Ш.Гомбодорж: Уралдахаар зорьсон бол хэн ч биш битгий бай
Шархүүгийн Гомбодоржийг авто спорт сонирхогчид андахгүй. Д.Болдбаатар тэр хоёр өрсөлдөгч болж уралдаагүй тэмцээн сонирхолгүй гэдэг яриа ч оргүй биш. Хүүхэд байхаасаа аавыгаа дагаж тээвэрт явсаар авто машины хорхойтой болж, ахынхаа “ятгалгаар” авто спортын тамирчин болсон аваргатай ярилцахад тун сонирхолтой. Түүний аав Монгол Улсын гавьяат тээвэрчин. У.Шархүү гуайнх найман хүүхэдтэй. Тэдний гурав нь ОУХМ, хоёр нь спортын мастер цолтой. Эгч нь гавьяат дасгалжуулагч, ОУХМ Ш.Цэвэлмаа. Харин эмэгтэй дүү нь самбо бөхөөр дэлхийн аварга болж байсан ОУХМ Ш.Пагмадулам. Дүү нь боксын тамирчин, спортын мастер Ш.Ганзориг. Харин том ах нь ОУХМ Ш.Гансүх. Авто мастеруудын холбооноос зохион байгуулагддаг мастер крос уралдаанд 28 удаа түрүүлж “босоо” хэмээн алдаршсан түүнтэй алдарт Дакар-2019 тэмцээн эхлэх үеэр ярилцлаа.
Эр зоригийн спорт ч гэлээ авьяасгүй бол явахгүй
Өрсөлдөгчөө гүйцэх юмсан гэж улайрахаас илүү тактик боловсруулж уралд
Авто спортод мэдрэмж, ур чадвар, сэтгэлзүй чухал
Авто спортын ертөнц ямар ч хүнийг өөртөө соронз мэт татаж чаддаг
-Авто, мото спортын ертөнцийг доргиодог тэмцээн бол Дакар ралли. Монголын тамирчид энэ тэмцээнд оролцохоор Перуг зорьсон. Яг өнөөдөр Дакар эхэлж байна. Та ч бас энэ тэмцээнийг алгасалгүй үздэг тамирчдын нэг?
-Юуны өмнө Дакарт уралдаж буй Монголынхоо тамирчдад амжилт хүсье. Авто спорт миний хобби. Энэ спорттой хувь заяагаа холбоод олон жил болж байна. Алдарт Дакар раллид монголоос гурван тамирчин оролцож байгаа. Мотоциклийн төрөлд оролцох Н.Лхамаа автомашин, мотоциклийн аль аль төрөлд уралддаг туршлагатай тамирчин. Энэ удаа манай тамирчид алзахгүй, амжилттай уралдана гэж бодож байгаа. Өмнө нь Дакарт оролцож байсан болохоор бүгдэд нь туршлага бий. Мэдээж миний хувьд тэмцээн эхлэхийг сэтгэл догдлон хүлээж суулаа. Зөвхөн би гэлтгүй спорт сонирхогчид Дакарыг догдолж үздэг юм шүү дээ. Авто спортын ертөнц тэр чигээрээ адал явдлаар дүүрэн байдаг болохоор ямар ч хүнийг өөртөө соронз мэт татаж чаддаг.
-Мастер кроссын УАЗ ангилалд 28 удаа түрүүлсэн аварга гэдгээр чинь спорт сонирхогчид сайн мэддэг хэрнээ авто спортын ертөнц рүү анх хөтөлж оруулсан хүн төрсөн ахыг чинь гэдгийг хүмүүс мэддэггүй?
-Авто спортод хөл тавьсан миний түүх их сонин. Энэ спортоор хичээллэдэг ихэнх тамирчид авто спортын тэмцээн уралдааныг шимтэж үзсээр байгаад сонирхож орсон байдаг. Харин би эхэндээ огт сонирхдоггүй байв. 2004 оны хавар ах маань нэг өдөр Дархан хотод авто спорт сонирхогчдын тэмцээн болно, чи орооч, ах нь чамд машинаа өгье” гэхэд нь “Өө би уралдаж чадахгүй. Тэгээд ч машин тэрэг барьж сураагүй юм чинь” гэж хариулж билээ. Ах маань санал болгосон болохоор анх удаа уралдаж үзсэн ч техникт саатал гарч тэмцээнийг орхиж байлаа.
ОУХМ Ш. Гансүх түүний төрсөн ах
Ах маань намайг уралд гэж урам хайрлаж машинаа бэлэглэж байв
Тэр үед миний уралдахыг ОУХМ Ж.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэбилэг ах, С.Эрдэнэчулуун, Х.Ганхүү гээд туршлагатай тамирчид хараад ахад маань “Чи дүүгээ хойшид уралдуул. Амжилттай уралдахаар шинжтэй байна” гэж хэлсэн гэдэг. Тэр тэмцээний дараа ах маань намайг уралд гэж урам хайрлаж машинаа бэлэглэж байв. Тамирчин хүн уралдах автомашиндаа чамгүй үнэ хөлс зарцуулдаг бол би нэг ч төгрөг зарцуулалгүйгээр ахынхаа машинаар уралдсан.Түүнээс хойш намар есдүгээр сард болсон тэмцээнд уралдаж анхныхаа тамирчин болох гарааг хийсэн.
-Таны ах Ш.Гансүх мастерийн хүү Бат-Эрдэнэ бас уралддаг. Ингэхэд ах дүүс, гэр бүлээрээ уралдахын давуу тал байдаг уу?
-Ах бид хоёрын уралдахыг харсаар байгаад Бат-Эрдэнэ энэ спорт руу өөрийн эрхгүй дурлаж хөл тавьсан. Мастер кросс цуврал тэмцээнд түрүүлээгүй ч чамлахааргүй амжилт гаргаж яваа. Мөнгө, хүрэл медаль хүртэж, айргын тавд багтдаг тамирчдын нэг болсон.
Аварга шиг аварга болно гэж 68 дугаарыг сонгож уралдсан
Шагналын тавцан дээр зогсч байхдаа “Зорьсон зорилгодоо хүрлээ” гээд баярын нулимс унагасан
Д.Болдбаатар тэр хоёр өрсөлдөгч болж уралдаагүй тэмцээн сонирхолгүй гэдэг яриа ч оргүй биш
-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч ОУХМ Д.Болдбаатар. Аваргууд уралдааны замд өрсөлдөгч ч амьдрал дээр сайхан найзууд байх үе бишгүй л байдаг даа?
-Д.Болдбаатар яах аргагүй миний хамгийн хүчтэй өрсөлдөгч. Болдоо намайг дөнгөж уралдаж эхлэхэд олон түрүү авчихсан олны танил тамирчин болчихсон байв. Яг л Б.Бат-Эрдэнэ аварга шиг завсаргүй дандаа түрүүлдэг байлаа. 2006 онд Монголын авто мастерүүдийн анхны тэмцээн болоход би анх удаа түрүүлсэн юм. Түүнээс хойш хоёулаа олон ч айраг түрүү, алт мөнгөн медалийн төлөө их өрсөлдсөн. Тэмцээнд гараанаас гарч өрсөлдөгч болж урд хойноо орж уралдахдаа бид нэгнээ мөргөж, машинаа сэвтээж үзээгүй тамирчид. Би ч Болдбаатарыг хүндэлж уралддаг, Болдоо ч мөн намайг хүндэлж уралддаг. Чадвартай, туршлагатай тамирчны өрсөлдөгч байж чадсанаараа би сайн уралдаж сурсан.
Тамирчин хүн сайн өрсөлдөгчтэй байхад өөрийгөө хөгжүүлж чаддаг
Тамирчин хүн сайн өрсөлдөгчтэй байхад өөрийгөө хөгжүүлж чаддаг юм. Бидэнд тэмцээн уралдаанд нэгнээсээ суралцах зүйл зөндөө. Харин амьдрал дээр энгийн сайхан нөхөрлөдөг андууд. Болдбаатарын аав Д.Дамдинхорлоо гуай манай аав хоёр нэг машинд суучихсан “Хэн нь ч түрүүлсэн яахав. Хоёр хүү саадгүй сайхан уралдаасай” гэж ерөөгөөд уралдаан үзэж байсан удаа олон. Д.Дамдинхорлоо гуай намайг үнсээд “За хүү минь сайн уралдаарай” гэж амжилт хүсээд уралдааны замд гаргасан удаа цөөнгүй.Хүүгийнхээ өрсөлдөгч гэж бодохгүйгээр намайг хүндэлж тэмцээнд гаргадагт нь би их баярлаж явдаг. Авто спортод авьяас, мэдрэмж, ур чадвар, сэтгэлзүй чухал. Хэдийгээр эр зоригийн спорт ч авьяас байхгүй бол явахгүй.
-Мастер кросс уралдаан үзэгчдийн нүдэн дээр шударга өрсөлддөг тэмцээн. Спорт сонирхогчдоос гэнэтийн бэлэг, спрприз энэ тэмцээн дээр ирж харагддаг. Таныг олон удаа түрүүлэхэд фэнүүдээс чинь лав ийм бэлэг ирсэн байж таарна. 68 дугаар танд олон түрүү авчирсан. Энэ тоо их учиртай биз?
-Мастер кросс уралдааныг маш олон хүн сонирхож үздэг. Авто спортын үзэгчдэд насны хязгаар гэж байдаггүй. Найман настай хүүхдээс наян настай буурал хүртэл сонирхож ирээд үздэг. Надад спорт сонирхогчдоос урам хайрласан олон бэлэг ирдэг. Тэр дундаас нэг тэмцээн сэтгэлд мартагдахааргүй дурсамж болж тод үлдсэн. 2013 онд болсон тэмцээнийг сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж зорьж ирж үзсэн юм. Яг тэр тэмцээн дээр би уралдаад түрүүлж таарсан.
2013 онд болсон тэмцээнийг сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж зорьж ирж үзсэн
Авто спортын үзэгчдэд насны хязгаар гэж байдаггүй
Аварга маань эхний гурван байрт шалгарсан тамирчдад тус бүр 1000 доллараар шагнаж урамшуулсан юм. Миний хувьд монгол түмнийхээ хайрлаж хүндэлдэг аваргаас тийм бэлэг авсандаа бэлгэшээдэг юм. Намайг анх энэ спортод орох үед Дагваа аварга Японд ид шуугиулж байлаа. Тэгээд л аварга шиг аварга болно гэж бодож 68 дугаарыг сонгож уралдсан.
Аварга эхний гурван байрт шалгарсан тамирчдад тус бүр 1000 доллараар шагнаж урамшуулсан юм
-Таны гэр бүл спорттой салшгүй холбоотой. Нэг айлын хүүхдүүд спортод ингэж амжилт гаргана гэдэг ховор тохиол шүү?
-Тийм ээ, манай гэр бүл спортлог. Ах, бид хоёр авто спортын тамирчин. Жүдо бөхийн ОУХМ, гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа миний төрсөн эгч. Эрэгтэй дүү маань боксын спортоор хичээллэдэг, спортын дэд мастер цолтой. Мөн дүү ОУХМ Ш.Пагмадулам самбо, жүдо бөхийн тамирчин. Залуудаа Т.Эрдэнэ-тод гавьяаттай ид үздэг тамирчин байв. Манайх наймуулаа өссөн өнөр гэр бүл. Нэг айлын хүүхдүүдээс тав нь спортын гурван төрөлд амжилт гаргасан. Ер нь ингэж спортоор амьсгалсан гэр бүл нээрээ ховор байх шүү.
Намайг өөрчилж чадсан хүн бол Д.Болдбаатар аварга
Ц.Жаргалсайхан ах “Д.Болдбаатарыг гүйцэх тамирчин бэлтгэмээр байна” гэв
Тэмцээнд өрсөлдөгч ч гэлээ бид амьдрал дээр энгийн сайхан нөхөрлөдөг андууд
-Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа түс тас үгтэй, шударга зантай. Эгчдээ хааяа магтуулж, шүүмжлүүлдэг л байлгүй?
-Миний уралдах тэмцээнийг эгч ирж үздэг. Дасгалжуулагч болохоор тамирчин хүнд ямар зөвлөгөө өгөхөө сайн мэддэг. Надад “За миний дүү гараандаа гарахдаа тайван байгаарай. Чи тайван байж л уралдаанд амжилт гаргана. Хүний өөрийгөө, тэр дундаа сэтгэлзүйгээ ялж байж сайн тамирчин болдог. Хэт их шатаж битгий уралдаарай, олон тэмцээн чамайг хүлээж байгаа шүү” гэж зөвлөдөг юм. Энгийн үед ч гэсэн эгч “Чи арай шуналтай давхиад байна. Үүнийгээ л түрүүлж зас” гэж хэлдэг.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа
Миний сэтгэлзүйн багш эгч минь
Миний авто спортын анхны багш ах маань, харин сэтгэлзүйн багш эгч минь. Автомашиныг маань уралдаанд бэлтгэж, явалтын техникийг зааж өгсөн хүн ОУХМ Ц.Жаргалсайхан ах. Одоо АНУ-д ажиллаж амьдарч буй. Надад “УАЗ-469” машиныг хэрхэн эзэмших тал дээр “А” үсэг заасан багш. Намайг уралдаанаас анх олж харсан юм билээ. Алс хол байгаа хэрнээ миний уралдааны талаар байнга чих тавьдаг. Түрүүлбэл “Шавь маань сайн байлаа, баярлалаа” гээд ярина. Сүүлийн үед “Чи уралдаанд яагаад бага оролцоод байна вэ” гэж их асууж байгаа. Анхны түрүү маань миний амжилтын эхлэл болсон гэж боддог. Тэр тэмцээний дараа Ц.Жаргалсайхан ах “Д.Болдбаатарыг гүйцэх тамирчин бэлтгэмээр байна. Ах нь чиний машиныг янзалж өгье” гэв. Ингэж л түүний шавь нь болж байлаа.
Тухайн тамирчныг ялахын тулд өөр тактик хэрэглэж, явалтын техникээ ч өөрчлөх хэрэгтэй
Чадвартай, туршлагатай тамирчны өрсөлдөгч байж чадсанаараа би сайн уралдаж сурсан
-Шавь нар чинь цахиур хагалаад эхэллээ. Та ч сайн зөвлөдөг бололтой?
-Би шавь нартаа машин техник бэлд гэхээсээ илүү явалтын техникээ сайжруул гэж зөвлөдөг. Спортын ямар ч төрөл цэвэр өрсөлдөөн дунд хөгждөг. Тиймээс өрсөлдөгч тамирчныхаа явалтын техникийг сайн мэдэрч уралдах хэрэгтэй. Уралдааны бичлэг үзээд өрсөлдөгчөөсөө суралцах зүйл байвал сайн хар. Тухайн тамирчныг ялахын тулд өөр тактик хэрэглэж, явалтын техникээ ч өөрчлөх хэрэгтэй. Намайг ингэж өөрчилж чадсан хүн бол Д.Болдбаатар аварга. Тамирчин хүн өрсөлдөгчөө маш сайн судалж байж амжилт гаргана. Зөвхөн шавь нар гэлтгүй уралддаг залууст “Та нар техникээ эхлээд засаж янзал, дараа нь явалтын техникээ сайжруул, сургуулилалтаас гадна биеийн болоод сэтгэлзүйн бэлтгэлээ сайн базаа” гэж хэлдэг юм. Авто спортын ертөнцөд эргэж буцахгүйгээр хөл тавьсан бол хэзээ нэгэн цагт хүзүүнээсээ медаль зүүх ёстой. Уралдахаар зорьсон бол хэн ч биш битгий бай” гэж хэлдэг юм.
-Өөрийнхөө уралдаж түрүүлсэн цомоос шавь нартаа бэлэглэдэг гэж сонссон, үнэн үү? Үүнийг чинь урам өгсөн сэтгэлийн бэлэг гэж ойлгож болох л юм?
-Тийм ээ. 02 дугаартай уралддаг Д.Батзориг, 29 дугаартай Д.Эрхэмбаатар, 33 дугаартай М.Энхболд, 66 дугаартай Б.Дашдаваа миний шавь нар. Шавь нараас Батзориг маань түрүүлэхэд нэг л алхам дутаад байлаа. Сар шинээр надтай золгохоор ирэхэд нь би Дархан зохиогдсон тэмцээнд түрүүлээд авч байсан цомоо бэлэглэсэн. “Миний дүүд уралдааны шагналын өнгө жаахан дутаж байна. Одоо сайн хичээвэл чи амжилт гарганаа” гээд хэлж байлаа. Мөн отгон шавь М.Энхболдод авто спортын уралдаанд чамгүй хүч хөдөлмөр гаргаж байж авсан нэг цомоо бэлэглэсэн. Намайг хүндэлж шавь болъё гээд зорьж ирсэн залууст би сэтгэлээсээ хандаж, урам зориг төрүүлэхийг боддог.
Надад шавь болъё гээд зорьж ирсэн залууст урам зориг төрүүлэхийг боддог
Өөрийгөө хүндлүүлэхийн тулд өрсөлдөгчөө хүндлэх хэрэгтэй
Livetv.mn-ийн “Цайны цагийн зочин”-оор уригдав. Зочин хөтлөгч Г.Ариунтуяа
Авто спортынхны дунд “Цэвэр уралд” гэдэг үг байдаг
-28 удаа түрүүлсэн Ш.Гомбодорж аваргын фэнүүдэд одоогоор хүлээлт үүсчихээд л байгаа. Аваргаа, авто спортын ертөнцөд эргэж ирэхээ хэзээ зарлах вэ?
-Авто спортод хөл тавиад 15 жилийн нүүр үзэж байна. Би огт уралдаагүй биш шүү дээ. Өнгөрсөн жил болсон ихэнх тэмцээнд оролцсон. Тамирчин хүний ид иртэй үе гэж байдаг. Одоо ч миний уралдах эрч хүч хэвээрээ. Гэхдээ надад хөөцөлдөж амжуулах ажил байсан тул спортоо түр хойш тавьсан. Тиймээс залуус аа, 2019 оны тавдугаар сард зохиогдох мастер кросст уралдаж уулзацгаая.
-Залуус энэ спортыг их сонирхдог. Авто спортын тамирчин ямар байх ёстой вэ?
-Авто спорт техникийн спорт. Уралдааны явцад тамирчид хоорондоо шүргэж, мөргөлдөх асуудал их гардаг. Тамирчин хүн өрсөлдөгчөө хүндэлж байж хүндлэлийг эргээд хүртэнэ. Уралдаан хэдий өрсөлдөөнтэй ч гэлээ тамирчин хүнд баримтлах ёс зүй, зарчим, соёл гэж байх ёстой. Өөрийгөө хүндлүүлэхийн тулд өрсөлдөгчөө хүндлэх хэрэгтэй. Авто спортынхны дунд “Цэвэр уралд” гэдэг үг байдаг. Үзэгчид хүртэл тамирчдын уралдааныг харахаас гадна хэр ёсзүйтэй хүн бэ гэдгийг давхар харж байдаг. Авто спортын тэмцээн мөргөлдөөн шүргэлдээн бага байх тусмаа сонирхолтой болдог. Өөрийгөө дайчилж, өрсөлдөгчийнхөө давуу талаас нь суралцсан тамирчин л жинхэнэ тамирчин болдог.
-Утас руу чинь залгахаар “Тамирчны алдар” дуу эгшиглэдэг. Энэ дуу ямар ч насны хүнд эрч хүч өгдөг нь сайхан санагддаг?
-Тийм ээ, би ч бас энэ дуунд дуртай. Тамирчин шүү гэдгийг минь үргэлж мэдрүүлж, эрч хүч өгдөг. Утасныхаа Hi Tone дээр тавиад удаж байна.
Шилдгүүд өрсөлдөх л хамгийн амаргүй даваа байдаг
Бид олон ч айраг түрүү, алт мөнгөн медалийн төлөө их өрсөлдсөн дөө
Гараанаас хоцорч хөдөлчихвөл урдаа байгаа тамирчдыг гүйцнэ гэдэг хэцүү
-Мастер крост та ганцаараа уралддаг. Заримдаа энэ хүнд өөртэйгээ ярилцах үе гардаг байх нь гэж боддог шүү?
-Тамирчин хүн уралдааны гараан дээр гарах агшинд өөрийнхөө бүх зүйлийг хянах ёстой. Шүүгч туг өргөөд бэлэн гэсэн тохиолдолд автомашиныхаа бүх зүйлийг шалгаж, өөртөө “за энэ гараанд заавал түрүүлж гарах ёстой. Эхний өнгөнд гарч уралдаад түрүүлэх ёстой шүү” гэж хэлдэг. Би ярихаасаа илүү боддог тамирчин. Авто спортод гараа их чухал. Алдаа гаргаж гараанаас хоцорч хөдөлчихвөл урдаа байгаа тамирчдыг гүйцнэ гэдэг хэцүү. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө маш сайн дарах хэрэгтэй. Финалд шалгараад гарч ирэхэд өөдөөс 15 тамирчин уралдах гээд зогсож байдаг. Шилдгүүд өрсөлдөх л хамгийн амаргүй даваа байдаг. Манай Ганаа ахад нэг дутагдал байдаг нь анзаарагддаг юм. Би өөрт нь ч хэлдэг. Ах маань их сандарч, догдолдог. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, үүнээсээ болж заримдаа алдаа гаргана. Нэг удаа “Ганаа ах та өөртэйгээ ярьж сур. Өрсөлдөгчөө гүйцэхийн тулд тухайн тамирчны явалтаас заавал зөр. Өрсөлдөгч чинь зүүн эргэх гэж байвал зүүн талаас нь ор. Тэр тамирчин шахаад ирвэл таны тактиканд орж байна гэсэн үг. Түүнийг зүүн тийш шахуулж туг дээр хурд бага эргүүлээд өөрөө буцаж баруун гар тал руугаа алсын эргэлттэй яв. Дараагийн туг дээр та дотор талаар нь заавал хожно. Өрсөлдөгчөө гүйцэх юмсан гэж улайрахаас илүү тактик боловсруулж уралд” гэж захидаг юм.
Финалд шалгараад гарч ирэхэд өөдөөс 15 тамирчин уралдах гээд зогсож байдаг
-Чамаас үүнийг л хүсэж байлаа гээд үздэг галзуу фэнүүдтэй байх нэг талаар хэцүү санагддаг уу?
-Автомастерүүдын холбооны анхны кросс 2006 оны 12 сард болж байлаа. Тэр тэмцээнд уралдаж түрүүлсэн миний анхны түрүү хүмүүсийг их баярлуулсан. Амжилтыг минь хуваалцаж олон хүн баяр хүргэсэн. Алтан медаль хүртэж, шагналын тавцан дээр зогсч байхдаа “Зорьсон зорилгодоо хүрлээ дээ” гээд баярын нулимс унагасан. Үзэгчид ч шинэ хүн түрүүлэхийг хүсэн хүлээж байсан юм билээ. Ш.Гомбодоржоос бид үүнийг л хүсэж байлаа гээд баярлацгааж байсныг сайн санаж байна. Олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн уралдаан байсан болохоор одоо ч дурсах дуртай. Тэр тэмцээнийг Дакарт уралдаж байгаа ОУХМ Н.Лхамаа маань ивээн тэтгэж байлаа.
-Авто спортын аваргад алс хэтийн зорилго мэдээж байгаа байлгүй дээ?
-Өнгөрсөн жил ”Аваргууд“ нэртэй клуб байгууллаа. Шинэ аварга төрүүлэхийн төлөө залуу тамирчдаа дэмжинэ. Ш.Гомбодоржийг түрүү авчихлаа гэвэл одоо нэг их гайхахгүй. Харин шинэ тамирчин цойлоод гараад ирвэл мэдээж сонирхож үзнэ. Авто спортын үзэгчид бусад спортын үзэгчдээс арай өөр байдаг. Эмоцитой, сэтгэлийн догдлолтой ихтэй үздэг. Тэр дундаа шинэ хүн түрүүлбэл их баярладаг. Юутай ч шинэ онд шинэ клубээсээ шинэ аварга төрүүлэхийн төлөө хичээнээ. Авто спортын тамирчдыг мөнгөтэй, баян хүмүүс гэж боддог буруу ойлголт олны дунд байдаг. Зарим нь уйдаагаа гаргах гэж машин мөргөлдүүлж тоглодог гэж ярьдаг гэсэн. Яг үнэндээ тийм биш л дээ. Гэхдээ жил ирэх тусам үзэгчдийн хүрээ тэлж, хүлээж авдаг ойлголт нь эерэг болсоор байгаа. Үзэгчид “Хаана авхаалж самбаа шалгасан уралдаан болж байна, түүнийг л үзэж, кайф авдаг” гэж ярьдаг. Зүгээр л хар эрчээрээ давхиад ирсэн тамирчнаас хоорондоо ана мана өрсөлдөөд сүүлд орсон тамирчны уралдаан илүү сонирхолтой болдог тал бий.
Д.Болдбаатар, Ш.Гомбодорж нарын уралдаан
Үзэгчид авхаалж самбаа шалгасан уралдаан үзэж кайф авдаг
Эх Сурвалж: LiveTv.mn
URL: