УИХ-ын дарга шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ дахин илэрхийлжээ
Д.Сүхбаатарын талбайд жагсаал хийж байсан УИХ-ын гишүүд УИХ-ын даргатай уулзахаар орсон билээ. Тэд уулзалтын үр дүнгээ яг одоо мэдээлж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд ”Таван гишүүн жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахдаа маш том хариуцлага хүлээсэн. Тиймээс ч 50, 60 мянган хүн тайван замаар жагсаж байна.
Харин ордноос Аюурсайхан гишүүн рүү ярьсан. Ингээд бид итгэл тээгээд ордонд орж ирлээ. Гэтэл энд орж иртэл доромжлол үзүүллээ. УИХ-ын дарга 30 хуудас хийсэн ажлын тайлангаа өгч байна. Бид түүнийг нь хүлээж авсангүй. Бид үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. Бид өнөөдөр өөрсдийн төлөвлөгөөний дагуу суулт хийнэ” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ”УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэлээ. Тэрбээр өөрийн хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж өгөөч гэж байна. Бидний зүгээс олон нийтэд М.Энхболд даргын энд ярьсан зүйлийг хэлнэ. Үүний дараа бид гэрээ барьж өлсгөлөн зарлана. Гэхдээ бид үймээн самуун дэгдээж болохгүй. Жагсаалын зорилгыг өөрчлөх МАНАН-гийн гар хөл болсон хүмүүсийн зорилгыг биелүүлж болохгүй. М.Энхболд гэж хүн нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байна” гэв.
URL: