Манай хот даргагүй, гэхдээ тэнгэрийн ивээлээр өвлийг өнтэй давах бололтой
Эх орны нийслэл гэдэг угаасаа улс орны гал голомт гэсэн үг. Эрэмбэ зиндаагаараа ч гэсэн улсын дараа нэрлэгдэж байдаг нь түүний эрхэмсэг чанарын илэрхийлэл юм.
Утаатай ч гэсэн Улаанбаатар маань дэлхийн улс орнуудын нийслэл хоттой ижил хэмжээнд нэрлэгдэж, улсынхаа хүн амын тэн хагас шахамыг багтааж шингээж амь амьдралыг нь авч яваа билээ. Харин Улаанбаатар маань энэ өвөл нэг л зүйлээр бусдаас ялгарч байна.
Манай хот даргагүй. Гэхдээ тэнгэр бурханы ивээлээр өвлийг өнтэй давах бололтой. Цас мөс тогтож хальтиргаа гулгаа үүссэнгүй, дулаан цахилгаан тасалдаж түргэн авахуулсангүй, амар жимэр байсаар өвлийн ихэнхийг ардаа хийлээ. Яахав дээ, ядарсан бас задарсан монголчуудыг тэнгэр нь тэтгэж, дөрвөн уул нь түшиж, цэвүүн зүгийн салхи холуур тойрч байгаа нь сайн хэрэг.
Улс төр дээд талдаа юун хотын даргатай манатай л байх шиг байна. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэж үг бий. Хотын даргын томилгоонд ч гэсэн ийм л өнгө аяс сүлэлдэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл улстөржилт.
Хотын дарга Су.Батболдын чөлөөлөгдөх өргөдлийг ёсоор болгосноос хойш бүтэн сарын хугацаа өнгөрч байна. Харин дараачийн даргыг томилох учиртай нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал асуудлаа хэлэлцэхийн оронд аахар шаахар шалтгаанаар завсарлага авч хоёронтоо хойшлуулаад байна. Тодруулбал, хотын дараачийн даргыг сонгох хурлыг анх 2018 оны 12 дугаар сарын 28-нд хийхээр товлосон ч Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар 31-ний Даваа гарагт болгож хойшлуулсан. Гэвч 31-нд товлогдсон НИТХ-ын XXI хуралдаан бас дахин цуцлагдаад байна. Шалтгаан нь он солигдох мөчид төлөөлөгчдийн албан ажил, арга хэмжээ, гадаадын томилолт давхацсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан гарсан хэмээн тайлбарлаж байгаа билээ.
Хотын дараагийн даргаар НИТХ-ын дарга С.Амарсайхан, төлөөлөгч Р.Дагва, Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбаатар нар нэрлэгдэж байв. Тэгвэл Нийслэлийн МАН-ын хорооны 15 тэргүүлэгчээс Нийслэлийн Засаг даргад өрсөлдсөн С.Амарсайханд ес, Б.Мөнхбаатарт тав, Р.Дагвад нэг санал тус тус өгч хамгийн олон буюу 63 хувийн санал авсан С.Амарсайханы нэрийг Нийслэлийн Засаг даргад нэрийг нь батламжлан МАН-ын хорооны Удирдах зөвлөлд илгээж дэмжигдээд байгаа билээ. Гэсэн хэдий ч НИТХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө шийдвэртээ 100 хувь санал нэгдэхгүй байгаа аж.
НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва “Бүлэг байр сууриа нэгтгээгүй. Тиймээс манай намын бүлэг энэ асуудалд завсарлага авна” гэдгээ мэдэгдээд буй.
Түүнчлэн хотын экс дарга С.Бат-Үүлийн үгнээс анзаарвал НИТХ дахь АН-ын бүлэг С.Амарсайханыг дэмжихгүй байх магадлал байгаа юм. Мөн МАН НИТХ-д 34 суудалтай ч хотын даргаар ажиллах хүн дээрээ тохирч чадахгүй байгаа учраас учраас ирцээ ч мөн бүрдүүлж чадахгүй байгаа гэх мэдээлэл яваад байгаа нь талаар бус бололтой. Тэгэхээр хотын даргын сонгуулийн асуудал сунжирч мэдэхээр л байна. Хотын парламент хуралдаж даргаа сонгож чадахгүй байна гэвэл инээдэмтэй бас эмгэнэлтэй сонсогдоно.
Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн томилгоо бас л улстөржих өнгө аясаар үргэлжилж байна.
Санаснаар болдогсон бол хотын даргын томилгоог улстөржүүлээд баймааргүй байгаа юм. Хот гэдэг их айл 1,3 сая орчим хүн амтай, утаа тоос, замын түгжрэл гээд юу байна, асуудал л байна. Өмнөх Засаг даргын үед боломжоороо шийдэгдээд явж байсан энэ асуудлууд одоо томилгооны хугацаа өнгөрөх тусам дундрах биш дүүрэх тийшээгээ л явна. Ийм шийдэх асуудлууд нь шил шилээ харсан хотод улстөрч даргаасаа илүүтэй аж ахуйн ажлын сайн менежер дарга хэрэгтэй.
Дашрамд өгүүлэхэд Монголын улсын нийслэлийн засаг дарга ер нь ямархуу зэрэг зиндаа статустай нь бас тодорхойгүй. Уншигч Та БНСУ, Хятадын Тайвань гэхчлэн бидний ойрын хөршүүдийн нийслэл хотын захирагч байсан нөхөд дараагийн удаад улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэд хэдэн тохиолыг анзаарсан байх. Тэгэхээр бусдын жишгээр хотын мээр бол тун зэрэг дэв өндөртэй алба байдаг байх нь.
Дэлхийн зарим улс оронд Нийслэлийн мээр нь Сайд нарынхаа танхимын гишүүн байдаг жишиг бас бий. Энэ хэрээрээ эрх мэдэл нэмэгдэж, аливаа ажил хэргийн шуурхай байдал, гүйцэтгэл хангагддаг гэж үздэг байх юм.
Түүнчлэн хотын даргаа иргэд нь шууд сонгодог улс цөөн биш бий. Хэнийг нийслэл хотынхоо даргаар ажиллуулахаа иргэд нь шийддэг энэ хэлбэр хотын даргын ажлын хараат бус байдлыг сайтар хангадаг төдийгүй, иргэдийнхээ өмнө шууд хариуцлага хүлээдэг болохоор улстөрчдийн захиа даалгаврыг биелүүлэх гэхчлэнгээр сэтгэл хоёрдох зүйлгүй ажилладаг. Өөрөөр хэлбэл зөвхөн иргэдийнхээ ажиллаж амьдрах ая тухтай, аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө л ажиллана гэсэн үг.
М.Нэргүй
URL: