Жиргээ: Багтрал

97

Утаа дэндүү гэхэд дэндүү байна. Балчир үрс бүү хэл насанд хүрсэн бид хоолой хорсож, нүд арган аргаа барж сууна. Ахлах сургуулийн хүү минь сөнөсөн гаригтай кинонд тоглоод байгаа юм уу хайшаа юм гэж хошигнох, уцаарлахын дундуур дугарсаар орж ирэхэд ой гарантай дүү нь мэнгэртэй өвгөн шиг бөгшүүлсээр урдаас нь бөөцөгнөх. Хүүхдийн эмнэлэгүүд хөл гишгих зайгүй, сургууль цэцэрлэгүүд сүрьеэгийн эмнэлэгийн өвчтнүүд шиг цээжнээсээ ханиасан нялхсаар дүүрэн. Бид хаана амьдраад байнаа. Бид яаж амьдраад байнаа.
Утаа арилгах мөнгийг уучихсан, түгжрээ арилгах боломжийг туучихсан, баялаг бүхнийг хэдүүлхнээ идчихсэн, бараан амьдрал руу биднийгээ шидчихсэн төрийн түшээд гэх хүндлэл дүүрэн гуншинтай ч тийрэнгийн сувдаг араншинтай тэр хэдэн улстөрчдөө дэмий нэг зүхэцгээж дээсэн дөрөөн дээр дэнжигнэцгээж л явна ард бид. Сайнтай ч саартай ч ТӨР минь гэж та нөхдийг хүндлэн тарчигхан амьдралаараа давхар тэжээсээр энэ олон жил Репиний “Ижил мөрний барлагууд” шиг л зүтгэлээ. Тэлээгээ тасарчих шахтал зүтгэн байж пиджакны чинь товчийг тасарчих шахтал цатгалдуулсан нь ард түмний буруу юу? Сонголтгүй сонголт өгчихөөд сонголт та нарынх л байсан гэж тавласаар байх уу? Санаа нь ижил идэхийн донтой тийрэнгүүд дэвшүүлчихээд саналаа та нар л худалдсан гэж доромжилсоор суух уу?
Одоо ардууд чинь алдарч түмэн чинь туйлдлаа. Цөхөрч туйлдаад сөхрөхийн наана байна. Түрхэрдэггүй юмаа гэхэд хүрхэрч байна.
АРДЧИЛСАН нэртэй ардчилалын үнэргүй луйварчид, АРДЫН овогтой ард түмнээ зайдалсан тууварчид та нар бүгд ЗАЙЛЦГАА.
Усан нүд цусан зүрхгүй юм шиг аашилдаг улс төрч нэртэй бирдүүд минь та нар бүгд ЗАЙЛЦГАА.
БОЛОХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН БИРД ТА НАРЫГ “ДЭНЛҮҮ”-НД ЧИНЬ ХИЙГЭЭД “БИТҮҮМЖИЛНЭ” ШҮҮ

Сартай-Уул овогт Энхтөрийн Оюунболд

98


URL:

Сэтгэгдэл бичих