ОХУ-ын иргэдийг далайн дээрэмчид хулгайлсан байж болзошгүй
Бенин улсын орчимд явж байсан хөлөг онгоц руу далайн дээрэмчид халдаж, зургаан далайчныг хулгайлжээ. Хулгайлагдсан иргэд аль улсын иргэн болохыг тогтоохоор ОХУ-ын дипломат албаныхан ажиллаж байна гэж Бенин дэх тус улсын Элчин сайдын яамнаас мэдээлжээ.
“Бид аль хэдийн Бениний Тэнгисийн цэргийн хүчний штабын даргатай холбогдож болсон явдлын талаар ярилцсан. Энэ сарын 1-ээс 2-нд шилжих шөнө хөлөг онгоц далайн дээрэмчдийн халдлагад өртсөн. Хөлөг онгоцны тавцан дээр нийт 26 хүн байсны 20 нь ОХУ-ын, дөрөв нь Украины, хоёр нь Гүржийн иргэн байсан. Далайн дээрэмчид зургаан хүнийг хулгайлсан бөгөөд аль улсын иргэд болох нь одоогоор тодорхойгүй байна” гэж Бенин дэх ОХУ-ын Элчин сайдын яамнаас ТАСС агентлагт утсаар мэдээлсэн байна.
Элчин сайдын яамныхны таамаглаж байгаагаар, халдлагад өртсөн уг хөлөг онгоц одоо Нигер улсын усан нутаг дэвсгэрт байгаа аж.
montsame.mn
URL: