Энэ улсад чинь томуугийн тахал нүүрлэчихээд байгааг мэдэж байгаа хүн байна уу
Шинэ жилийн баяраар эцэг эхчүүд хүүхдээ дагуулан гадуур их “тэнэсэн”, айл их “хэссэн” учраас ханиад, томуу огцом нэмэгдлээ гэх утгатай мэдэгдлийг хийж байх зуураа Эрүүл мэндийн яам “гахайн ханиад” нэрээр монголчуудтай танилцсан халдварт өвчин дахин дэгдсэнийг баталлаа. 2009 онд анх гахайн ханиад манай улсад гарснаас хэд хэдэн хүн нас барж, хурдацтай тархаж байсан. Хүнээс хүнд амьсгалын замаар болон ахуйн байдлаар халддаг уг вирус өнөөдөр жирийн нэгэн томуу шиг болтлоо манайд “нутагшжээ”.
Хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн үүдэнд урт дараалал үүсгэн зогсоно. Бага насны хүүхдүүд бүгд л цор цор ханиалгаж байлаа. Цээж нь хэржигнэн дуугарч, цэртэй ханиалгаж буй тэд өөрийн эрхгүй уйлна, цаанаа л нэг зовиуртай. Ээж, аавынхаа энгэрт наалдана. Харахад нүд хальтрам. Энэ дүр төрх улсын болон хувийн эмнэлгүүдэд ялгаагүй байв. Гэхдээ өвлийн өвөлд Улаанбаатарын эмнэлгүүдэд харагддаг энэ дүр төрхийг хэвийн мэт хүлээж авдаг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар сүүлийн хэдэн жил дорвитой арга хэмжээ авсангүй. “хүүхдийн ор нэмж тавилаа”, “эмч нарыг уртасгасан цагаар ажиллуулж байна” гэхээс өөр шийдэл гаргадаггүй дүлий төрдөө хүүхэд, нялхсынхаа өмнөөс гомдоод байх юм.
Яармагт байрлах Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт очив. Хүүхдүүд өвчиндөө зовиурлаж, аргаа барсан эцэг эхчүүд дэмий л шаналж, ачаалалдаа дарагдсан эмч нар бухимдсан дүр төрх биднийг угтлаа. Эцэг эхчүүд “Хүүхэд өндөр халуураад, амьсгаа нь боогдчих гээд их хэцүү ирсэн. Гэхдээ эмнэлэгт ирээд ч нэмэр алга. Харин ч газраар хэвтэж, олон хүүхдүүд, эцэг эхчүүдийн уйлаан майлаан, дуу чимээнд тавгүй байна. Эмнэлэгт байгаа учраас аргагүйдэхэд эмч нарын хажууд юмдаа л гэж бодох юм” хэмээн ярина. Нэг ой гарантай охиноо сахин хэвтэж буй өөр нэгэн ээж “Хүүхэд маань өндөр халуураад, амьсгаа нь боогдчих гээд их хэцүү байна. Ханиад тусаад шууд л хатгаа болсон. Эмнэлэгт ирэхэд ор байхгүй, коридорт л охиноо сахиад хэвтэж байна” гэсэн юм.
• Хүнээс хүнд амьсгалын замаар болон ахуйн байдлаар халддаг уг вирус өнөөдөр жирийн нэгэн томуу шиг болтлоо манайд “нутагшжээ”.
• Хүүхдүүд өвчиндөө зовиурлаж, аргаа барсан эцэг эхчүүд дэмий л шаналж, ачаалалдаа дарагдсан эмч нар бухимдсан дүр төрх биднийг угтлаа.
• Шинээр мэндэлсэн хүүхдүүдээ, өндөр настай, дархлаа султай хүмүүс яах болж байна. Нийт өвчлөгсдийн 35 хувь нь 0-1 нас, 27 хувь нь 2-4 насны нялх балчрууд байна шүү дээ.
Хамгийн аюултай нь гахайн ханиад буюу H1N1 жил бүр шинж чанараа өөрчлөх болсон учраас эмчлэх арга зүйг ч тухай бүрт нь шинэчлэн боловсруулж байх шаардлага тулгардаг. Мөн хүмүүст энэ төрлийн вирусын дархлаа суугаагүй учраас монголын нялхас, багачууд жилийн жилд л олноороо өвдсөөр. Гэвч манай бодлого тодорхойлогчдын урьдчилан сэргийлж буй ганц арга нь ид хүйтнээр сурагчдыг амраах. Мөн ч ядарсан арга, зүдэрсэн зохицуулалт гэдгийн баталгаа нь өнөөдөр эмнэлгийн ор байтугай шалаар нь зулж хэвтээд ч багтахаа байсан бага насны хүүхдүүдийн өвчлөлийн тоо.
Харин ЭМЯ “Он гарснаас хойш а хүрээний вирусүүд буюу H1N1, H3N2 зэрэг улирлын томуу гарч эхэлсэн. Энэ нь томуу, томуу төст өвчнийг бодвол хүндрэл ихтэй, бага насны хүүхдүүд уушгины хатгалгаа амархан хүрэх эрсдэлтэй” хэмээн мэдээлэв. Монголд дэгдсэнээсээ хойш гурван жилийн хугацаанд 30 хүний амь насыг авч одсон энэ вирусын талаар ингэж хэнэггүй ярьж, хойрго хандаж болно гэж үү.
Салбарын яамны эвэртэн, туурайтан ингэж ярьдаг юм байж, харин мэргэжлийн эмч мэргэжилтнүүд H1N1 вирусын дэгдэлтийн талаар ямар байр суурьтай байгааг нь тодруулахаар ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаатай холбогдон дараах тодруулгыг авлаа.
-Он гарснаас хойш Томуугийн А хүрээний (H1N1, H3N2) вирус нэмэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ вирус олон жилийн өмнө гарч байсан гахайн ханиад мөн үү?
-Тийм ээ. 2009 оноос хойш жил бүр гардаг ханиадны дэгдэлт. Томуугийн хүрээний вирус буюу гахайн ханиадны тохиолдол манай улсад анх 2009 онд гарч байсан. Тэр үед шинэ төрлийн вирус байлаа. Тухайн үед дархлаагүй байсан хүмүүс илүү хүндээр тусч олноороо халдварт өртөж, нас барж байсан. Гахайн ханиадны цар тахал нь 20-30 жилд нэг удаа гардаг. Манай улсын хувьд 10 жилийн турш дэгдэлт нь гарч байна. Сүүлийн үед улирлын томуу гэж нэрлэх болсон. хүйтний эрч чангарч байгаа болохоор жил бүр дэгдэлт гараад байгаа.
-Бусад вируснээс юугаараа ялгарах вэ?
-А вирус нь хувьсаж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг хувьсамтгай чанартай. Улирлын томуугийн дэгдэлт үүсгэдэг. Бага насны хүүхдүүдийг хүнд өвчлүүлдэг вирус болох нь эмнэлгүүдээс авч буй шинжилгээгээр илэрсэн.
-Томуугийн вакцин хийлгэсэн тохиолдолд а хүрээний вирусээс хамгаалж чадах уу?
-Вакцин хийлгэлээ гээд 100 хувь ханиад хүрэхгүй гэсэн үг биш. Энэ жилийн томуугийн вакцины найрлаганд H1N1 болон H3N2 орсон. Вакцин хийлгэсэн болон өмнө нь улирлын томуу тусч байсан хүн өвдөх магадлал бага. Өвдсөн тохиолдолд хөнгөн өвдөнө. Харин вакцин хийлгээгүй, улирлын томуу тусч байгаагүй хүн хүнд өвдөх эрсдэлтэй.
Вакцин хийлгээгүй, улирлын томуу тусаагүй хүн хүнд өвдөх эрсдэлтэй
Шинээр мэндэлсэн хүүхдүүдээ, өндөр настай, дархлаа султай хүмүүс яах болж байна.
Нийт өвчлөгсдийн 35 хувь нь 0-1 нас, 27 хувь нь 2-4 насны нялх балчрууд байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн нийслэлийн эмнэлгүүдэд 1700 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. “Энэ вирусээр нэг удаа өвдөг. дараа нь дархлаа сууна” гээд зүгээр хараад суух уу. Ер нь энэ улсад чинь гахайн ханиадны тахал нүүрлэчхиээд байгааг мэдэж байгаа хүн байна уу. Эцэстээ энэ бүх өвчлөл, ханиад аюулын харанга болтлоо даамжирна гэдэг эмнэлгүүд нь хүрэлцдэггүй, эмчилгээ бүрэн хийгддэггүй, дээрээс нь агаарын бохирдолтой л холбоотой.
Г.Санжааханд
Засгийн газрын мэдээ
URL: