Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлжээ. Энэ хүрээнд томоохон худалдааны төв, орон нутгийн авто замуудад хяналт тавьж ажиллахаас гадна хулгайн гэмт хэргийг таслан зогсооход ихээхэн анхаарч ажиллах юм байна. Нийт гэмт хэргийн 40 орчим хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг учраас үүнийг таслан зогсоох чиглэлээр цагдаагийн байгууллагаас тасралтгүй арга хэмжээ явуулжээ. Энэ талаар Мөрдөн байцаах албаны хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа Б.Энхбат, Эрүүгийн цагдаагийн газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаа- гийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар болон ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү нар дараах мэдээллийг өглөө.
ХОЁР ЖОЛООЧ НАС БАРЖ, 31 ЗОРЧИГЧ БЭРТЭЖ, ГЭМТСЭН БАЙНА
Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус энэ сарын 8-ны 06.00 цагт осолдож, хоёр жолооч газар дээрээ нас барж, 31 зорчигч бэртэж, гэмтсэн. Орон нутгийн цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг явуулж, бэртэж гэмтсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Иргэд орон нутаг руу зорчихдоо хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлах, зорчигч тээврийн автобусны жолооч нар ээлжээр солигдож, сайн амарч явахыг анхаарууллаа. Тээврийн цагдаагийн албанаас орон нутгийн зам дагуу хурд хэмжигч, байнгын ажиллагаатай постууд ажиллуулж эхэлжээ.
ДЭЭРЭМДҮҮЛСЭН ИРГЭН ОСГОЖ АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд осгож амь насаа алдсан байдалтай хүний цогцос олжээ. Цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэгхийж, задлан шинжилгээнд оруулснаар гаднын нөлөөтэй амь насаа алдсаныг шинжилгээгээр тогтоосон байна. Хэргийг тодруулбал, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд энэ сарын 6-ны 23.00 цагийн орчимд “Баянгол дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн XIV гудамжид хүн ухаангүй хэвтэж байна” гэсэн дуудлага ирүүлжээ. Энэ дагуу холбогдох алба хаагчид ажиллаж Төв аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай А гаднын нөлөөтэй нас барсныг тогтоосон бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн 28 настай Е-г 24 цагийн дотор баривчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээд Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг бөгөөд хохирогчийг дээрэмдэх зорилгоор хоолойг нь боож, утсыг нь авч зугтсан байна.
“ХЭРЭГТ АЧ ХОЛБОГДОЛТОЙ НОТЛОХ БАРИМТ БАЙВАЛ ШАЛГУУЛАХ БОЛОМЖТОЙ”
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчид зарим хэргийн талаар тодрууллаа. Тухайлбал, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн олон нийтэд мэдээлэл хийж, хэрэг гарах үед өмссөн байсан цамцыг нь сольсон талаар ярьсан. Үүнд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хариулт өглөө. Тэрбээр “Хэргийн газарт хийсэн үзлэгийн дараа хохирогчийн эд зүйл өөрчлөгдсөн эсвэл солигдсон зүйл байхгүй. Хэргийг шалгах үйл явц дуусаагүй байхад элдэв таамаг, худал мэдээлэл гаргахгүй байхыг хүсье. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор хяналт тавьдаг. Үүнд ямар нэгэн төрийн бус байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж дууссаны дараа хэргийг прокурорт шилжүүлнэ. Хэргийг удаашруулсан, замхруулах гэсэн зүйл байхгүй. Хэрэгт хөндлөнгөөс саад учруулах гэсэн буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг анхааруулж байна. Хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байвал Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст мэдээллээ хүргүүлээд шалгуулах боломжтой. Хохирогчдын зүгээс тавьж байгаа санал хүсэлтийг цагдаагийн байгууллага хүлээн авч, шалгаж байгаа. Сүүлд нэмэлт шинжилгээ томилсон, удахгүй дүгнэлт нь гарна” гэлээ.
“Үлэг гүрвэлийн яс зарна” гэсэн зарын дагуу Эрүүгийн цагдаагийн алба хаагчид ажиллаж, 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн ясыг Улаанбаатар хотын болон Өмнөговь аймгийн иргэнд худалдан борлуулах гэж байсныг илрүүлжээ. Урьдчилсан байдлаар 80 сая жилийн өмнөх олдвор гэж үзсэн бөгөөд одоогийн Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгч, шинжилгээ хийлгүүлж байгаа аж. Мөн энэ сарын 6-нд бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан. Тухайн этгээд нэр хаяг, зургаа өөрчилж, хохирогчтой фэйсбүүкээр танилцан хүчирхийлжээ. Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ хараа хяналт сайн тавихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж, цахим гэмт хэрэгтэй тэмцэх аяныг үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.
C.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин