Амсхийх завгүй ажиллагсад
Цагаан cap, Улсын баяр наадам гэсэн үндэсний уламжлалт баяруудаас гадна хамгийн өргөн тэмдэглэдэг баярын нэг нь яах аргагүй шинэ жил. Шинэ жилийн баяр хаяанд ирсэн энэ цаг мөчид хамгийн их ачаалал ихтэй газруудын нэг бол Нарантуул олон улсын худалдааны төв.
Тиймээс энэ өдөр “Нарантуул” олон улсын худалдааны төвийн нэг өдрийн амьдралтай танилцахаар зорьсон юм. Хуваарь ёсоор бол Мягмар гаригт уг худалдааны төв амардаг уламжлалтай. Харин энэ өдөр шинэ жилийг тохиолдуулан амрахгүйгээр ажиллаж байгаа аж. “Нарантуул” худалдааны төв нь энэ сарын 31-нийг дуустал баярын өдрүүдэд амрахүйгээр ажиллана. Энэ утгаараа ашиг орлого ч овоо байдаг бололтой.
Энэ нь нэг талаасаа худалдааны төвүүдийн ашиг орлого нэмэгддэг хэдий ч нөгөө талаас иргэдийн хэрэгцээт бүхий л зүйл энд төвлөрсөн байдаг. Харин тус төв нэг сарын нэгнээс дөрвөнийг хүртэл амрахаар болжээ. Захын хөл хөдөлгөөн хаалганаасаа эхэллэнэ. Энд тэндгүй модон авдар түрэн нүргэлсэн чимээгээр их захын шинэ өглөө эхэлдэг аж. Эзэнгүй байсан зах хэдхэн хормын дотор хүний хөл, машин тэргэнд дарагдаж эхлэх нь тэр.
Тус худалдааны төвөөр өдөртөө 50-60 мянган хүн үйлчлүүлдэг гэхээр бас л том тоо. Харин энэ өдөр хөл хөдөлгөөн санасныг бодоход бага байлаа. Учир нь энэ өдөр зах амардаг хуваарьтай. Цагийн хуваарь нь өвлийн улиралд өглөөний арван цагаас оройн найман цаг хүртэл ажилладаг юм байна. Захтай амьдралаа холбосон олон хүн бараагаа борлуулах гэж хүйтнийг үл анзааран өрөөсөн бэлийтэй наймаа хийж байхтай ч таарлаа.
Энэ өдөр миний хувьд нэлээд хүйтэн өдөр байсан. Байсхийгээд л цайны газарт орж дулаацаангаа захын нэг өдрийн амьдралтай танилцлаа. Наймаачид өнөөдөр дулаахан байна шүү, гэвч хөл хөдөлгөөн бага юм аа гэж ярьцгааж байв. Зарим үед бараа нь борлохгүй түрээсээ төлж чадахгүй үе ч гардаг гэнэ. Арга ядахдаа хямдруулаад зарчихдаг тохиолдол зөндөө гардаг аж.
Нийслэлд худалдааны төвүүд олон болоод худалдан авагчид цөөрөх төлөв ажиглагдаж байгаа гэсэн. Таны харж байгаа энэ газар бол Нарантуул захын Хуучин бараа буюу бараг хүмүүсийн хогын саванд хаядаг барааг зардаг. Ийм хуучин элэгдсэн эд зүйлсийг авах хүн байдаг болов уу гэсэн чинь үгүй юм. Энэ газраас олон хүн амьдралаа залгуулдаг юм байна. Нарантуул зах олны хөлийн газар. Олны хөлийн газар гэдэг утгаараа “Нарантуул”-д халаасны хулгайч, архичин гээд нийгмийн эмзэг давхаргынхан цуглардаг гол газар байсан. Гэхдээ энэ үзэгдэл харьцангуй багасжээ. Бараг байхаа больсон гэж Нарантуул захын цагдаагийн тасгийнхан ам бардам хэлж байна лээ.
Өөрсдийнхөө хүч бололцоонд тулгуурлан тодорхой арга хэмжээнүүдийг авчээ. Үүнд цаг гучин минут тутам хүмүүст анхааруулга, сэрэмжүүлэг өгдөг юм байна. Хулгайн хэрэг урьд жилүүдийг бодвол гурав дахин багассан гэсэн мэдээллийг бидэнд өглөө. Түүнчлэн шинэ жилээр зарагддаг хамгийн их гүйлгээтэй бараа болох тэсэрч дэлбэрч болзошгүй төрөл бүрийн салютуудыг гар дээрээс худалдаалахыг хоригложээ. Нарантуул захын энд тэнд архи уун, ухаанаа алдан хэвтэж байдаг архичид ч харагдсангүй.
Энэ өдөр үйлчлүүлсэн иргэдийн талаас илүү хувь нь хүнсний захаар өргөн үйлчүүлж байлаа. Мэдээж энэ нь баярын ширээгээ засах бэлтгэлээ хангаж байгаа дүр зураг юм. Харин жижиглэнгийн бараанаас гүйлгээгээтэй байгаа нь тор байлаа. Захад орсон хүн болгон хэд хэдэн тортой юм авч гарч байсантай холбоотой байх.
Тус худалдааны төвийн хүнсний бараа бүтээгдэхүүн бусад худалдааны төвүүдээс харьцангуй хямд байгаа нь ажиглагдсан. Шинэ жилийн гол идээ болох бялуу 5500-15000 төгрөгийн хооронд байна. Хүнсний захад оронгуут бяцхан үрсийн нүдийг булаах боож ороосон янз бүрийн бэлэгнүүд 1000-4000 төгрөгийн хооронд зарагдаж байх юм. Хүмүүс ч үүнийг таалан авч байх нь анзаарагдлаа.
Хөл хөдөлгөөн бага болоод ч тэр үү Нарантуулын нэг өдрийн амьдрал нэг иймэрхүү өнгөрч байна. Энэ захын худалдаа эрхлэгчид зургаан цагтай уралдан лангуугаа хааж, бараагаа хурааж эхснээр миний энэ өдрийн “томилолт” өндөрлөсөн юм. Ийнхүү манай улсын хамгийн том захын нэг өдөр энэ л маягаар өндөрлөдөг аж. Маргааш өглөө дахиад л хүн, машины хөлд зах дарагдах нь тэр.
Ө.Бота
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: