ЖДҮ-чидтэй тэмцэх боломжийг олгох эрүүгийн хуулийн 22.2 дахь заалтыг эргэж нэг хараач, Ерөнхийлөгч өө

712-1546916551ynzalsanУИХ-ын гишүүн Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэн яллагчаар татаж, О.Батнасан, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр нарын үйлдэл гэмт хэргийн шинж агуулж буй эсэх асуудалд хяналт тавих “боломжгүй” гэдгээ Үндсэн хуулийн Цэцээс мэдэгдсэн. Үндсэн хуулийн Цэцээс ийм тайлбар хийх хэмжээнд ажиллахад нь нэр бүхий гурван иргэний шахалт шаардлага нөлөөлсөн юм. Тодруулбал, Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар нь Үндсэн хуулийн Цэцэд хандсанаар ЖДҮ-чин гишүүдийг шалгах ажиллагаа ямар шатанд явж байгаа, тэдэнтэй ямар хариуцлага тооцож болох вэ гэдэг хуулийн гаргалгааг иргэдэд багатугай өгсөн нь энэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцээс “Урьдчилсан шалгалтын явцад УИХ-ын нэр бүхий гишүүдийн нэр дурдсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдаж байгаа эсэх лавлагааг Улсын Ерөнхий прокурорын газраас авч судалж үзлээ. Ингэхэд УИХ-ын гишүүн Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэн яллагчаар татсан, О.Батнасан, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Я.Содбаатар, А.Сүхбат, Б.Ундармаа, Н.Учрал нарын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгах ажиллагаа дуусаагүй. Харин мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгааг дурьдсан. Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлд холбогдох хэрэг, маргаан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурор, шүүхийн байгууллагад хянагдаж байгаа тохиолдолд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх нийтлэг зарчимд нийцүүлэн Цэц тухайн асуудлыг хянан шаардлагагүй болно. Энэ талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны дэгийн 3.4 дэх заалтад тусгасан байдаг. Иймд УИХ-ын нэр дурдсан гишүүдэд холбогдуулан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байх тул мэдээллийг буцааж байна” хэмээн өгүүлжээ.
Эндээс үзвэл, Үндсэн хуулийн цэцээс ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг хянаж үзэхгүй нь тодорхой болж таарах. Нөгөөтэйгүүр, 2002 оны Эрүүгийн хуулийн 22.2 дугаар зүйл ангид “Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах” гээд ЖДҮ-тэй холбогдсон гишүүдтэй хариуцлага тооцох боломжийг олгосон заалт байв. Гэвч  2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр уг заалтыг Эрүүгийн хуулиас хассан юм. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд УИХ-ын 2016 оны ээлжит  сонгуулиар гишүүнээр сонгогдсныхоо дараахан ЖДҮ-гаас зээл авахтай холбоотой түр журам гэгчийг Засгийн газраар батлуулсан байдаг. Үүний дараа нь Эрүүгийн хуулийн 22.2 дугаар зүйл заалтыг авч хаяснаараа зээл авах боломжийг өөрсдөдөө бий болгосон гэдгийг нэр бүхий хуульчид өнгөрсөн арванхоёрдугаар сард нотолгоо баримттайгаар мэдэгдсэн. Уг мэдэгдлээр бол Эрүүгийн хуулийн 22.2 дахь заалт өнөөдөр хэрэгжиж байсан бол ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүнтэй “албаны эрх нөлөөг урвуулан ашигласан” гэдэг зүйл ангиар хуулийн хариуцлага тооцох эрх бүрэн байсан гэж хэлж болно.
Дашрамд дурьдахад, хууль хяналтын байгууллагаас мэдэгдэж буйгаар ЖДҮ-тиэй холбогдсон гишүүдийн олонх нь дээрх зээлийг авахад нөлөөлөөгүй гэсэн мэдүүлэг өгснөөс гадна зээл авсан иргэд зээлээ зориулалтаар нь ашигласан гэх тайлбар өгсөн гэх мэдээлэл бий.
Ингээд 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиас эрх баригчдыг хамгаалж чадахгүй хэмээн “гологдсон” 22.2 дугаар дахь хэсгийн Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах гэсэн заалтыг бүрэн эхээр нь хүргэе.
1. Нийтийн албан хаагч өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулах зорилгоор өөрөө, эсхүл өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан, эсхүл давуу байдал олгосны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Нийтийн албан хаагчид энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн хариуд шууд, шууд бусаар давуу байдал олгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Нийтийн албан хаагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн хариуд шууд, шууд бусаар давуу байдал шаардсан, олж авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Нийтийн албан хаагч албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль бусаар оролцсоны улмаас аж ахуйн нэгжийн төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5. Энэ зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Р.Хишигжаргал

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих