Эмийн сангийн үүдэнд тогонд цохиулж амиа алдсан хүүгийн хэргийн шүүх хурал хойшлогдлоо

150

Өнөөдөр эмийн сангийн үүдэнд харамсалтайгаар амиа алдсан гэх арван настай хүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хурлаар шүүгдэж буй Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэлээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн байна. Харин өнөөдрийн хуралд шүүгдэгч “Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирэх боломжгүй байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн учраас ийнхүү хойшлуулах шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрээр хурлын товыг нэгдүгээр сарын 17-ны 15 цаг хүртэл хойшлуулсан байна.

Хэргийг сануулбал, өнгөрөгч оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн долдугаар байрны нэг давхарт байрлах эмийн сангийн үүдэнд цахилгааны утсанд цохиулж арван настай хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж прокурорт шилжүүлсэн билээ.

У.УРАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих