Монгол улсын эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн үр нөлөөнд татгалзуулах онол (Deterrence theory)-ын үүднээс хийсэн дүн шинжилгээ

712-1547102346e84eae00d20937cc8fe69788a1642706bigМонгол Улсын Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн үр нөлөөнд Татгалзуулах онол (Deterrence theory) -ын үүднээс хийсэн дүн шинжилгээ Analyzing For of Result of Penalties Imposed on “Theft” Crime in the Criminal Code of Mongolia Based on the Deterrence Theory

2019 оны 01 дүгээр                                                                              Улаанбаатар хот
сарын 07-ны өдөр
Эрүүгийн хуулийн зорилго нь…хүний эрх, эрх чөлөө, …ашиг сонирхол,… аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Түлхүүр үгс: Эрүүгийн хууль, хулгайлах, гэмт хэрэг, ял шийтгэл, криминологийн онол, татгалзуулах, эмээлгэх, эрүүгийн хариуцлага
ОРШИЛ
Иргэд бидний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгө цаашлаад нийтийн болон үндэсний ашиг сонирхол гэмт халдлагаас хамгаалагдаж чадсан уу, бид эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдарч, сурч байгаа билүү, өнөөдрийн байдлаар Эрүүгийн хуулийн дээрх зорилго биелсэн үү, биелэх гэж байгаа юм уу, нэг бол ямар түвшинд хүрсэний дараа биелсэн гэж үзэх юм, тийм шалгуур үзүүлэлт бий юү, эсвэл биелэхгүй байгаа бол яагаад гэсэн олон асуулт урган гарсаар байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулах, нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах, ялын бодлогоор дамжуулан гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдийн гэмт хэрэг үйлдэхээс айлган татгалзуулж урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байх учиртай. Эрүүгийн хуулийн зорилго биелэхгүй байгаа, биелэгдэхгүй байгаа шалтгааныг “хулгайлах” гэмт хэрэг”-тэй холбож дараах байдлаар судаллаа.
СУДАЛГАА, ҮР ДҮН
Манай улсын хууль тогтоох байгууллагаас Монгол Улсын үнэт зүйл болсон, үнэ цэнэтэй зүйлсийг гэмт халдлагаас хамгаалахаар 209 гэмт хэргийг тусгаж өгсөн боловч хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэмт хэрэг байгаа бол, “хулгайлах” гэмт хэрэг харин эсрэгээрээ хэдэн мянгаараа бүртгэгдэж байна. Нэг үгээр хэлбэл, нийт гэмт хэргийн түвшин, хөдөлгөөн нь бусдын эд хөрөнгийг “хулгайлах” гэмт хэргийн түвшингээс шууд хамааралтай байгаа нь анхаарал татаж байна.  Жишээ нь:
Зураг1. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн түвшин
Графикаас харахад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хандлага 2008-2011 он хүртэл бага зэрэг буурч, сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлт харагдаж байна.  Тухайлбал, хулгайлах гэмт хэргийн түвшинг өмнөх оны түвшинтэй харьцуулан үзэхэд 2012 онд 990 хэргээр буюу 18.8 хувь, 2013 онд 1621 хэргээр буюу 25.8 хувь, 2014 онд 540 хэргээр буюу 6.8 хувь, 2015 онд 745 хэргээр буюу 8.8 хувь, 2017 онд 3157 хэргээр буюу 34.8 хувиар тус тус өссөн байна.[1]
Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хэрэгжиж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд улсын хэмжээнд хулгайлах төрлийн нийт  35397 гомдол, мэдээлэл хүлээн авч, 8390 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн хэрэгжих цаг хугацаанд хулгайлах гэмт хэргийн гаралт жил ирэх бүр  өсч байсан ба 2015 оны Эрүүгийн хуулийн хэрэгжих цаг хугацаанд мөн л өссөөр  байгааг харуулж байна.
Олон удаагийн судалгааны ажлын үр дүнгээс “хулгайлах” гэмт хэргийн шалтгаан нөхцлийг:
хүн ам төвлөрсөн, нягтаршил ихтэй газар илүүтэй үйлдэгддэг (хулгайлах төрлийн гомдол, мэдээллийн 56.7 хувийг Улаанбаатар хотод бүртгэгддэг),
хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэргүй байдагтай холбоотой (учирсан хохиролын 93.9 хувь нь нөхөн  төлөгддөггүй),
бүртгэгдэх үедээ сэжигтэн яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй (ийм байдлаар 41.320 хэрэг бүртгэгдсэн нь улсын
Зураг 2. Бүртгэгдсэн гэмт хэргийн үйлдэгдсэн цаг, гараг
Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 01-ээс 2018 оны 06 дугаар сарын 30-ны хооронд 1 жилийн хугацаанд нийт 1650 хүн хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 137 буюу 8.3 хувийг эмэгтэй хүн, 1513 буюу 91.7 хувийг эрэгтэй хүн, 199 буюу 12.1 хувийг хүүхэд эзэлж байна.  Өөрөөр хэлбэл, цаг хугацаа, гариг, сар нь хулгайлах гэмт хэргийн гаралтад онцгой анхаарал татахаар нөлөөлдөггүй боловч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 10 хүн тутмын 9 нь эрэгтэйчүүд байгаа нь бас л энэ төрлийн гэмт хэргийн уламжлалт онцлог юм.
Харин хулгайлах гэмт хэрэгт оногдуулж байсан одоо оногдуулж болох боломжтой эрүүгийн хариуцлагыг доорх байдлаар харьцуулж үзэж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдэхээс татгалзуулж айлгах, оновчтой тогтоон тэмцэж чадаж байгаа эсэхийг үзье.
ХАРЬЦУУЛАЛТ
2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл
2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл
145.1.Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
145.2.Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;
2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;
2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;
2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
145.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан буюу  их хэмжээний хохирол учирсан, түүнчлэн гамшгийг далимдуулж үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
145.4.Энэ хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Дээрх хүснэгтээс үзэхэд  хуучин, шинэ Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн хувьд одооны Эрүүгийн хуулийн ялын бодлого чангарсан байна. Тодруулбал, 2002 оны Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг хулгайлсан бол 3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэлтэй байсан бол   2015 оны Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос ялын бодлогоор дамжуулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго тавьсан боловч шинэ Эрүүгийн хуулийн зорилго биелэхгүй байгааг илтгэж байна.
Түүнээс гадна 2002 оны Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийн улмаас 240.000 төгрөгийн хохирол учирсан байхыг шаарддаг байсан бол одоо 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардаж байна.  Хохиролын хэмжээг өсгөж өгсөнтэй холбоотойгоор 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хулгайлах гэмт хэргийн бүртгэгдсэн тоо өссөн байх боломжгүй байна. Нэг үгээр хулгайлах гэмт хэрэг мөн гэж тооцох хохиролын хэмжээг нэмэгдүүлснээр энэ төрлийн гэмт хэргийн тоо өссөн байж болзошгүй гэсэн таамаглал үгүйсгэгдэж байна.
Жишээ нь: Эрүүгийн хуулийн сүүлийн хоёр он дамнаж  хэрэгжсэн хугацаанд 35397 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол өнгөрсөн 7 жилийн хугацаанд дунджаар жилд 30929 гомдол, мэдээлэл бүртгэж байжээ.
Хулгайлах гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хүйсийн харьцаа, үйлдэгддэг цаг, өдөр, гараг гэх мэт шууд болон шууд бус хамаарал бүхий өгөгдлүүд анхаарал татахуйц өөрчлөгдөөгүй мөн нөлөөлөөгүй, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ өдөр тутам цалгардуулалгүй биелүүлсээр, орчин үеийн техник технологийн шийдэл, шинэ санааг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн тэмцсээр байгаа, эрүүгийн хариуцлагыг чангатгасан хэдий боловч “хулгайлах” гэмт хэрэг яагаад буурахгүй байна вэ?
ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
1. Ялтай байдал буюу өмнө нь  шийдвэрлэсэн хэргийг сөхөж, ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үздэг байдлыг эргэж бий болгосон зохицуулалтыг хулгайлах гэмт хэргийн шинжид тусгаж өгснөөр  гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэхээс айлган татгалзуулах боломжтой. Урьд ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш тодорхой хугацаа өнгөрөх хүртэл гэмт хэрэг шинээр үйлдэхгүй байх нь түүнд ашигтай тул түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулж чадах хүчин зүйл нь “ялтай байдал” гэдэг ойлголтыг тусгаж өгөх арга бий боловч энэ нь 2015 оны Эрүүгийн хуульд нэг төрлийн гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд гэмт хэргийг давтан үйлдсэн шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхийг хассан шударга ёс, тэгш эрхийн зарчимтай зөрчилдөх тул УИХ-аас давтан гэмт хэрэг, ялтай байдал гэсэн ойлголтуудыг шинэ Эрүүгийн хуульд тусгаж өгөөгүй юм. Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хугацаа өмнөх Эрүүгийн хуультай харьцуулахад чангарсан боловч энэ нь гэмт этгээдэд нөлөөлөхгүй байна гэсэн үг юм.
2. Эрүүгийн хуульд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах зохицуулалтыг тусгаж өгөхдөө “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж үйлдэл тус бүрд ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг тогтоож өгнө гэж зохицуулсан. Жишээ нь: дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн хохирогчид хөнгөн гэмтэл учруулан үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 17.2 (дээрэмдэх)+11.6-1(хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах) гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 бие даасан гэмт хэрэг гэж давхар зүйлчлэн ял оногдуулж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”  гэсэн шударга ёсны зарчимтай нийцэж байгаа боловч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсэн заалтаас шалтгаалж хэрэгжихгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн гол агуулга болох нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах нь шударга ёсны зарчим гэж заасан, мөн нэг гэмт хэрэгт ял оногдуулсан л бол тухайн ял шийтгүүлсэн байдлыг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж, ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болгохгүй байх утга агуулгыг давхар илэрхийлж[1] байгаа боловч  хулгайлах гэмт хэргийг 100 ба түүнээс дээш удаа үйлдсэн ч 20 жил, 10 ба түүнээс дээш удаа үйлдсэн ч 20 жил хорих ял оногдуулах нь хууль ёсонд нийцэхгүй, шударга, зөв шийдэл биш байна.
Жишээлбэл, уржигдар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А-ыг гэрт нэвтрэн зурагтыг нь, өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б-ийн гражаас тээврийн хэрэгслийг нь, өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн С-ийн халааснаас гар утсыг нь хулгайлсан үйлдэл нь цаг хугацааны хувьд тасарсан, өөр өөр газар нутагт үйлдэгдсэн, халдлагын зүйл, хохиролын хэмжээ ялгаатай, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа бусдын орон байр, гражид нэвтрэн үйлдсэн учраас хүндрүүлэх шинжтэй боловч гар утасны хулгай нь нэвтрэлтгүй тул хүндрүүлэх шинжгүй, 3 тусдаа хохирогчтой зэрэг олон нөхцөл байдлаас үл хамаарч үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэн 3 гэмт хэргийг нэг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хэргүүдийг нэг “малгай”-н дор нэгтгэж шийдвэрлэж байна. Тодруулбал, дээрх 3 үйлдэлд 2-8 жилийн хорих ял, 30 үйлдэлд ч ялгаа байхгүй 2-8 жилийн хорих ял шийтгэгдэж байна.
Тодруулж хэлбэл, Эрүүгийн хуульд нэг гэмт хэрэгт нэг ял шийтгэл гэсэн үзэл баримтлал бий болсон боловч түүнийг хэрэглэх боломжгүй байгаа нь хуулийн мөн чанарыг алдагдуулах, гэмт хэрэгтэнд ял завшуулах, хуулийн байгууллагад зохиомол ачаалал, давхардал үүсгэсэн, хохирсон иргэдийг чирэгдүүлэх, хохирсон дээр нь нэмж хохироох, гэмт хэргийн гаралт буурахгүй байх сөрөг үр дагавар дагуулж байна.
ТАТГАЛЗУУЛАХ ОНОЛ (DETERRENCE THEORY)
Криминологийн шинжлэх ухааны энэ онолыг “эрүүгийн хариуцлагаар эмээлгэх” онол ч гэж орчуулж болох юм. Классик буюу сонгодог онолын гол агуулга нь аливаа хүн үйлдэл хийх, шийдвэр гаргах нь тухайн этгээдийн хийх нь зүйтэй юм, оновчтой юм гэж үзсэн өөрийнх нь чөлөөт сонголт юм. Хувь хүн бүгд хууль тогтоомжоос урган гарч буй боломжит аз жаргалыг хүртэх үү эсвэл зовлогоо зулгаалуулах уу гэдэг эрсдэлээ тооцсоны үндсэн дээр хуулийг сахин биелүүлэх нэг бол хууль зөрчих эсэхээ шийдвэрлэх нь тухайн хүний өөрийнх нь сонголт юм. Гэмт этгээд нь Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн хэмжээ, төрлийг дэнслэхийн зэрэгцээ баригдах эрсдэлээ бас тооцож үзэх ба хэрвээ гэмт этгээд нь хуульд заасан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэж ашиг хонжоо олохоос илүүтэй намайг зовоох юм байна гэж тооцвол тухайн хүн гэмт хэрэг үйлдэхгүй байх болно.
Иймд Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн нэн тэргүүний зорилго бол гэмт хэрэг үйлдэхээс айлгах юм. Улмаар ял шийтгэл нь иргэдийг хууль сахин биелүүлэх сэдлийг өгч байхаас биш хууль зөрчихийг дэмжсэн байж болохгүй. 18 дугаар зууны үед сонгодог онолын гол төлөөлөгчид Чезар Беккари, Жереми Вентон нар ял шийтгэл гэмт хэрэгтээ таарсан байх ёстой гэхээс  гадна хатуу ширүүн шийтгэлийг санал болгож байсан юм. Учир нь тэд ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэргээс нь илүү хатуу ширүүн байвал гэмт хэргээс олох олзноос татгалзана гэж үзсэн. Ял шийтгэл нь хэтэрхий хатуу, ширүүн байх нь шударга бус боловч ял шийтгэл нь хатуу байхгүй бол гэмт хэрэг үйлдэхээс татгалзах, айх шалтгаан болж чадахгүй гэж сургасан байдаг.[2]
ЗАРИМ ОРНЫ ТУРШЛАГААС
Хүүхэд хулгайлж, хүчиндсэн Ариел Кастро хэзээ ч тэнсэн суллагдах нөхцөлгүйгээр бүх насаараа хорих ял+1000 жилийн ял шийтгүүллээ[3].
АНУ-д 2009 онд залилах гэмт хэрэгт 150 жилийн, цуврал аллага үйлдсэн этгээдэд 835, 957, 10.0000 жилийн, Испани улсад залилах гэмт хэрэгт 2000 жилийн, 2004 онд Израйлд 63 хүнийг тэсрэх бөмбөгөөр алсан этгээдийг 63 удаагийн бүх насаар нь / 1 удаа нь 25 жилтэй тэнцэнэ/ хорих ял ба дээр нь нэмээд 5200 жилийн, 1996 онд 35 хүнийг алсан этгээдийг 35 удаагийн бүх насаар нь  хорих ял дээр нь нэмээд 1035 жилийн хугацаагаар хэзээ ч тэнсэж суллахгүй, эргэлт оруулахгүй нөхцөлтэйгээр хорих ял шийтгүүлсэн олон олон жишээнээс үзэхэд энэ нь гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж түүнийгээ нэмэх хэлбэрээр хүний амьд байх боломжтой биологийн насны хязгаараас хэтэрсэн хугацаагаар ял шийтгэх хэлбэр юм. Яагаад гэвэл түүний үйлдсэн гэмт хэрэг бүрийн ард хохирсон иргэд, гэр бүл нь бий. Энэ нь тэдний эрх ашгийг хохирогч нэг бүрээр хангаж, улмаар цаашдын аюулгүй байдлыг нь хамгаалж байгаа нэг хувилбар юм.
Олон жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байгаа бас нэг шалтгаан нь  дэлхийн олон оронд эрүүгийн хариуцлагаар эмээлгэх онолын судалгаа олноор хийгдэж үр дүн нь батлагдсан байдагтай холбоотой. Жишээлбэл, судалгаагаар 6-12 сарын хугацаатай хорих ял шийтгэгдсэн этгээд нь 2-4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээдээс илүүтэйгээр суллагдаж гарч ирснийхээ дараа дахин гэмт хэрэг үйлддэг гэдгийг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хорих ялын хугацаа ихсэх тусам дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэл буурч байдаг гэсэн үг юм[4]. Манай улсад энэ төрлийн судалгаа хийгдээгүй боловч хууль сахиулах байгууллагын зарим практик ажилтнууд дээрх судалгааны үр дүнг хүлээн зөвшөөрч, улмаар үнэн эсэх тухай таамаглал дэвшүүлж судалгааны ажлыг эхлүүлээд байна[5].
ДҮГНЭЛТ
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 209 гэмт хэргийн зөвхөн 1 гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн зорилго биелэхгүй байх шалтгаан, нөхцөл нь болж байгаа манай улсын хувьд хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын нийт нийлбэр буюу дээд хэмжээг хязгаарлан тогтоохгүй байх, улмаар ялын нийт нийлбэр хэмжээг ямар хугацааны дараа хэрхэн бууруулах үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулах шаардлагатай байна. Дээрх жишээнээс үзэхэд хулгалах гэмт хэрэг үйлдсэн этгээд 3 үйлдэл тус бүртээ 2-8 жилийн хорих ял шийтгүүлж, түүнийг нь нэгтгэсэнээр 6-24 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэх юм. Хэдийгээр олон жилийн хугацаагаар хорих ял шийтгэх боловч тухайн хүний нийгэмд аюулгүй болсон, дахин хулгай хийх, хүн алах хүч тамиргүй болох хүртэлх буюу 25-40 жилийн дараа, дэлхийн жишгээр 20, 50, 75, 80 хувийн ялаа эдэлж дууссаны дараагаар суллах боломжтойгоор хуулийн зохицуулалтыг бий болгох юм[6].
Хулгайлах гэмт хэргийг бууруулах, түүнтэй тэмцэх, иргэдийнхээ өмчлөх эрхийг хамгаалах бас нэг хувилбар бол хулгайлах гэмт хэргийг өөр цаг хугацаанд, өөр газар нутаг, обьектед халдаж үйлдсэн үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохгүй, харин тус тусдаа нь бие даасан гэмт хэрэг юм гэсэн зохицуулалтыг Эрүүгийн хуульд тусгах эсвэл “үргэлжилсэн” гэмт хэрэг гэсэн ойлголтыг хасч улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй”[7] гэж үйлдэл тус бүрт нь ял оногдуулах талаар тодорхой заасныг удирдлага болгон хэрэгжүүлэх боломжтой байна.
2015 оны Эрүүгийн хууль нь криминологийн шинжлэх ухааны сонгодог онол тэр дундаа ял шийтгэл тодорхой, хатуу, түргэн шуурхай байх, нийгэмд хир хэмжээний хохирол учруулж, олон нийтийг түгшээсэн тэр хэмжээгээрээ ял шийтгэлийн тун нь таарч байх тухай сургадаг эрүүгийн хариуцлагаар эмээлгэх онол /deterrence theory/-ын суурь ухагдахууныг үндэслэн  “хулгайлах” гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх, түүний гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ өмчлөх эрхийг хамгаалахын тулд ял шийтгэлийг чангатгасан нь онолын хувьд үндэслэлтэй байсан боловч хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн бол үйлдэл тус бүрт нь хорих ял оногдуулж нэмж нэгтгэх зохицуулалт байхгүй улмаас онолд суурилсан бодлого хэрэгжихгүй байгаа нь “хулгайлах” гэмт хэргийн гаралтыг өсгөсөн байх боломжтой байна.
http://www.sonin.mn/news/politics-fb-bot/98660

URL:

Сэтгэгдэл бичих