Д.Дорлигжав, “Голомт” банкны Д.Баясгалан нар гэмт хэргийн хамтрагчид уу?

383

“Алтан дорнод Монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболдын “Цензургүй яриа” нэвтрүүлэгт өгсөн ярилцлага болон Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өгсөн тайлбар багагүй дуулиан тариад буй. Дуулианы зангилаа нь Т.Ганболд “Алтан Дорнод Монгол” компанийг Оросын иргэн С.В.Паушокоос авсан нь Д.Дорлигжавын багт таалагдаагүй тул цагдан хоригдож, түүнээсээ мултрахын тулд 2011 онд дөрвөн сая ам.долларын авилга өгч байсан тухай.

УЕП асан Д.Дорлигжавыг Авилгатай тэмцэх газраас өөрийн төрсөн дүү Д.Баатарын хамтаар цагдан хорьсон .  Т.Ганболд  УЕП Д.Дорлигжавын дүү Д.Баатарын компанийн дансаар дамжуулан дөрвөн сая ам.доллар  өгсөн  гэж ярьсан нь тэдний хоригдох шалтгаан байж мэдэх юм. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн олон эрх мэдэлтнүүдийн булхай ил болж мэдэх ч хамгийн анхаарал татахуйц зүйл нь тэдгээр нөхөд мөнгөө “Голомт банк”-аар дамжуулан гуйвуулсан явдал. Өөрөөр хэлбэл, тус банк гарын үсгийн эрхтэй эздэд нь мэдэгдэлгүйгээр мөнгө шилжүүлээд татдаг төдийгүй, андуурч мөнгө шилжүүлсэн гэсэн бичиг гаргуулж байсан яриа нь ноцтой байлаа.

Тухайлбал Голомт банк Алтан дорнод Монгол ХХК-ын данснаас учир битүүлгээр их хэмжээний долларын гүйлгээ хийж байсан аж. Эхний удаа хоёр удаагийн гүйлгээгээр 4 сая доллар гарсан нь одоо хоригдоод байгаа Д.Дорлигжавын дүү Д.Баатарын дансанд орсон. Энэ мөнгийг Т.Ганболд Ерөнхий прокурор асангийн дарамт, рекэтийн мөнгө, татвар, таксны мөнгө гэж тайлбарласан. Гэвч Голомт банкны удирдлагууд тухайн үед дансны эзэд Т.Ганболдтой холбогдоод “Ерөнхий прокурор чинь алчих гээд байна. Андуурсан байна энэ тэр гээд худлаа үнэн бичиг хийгээд өгчихөөч” гэж гуйж байсан гэнэ.

Харин Д.Дорлигжав Бадарчийн Жаргалмаа сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, “Манай дүүгийн Голомт банкнаас авсан зээлийг хаасан. Т.Ганболдын төлбөр мөнгө нь дутуу байсан юм байна лээ. Голомтын захирал Д.Баясгалан, Т.Ганболд, манай дүү Д.Баатар нар ярилцаж суугаад зээлээ хаалгахаар болсон. Гэтэл удалгүй манай дүүгийн данс руу андуурч хоёр сая ам.доллар шилжиж орж ирсэн байсан. Ингээд Голомт банк руу ярихад дарга нартайгаа асуудлыг тодруулаад, андуурч орж ирсэн гүйлгээ байна гээд буцаагаад явуулсан” хэмээж байв. Гэтэл “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын “Цэнзургуй яриа” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Голомт банкаар орсон гэх дөрвөн сая ам.доллароос нэг ч төгрөг буцааж ирээгүй. Нийт энэ хүний авсан мөнгөн дүнгийн тодорхой хэсэг нь юм шүү. Бүтэн хэмжээгээрээ хууль хяналтын байгууллагад шалгагдаад явж байна. Би дутуу мөнгө хийгээгүй. Төлбөрөө бүрэн хийсэн” гэж ярив.

Хамгийн гол нь “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын ярьж буй үнэн бол “Голомт банк”-ны андуурч орсон гүйлгээ байна хэмээн буцаан татсан, бараа таваар худалдан авахаар тохиролцож дансандаа орсон мөнгийг хариуцагчийн гарын үсэггүйгээр өрөндөө суутгадаг зэрэг нь асуудал болоод байгаа юм.

Үүнээс харахад монголын банк санхүүгийн салбарт тодорхой байр суурь эзэлчихсэн “Голомт банк”-нд аюулгүй байдлын хяналт шалгалт гэх зүйл ер алга бололтой. Монголдоо битгий хэл олон улсад нэр хүндтэй банк байтал, Авилгачдын мөнгөө шилжүүлдэг банк болж, хэн дуртай нэг иргэнээс их хэмжээний мөнгө ямар ч хяналт шалгалгүй нөгөө иргэний компанийн данс руу хийчихсэн байхад өөр хоорондоо тохиролцож байгаад татаад авчихдаг зэрэг. Энэ бол яалт ч үгүй “Голомт банк”-ны олон мянган харилцагч нарын хувьд болгоомжлох мэдээлэл билээ. Банктай холбоотой олон сөрөг мэдээллүүд байдаг ч банк бол Монголын эдийн засгийн гол тулгуур багана байсаар ирсэн. Энэ мэт мэдээллийн цаана зөвхөн банк ч бус Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбар доголдох ноцтой аюул учирч мэдэх тул Голомт банкны асуудлаар Д.Баясгалан захирал үүнд тайлбар өгөх учиртай.

384

ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN


URL:

Нэр: Damba Огноо: 11 January 2019

Golomtiin Bayasgalang sain shalgah heregtei shyy, olon gemt hergiin ard baigaa hyn shyy dee

Сэтгэгдэл бичих