн. Олон жилийн туршид аль аль нь өгсөн, авснаа эргүүлж өгсөн гэж өөр хоорондоо шидэлцсэн хэрүүлийн алим эцэстээ “Голомт” хэмээх банк хариуцлагагүй, бас хайхрамжгүй гэдгийг баталсан юм.

            Өөрөөр хэлбэл, банк санхүүгийн байгууллага нь тухайн иргэн, аж ахуйн дансанд андуурагдаж орсон ч бай, үгүй ч бай хамаагүй. Ямар ч гүйлгээг данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийхийг хориглодог. Гэтэл томчуудын том тоотой данснаас олон сая ам.долларыг нь тус банкныхан хэл чимээгүйхэн “төөрүүлсэн” нь үнэн байвал энгийн иргэд бидний халааснаас “Голомт”-ынхон гороохгүйгээр хусдаг байж мэдэх нь. Үүнийг нь ч дээрх хоёр эрхэм гайхаж шагширснаа мэдэгдэхийн зэрэгцээ банкнаас гаргаж өгсөн бичиг баримтаар хариуцлагагүй үйлдлийг нь гэрчилсэн. Эндээс л Монголын хамгийн найдваргүй банк бол Голомт юм байна гэдэг дүгнэлтийг монголчууд хийсэн байх гэдэгт итгэж байна.

         Нөгөөтэйгүүр, 2018 оны сүүлчээр “Хаан” банк харилцагчдынхаа данснаас данс хөтөлсний төлбөр гэж тус бүр 200 төгрөг суутгасан юм. Мөнгөн дүнгээр нь бодоход хоёр сая харилцагчаас тус бүр 200 төгрөг суутгасан гэж үзвэл, ганцхан шөнийн дотор л 400 сая төгрөг халаасалсан гэх асуудалд ороогдоод авсан. Гэхдээ тэд эл үйлдэлдээ уучлалт гуйж, иргэдийн данс руу буцаалт хийснээр асуудал намжиж байв. Тэгвэл томчуудыг мөнгийг баталгаат гарын үсэггүйгээр “хоб” гээд нэгээс нөгөө рүү шилжүүлдэг “Голомт” банкныханд “Хаан” банкны эл үйлдэл бараг л хүүхдийн тоглоом бололтой юм.

           Түүнчлэн “Голомт”-ынхон бохир “тоглоом”-той гэдгийг “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ын дарга Т.Ганболд болон Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарын хэлсэн үг бараг л баталчихсан. Энэ талаар тэдгээр хүмүүс  телевизийн хэд хэдэн нэвтрүүлгээр оролцохдоо дэлгэрэнгүй хэлж, ярьсан учир энд олон зүйл нурших нь илүүц байх. Гэхдээ л  “Дүүгийнх нь данс руу андуурагдаж орсон хоёр сая ам.доллар эргээд гарсан гэж Д.Дорлигжав ярьсан. Гэтэл тэр мөнгөнөөс нь нэг ч цент эргэж орж ирээгүй” гэдгийг Т.Ганболд хэлсэн юм. Тэрбээр ингэж хэлснийхээ дараахан “Цензургүй яриа” нэвтрүүлгээр “Жаст”-ын Ш.Батхүүгийн бараа худалдан авсан төлбөрт шилжүүлсэн 15 сая ам.доллар “Голомт” банкан дахь данс руу нь оронгуутаа эргэж харахын зуургүй алга болсон гэх маягын тайлбар өгөөдөхөв. Түүний ярьсныг хар ухаанаар ойлговол “Хүүе, хаая. Мөнгө алга болчихлоо. Юу болов” гээд Голомтоос асуухад нь “Мөнгөө эргүүлээд авъя гэхээр нь таны гарын үсэггүйгээр шилжүүлэг хийчихлээ” гэх  маягын хариултыг өгсөн юм уу даа.

                Эндээс үзвэл, “Жаст”-ын Ш.Батхүү төлбөрөө хийсэн. Гэтэл яагаад ч мөнгөө буцаагаад авъя гэхэд нь “Голомт”-ын гэнэдээд буцаагаад шилжүүлчихэж. Ингээд эцэст нь Т.Ганболд улайсан дансаа тэврээд үлдсэн гэж ойлгохоор.  Ерөөсөө ингэж л харагдаж байна. Үүнийг батлах  мэт мэдэгдэл бол тус банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан болон бусад албаны хүмүүс “Алтан дорнод Монгол” компанийн бүх тусгай зөвшөөрөл, өмч хөрөнгө “Голомт” банкны барьцаанд байсан. Нөгөөтэйгүүр, банкны хамгийн том харилцагчийн нэг учир заавал бидэнтэй хамтарч ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авч байгаа хүн нь зээлийг нь заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьсан. Энэ утгаараа барьцаа хөрөнгө хөдөлгөх, шилжүүлэхийн тулд заавал бидэнтэй холбогдох ёстой. Ч.Бямбаагийн хувьд худалдан авах гэрээ байгуулахдаа бидэнтэй мөн гэрээ байгуулсан. Дараа нь Т.Ганболд худалдаж авсан гэдэг тайлбарыг хэвлэлд өгсөн юм.

      Эндээс нэг дүгнэлт хийхэд, “Алтан дорнод Монгол” компанийн тусгай зөвшөөрөл болон өмч хөрөнгө нь “Голомт” банкны барьцаанд байдаг болохоор уг компанитай холбоотой гүйлгээг “Голомт”-ынхон дур мэдэж хийх эрхтэй гэж андуурсан бололтой. Тиймдээ ч дээрх учир битүүлэг гүйлгээнүүдийг хийсэн байх. Энэ талаар ч манай сайтад нийтлэгдсэн “Голгүй тэнэг хүн л “Голомт”-ыг сонгодог юм байна” нийтлэлд дурдсан юм. Өөрөөр хэлбэл, “Алтан дорнод Монголын” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболдын хэлсэн шиг “УГААСАА ТЭНЭГДҮҮ” хүнийг “Голомт”-ынхон онцолж, онилж байгаад харилцагчаа болгоод данс хооронд гүйлгээ хийж тоголдог бололтой юм.

                Эцэст нь хэлэхэд, “Голомт” банктай холбоотой гүйлгээ андуурагдсан, нэг мэдэх нь ээ буцаад шилжсэн байсан гэж ярьж, хэлсэн Д.Дорлигжав прокурор асанг энэ сарын 8-ний өдөр АТГ-аас баривчилж, өчигдөр 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргачихлаа. Тэрбээр ямар мэдүүлэг өгч, юу гэж улайж суугааг хэн ч мэдэхгүй, хэн ч тааварлашгүй. Харин ганц мэдэж, таамаглаж, болгоомжилж буй зүйл бол дээрх учир битүүлэг шилжүүлэг бүрийн цаана “Голомт” банкны нэр ороогдсон байх вий. Тиймдээ ч иргэдэд хандаж хэлэхэд, “Голомт” банкан дахь данс чинь улайсан байвал битгий гайхаарай гэж хэлэхээс өөр үг алга даа.

Б.Батбаяр

24TSAG.MN


URL:

Сэтгэгдэл бичих