Төгсөх ангийн сурагчид тусгай хөтөлбөрт хамрагдаж байна
Сонгинохайрхан дүүрэгт төрийн өмчийн 25 сургуультай бөгөөд энэ жил 1143 сурагч 12 дугаар анги төгсөх аж. Харин нэмэлт сургалтыг математик, монгол хэл, англи хэл, нийгмийн хичээлүүдээр өгч байгаа гэв. Тэгэхдээ хичээл тус бүрээр сурагчдын дунд явуулсан “Амжилтын гараа 1”-д хамгийн сайн үзүүлэлттэй 30, нийт 480 гаруй хүүхэд нэмэлт сургалтад хамрагдах эрхтэй болжээ.
Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэйн хэрээр сургуулийн насны хүүхэд олонтой. Энэ ч утгаараа жил бүр ерөнхий боловсролын сургууль төгсч буй сурагчдын тоо бусад дүүргүүдээс харьцангуй их байдаг. Харин төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нийслэлийн есөн дүүрэгтэй жишихэд харьцангуй хангалтгүй гардаг. Тодруулбал 2017 онд дүүргийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 491 байсан бол 2018 онд 485 байж, оноогоороо нийслэлийн хэмжээнд долдугаар байрт жагссан байна. Тиймээс сурагчдын чадавхийг дээшлүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтын оноог нэмэгдүүлэх үүднээс Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Up” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь энэ юм. Хэдийгээр сургууль бүрээс хамгийн өндөр оноо авсан нийт 480 хүүхэд гүнзгийрүүлсэн шатанд сурч байгаа ч, үлдсэн хүүхдүүддээ сургуулиуд өөрсдөө дотооддоо давтлага өгч байгаа аж.
Хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтаар тогтмол өндөр оноо авдаг хувийн сургуулиудтай хамтран ажиллаж, сурагчдад тусгай хөтөлбөрөөр хичээл заах мөн их, дээд сургуулиудын багш нартай хамтарч багш нарыг чадваржуулах ажлыг эхлүүлсэн байна. Тус хөтөлбөрийн явцын байдалтай СХД-ийн Засаг даргын орлогч Д.Ундармаа танилцсан юм. Тэрбээр хүүхдүүдийг давтлага хичээлээ таслахгүй, даалгавраа тухай бүрт нь сайн хийж байхыг уриалж, ирэх ЭЕШ-даа өндөр оноо авахын ач холбогдлыг сануулсан юм.
Энэ үеэр “Ирээдүй” цогцолбор сургуулийн захирал Г.Цагаанцоож UP хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүнг хэрхэн дүгнэж байгааг тодрууллаа. Тэрбээр “ЭЕШ гэдэг хүүхэд 12 жилийн турш сурсан хэргээ гаргаж, үр дүнгээ үздэг шалгалт. Хүссэн мэргэжлээ сонгож, хүссэн сургуульдаа орохын тулд хүүхэд ЭЕШ-даа сайн оноо авах ёстой. Тиймээс СХД-ийн Засаг дарга захирамж гарган, UP хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Үүнд сурагчид өндөр ач холбогдол өгч байна. Энэ бүхний эцсийн үр дүн нь ЭЕШ-д СХД-ийн сурагчид өндөр оноо авах зорилготой. Үүний тулд сургуулиараа, дүүргээрээ хичээн ажиллаж байна” гэв.
Ш.ОЧ
URL: