2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширна

5c35686a3d760

Дэлхийн эдийн засагт тулгарах эрсдэл нэмэгдэж, эдийн засгийн өсөлт улам удаашрах төлөвтэй байгаа тухай Дэлхийн банкнаас мягмар гарагт гаргасан Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд мэдээлэв.

Өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3 хувь байсан бол энэхүү үзүүлэлт нь 2019 онд 2.9, 2020 онд 2.8 хувьд хүрэх төлөвтэй байгаа ажээ.

Эдийн засгийн өсөлт удаашрах үзэгдэл нь АНУ, Евро бүсийн улсууд болон Япон зэрэг оронд хүчтэй ажиглагдах ажээ. АНУ-ын эдийн засгийн өсөлт 2018 онд 2.9 хувь байсан бол 2021 он гэхэд уг үзүүлэлт ойролцоогоор хоёр дахин буурч, 1.6 хувьд хүрч магадгүй байна.

2021 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6 хувь байх төлөвтэй байгаа нь өндөр үзүүлэлт хэдий ч 1980-2010 оны үед тус улсын эдийн засгийн өсөлтийн дундаж хувь 10 байсантай харьцуулж үзэхэд өсөлтийн хурдад өөрчлөлт орох нь харагдаж байна.

Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2019 онд 4.2 хувь байх төлөвтэй байгааг өнгөрсөн оны зургадугаар сарын урьдчилсан таамаглалтай харьцуулахад 0.5 хувиар буурсан байна. Мөн хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт 2018 онд 2.2 хувьтай тэнцэж байсан бол энэ онд 2 хувьд хүрэх төлөвтэй байна.

Дэлхийн эдийн засагт тулгамдах томоохон эрсдүүдийн нэг нь АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны өнгөрсөн онд тус тусын олон тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулсан нь дэлхийн худалдааны 2.5 хувьд нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн нэмэлт татвар дахин ногдуулахгүй байх талаар зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд энэ үзүүлэлт цаашид хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах нь аж үйлдвэрийн түүхий эд экспортлогч, хөгжиж буй орнуудын хувьд томоохон асуудал болох бөгөөд БНХАУ нь түүхий эдийн бүтээгдэхүүн худалдан авагч томоохон орнуудын нэгд зүй ёсоор тооцогддог билээ.

“АНУ-БНХАУ-ын худалдаа нь дэлхийн худалдааны 20 хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцдэг бөгөөд тус хоёр улсын эдийн засгийн өөрчлөлт нь дэлхий даяар нөлөөлөх болно” гэж Дэлхийн банкны эдийн засагч Франциска Онсорге хэлжээ.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих