Ж.Батзандан: 200 гэр барьж, улс төрийн суулт, өлсгөлөн зарлана
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ. Тэд оны өмнө “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал зохион байгуулсан. Тэгвэл энэ сарын 10-нд МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн жагсаалыг дахин хийхээр төлөвлөсөн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын дарга М.Энхболдыг ёсзүйн хариуцлага хүлээж, чөлөөлөгдөх хүсэлт гаргахыг шаардсан. Үүнээс хойш УИХ-ын чуулганы болон байнгын хороодын хурал хуралдахгүй өнөөдрийг хүрлээ. Нэр бүхий 40 гишүүн УИХ-ыг даргыг огцруулах шаардлага тавьсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Гэвч хуулийн үндэслэл нэхээд сууж байна. Өнөөдөр Монголд ёсзүйт, олон нийтийн шаардлагыг хэрэгжүүлдэг төр хэрэгтэй. МАНАН дэглэмийг устгая жагсаал хийсэн. Маш олон иргэд ирсэн. Харамсалтай нь МАНАН дэглэмийнхэн ард түмнээ доромжлон тохуурхаж байна.
Нэгдүгээр сарын 10-ны өдөр эсэргүүцлийн тайван жагсаал, цуглаан зохион байгуулна. 21 аймгийн төв талбайд бидний нэгдсэн тэмцэл, жагсаалыг хийнэ.
УИХ-ын гишүүн Л.Болд: Бид УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа суудлаасаа чөлөөл гэдэг шаардлага тавьж байгаа. Гэвч бул хар чулуу шиг албан тушаалдаа суусаар байна. Сүхбаатарын талбайд өвлийн хувцастай гурван мянган хүн цуглалаа гэж доромжилж байна. Бид энэ удаад жагсаалаа хийж, улс төрийн суулт хийж, шаардлагаа ялалтад хүртэл сууна. Сүхбаатарын талбайд гэр барьж, өлсгөлөн зарлахад оролцохоо мэдэгдсэн. УИХ-ын гишүүд бид улс төрийн суулт хийнэ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 2018 онд эхэлсэн тэмцэл маань 2019 онд амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. МАНАН дэглэм Манжийн хааны татвараас их татварыг, мөлжлөгийг монголчуудаас авч байна. Бид МАНАН дэглэмд сануулга өгсөн. Одоо хариуцлагатай жагсаал байх болно. Сүхбаатарын талбайд 200 гэр барьж, улс төрийн суулт, өлсгөлөн зарлана.
УИХ-ын гишүүд Л.Оюун-Эрдэнэ: Бид энэ бүлэглэлийг зогсоохоос өөр гарц байхгүй болж байна. Улс төрийн тогтвортой байдал, төслийг хэрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Харамсалтай нь ард түмнийг цагаан цаас гэж бодож, жагсаалыг мөнгөөр хийж байна гэж итгэсэн нөхцөл байдлаасаа гарахгүй байгаа учраас бид дахин жагсаал хийх гэж байна.
URL: