Хот хоорондын автобус осолдож, хоёр хүн нас барж, 30 гаруй хүн гэмтжээ
Өнөөдөр өглөө Дорноговь аймагт зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, өнөөдөр 06.00 цагийн үед Замын-Үүдээс Улаанбаатарыг чиглэн гарсан 45 хүний суудалтай хот хоорондын автобус Замын-Үүд хот руу ордог хаалгыг мөргөсөн байна. Ослын улмаас жолооч, зорчигч хоёр нас барж, 30 гаруй хүн гэмтжээ.
Энэ талаар ТЦА-наас тодруулахад ”Автобусанд яг хэдэн хүн зорчиж байсан талаарх нарийн мэдээлэл одоогоор байхгүй байна. Жолооч болон нэг зорчигч нас барж 30 гаруй хүн гэмтсэн. Одоогоор хэргийн газарт үзлэг шалгалт хийгдэж байгаа тул ослын шалтгаан тогтоогдоогүй байна. Хурд хэтрүүлсэн үү, зүүрмэглэсэн үү, техникийн бүрэн бус уу гэдгийг шалгаж байж тогтооно” гэсэн хариулт өглөө.
Гэмтсэн хүмүүсийг Замын-Үүдийн эмнэлэгт үзлэгт оруулж байгаа бөгөөд удахгүй галт тэргээр Улаанбаатар хотод авчрахаар болжээ.
Х.Соёл-Эрдэнэ
URL: