А.Отгонбаатар: МАН-ыг татан буулгахгүйгээр Монголд цэвэршилт явагдахгүй
Үнэн ба Зөв намаас хэвлэлийн хурал хийлээ. Тэд МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардаж, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар:
-МАН-ын нам сонгууль бүрт дандаа гоё уриатай оролцдог. МАН 2016 онд “Иргэдээ ядуурлаас аварч эдийн засгаа хямралаас гаргаж эх орноо өрнөөс салгаж төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг монголыг цогцлооно” гэсэн ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Өнөөдөр амлалтынхаа нэгийг нь ч биелүүлээгүй. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгад манай нам хүсэлт хүргүүлж байна. “Мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй улс төрийн намыг дараагийн сонгуульд оролцуулдаггүй” байх хуулийн төсөл санаачлаач гэж хүсэлт гаргаж байна. Хэрвээ хуульд энэ заалтыг тусгавал 2012-2016 онд удирдсан АН, МАХН мөн МАН ирэх 2020 оны сонгуульд оролцохгүй байх нөхцөл бүрдэнэ. Мөн энэ олон мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй МАН ард түмний өмнө нүүрээ хийх газаргүй болсон учраас шударга ёс гэдэг шоуг хийх тохиролцоо хийсэн. Нэгнийгээ золиосонд явуулж бусад 2020 он гэхэд цэвэрлэгдлээ гэж ард түмний тархийг угаах гэж байна. Нөгөөдөр зохион байгуулах гэж байгаа Л.Оюун-Эрдэнийн жүжиг бол HERO-гийн Б.Баатарын найруулгатай том дэглэлттэй жүжиг явна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыгоо “даргаа даргаа” гээд явж байсан. Тухайн үед У.Хүрэлсүх М.Энхболдыгоо мөн пялдагдаад зогсож байсан. Гэтэл өнөөдөр энэ хүмүүс шударга ёсны төлөө гээд ярьж байгаа нь тохиролцоо. МАНАН-гийн өөрсдийгөө аврах ганц зам нь одоогийн ярьж байгаа шударга ёс нь. МАН-ыг татан буулгах асуудлыг хөндөхгүй бол өнөөдөр Монголд цэвэршилт явагдахгүй. МАН-д М.Энхболд шиг ганц муу хүн байгаа юм биш, мянган мянган муу хүн байгаа. Манай нам үнэнд ойрхон байхын тулд Ерөнхийлөгчөөс дээрх хуулийн төслийг санаачлаач гэж хүсэлт хүргүүлж байна хэмээлээ.
Тус намынхан өнөөдөр Ерөнхийлөгчид хүсэлтээ уламжлах юм байна.
Н.Энх
URL: